“Кейтеринг” зочлох үйлчилгээний хэлтсийн хамт олон “Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөрлөг”-ийг энэ сарын 11-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус өдөрлөгийг энэ жил Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын “Баганат танхим”-д хийсэн бөгөөд амталгаат үзэсгэлэн худалдаа хэлбэрээр өрнүүлсэн юм. Энэ хүрээнд тус хэлтсийн нарийн боов болон хоол бэлдцийн үйлдвэр, Улаанбаатар хэсэглэлийнхэн хамтран 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байв.
Энэ үеэр тус хэлтсийн инженер-технологич Ц.Лхамжав “Хэлтсийнхээ үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэглэгчдэд зөв хооллолтын талаарх мэдлэг мэдээлэл түгээх зорилгоор зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгийнхөө хүрээнд бид танилцуулга материал түгээхийн зэрэгцээ, баяжуулсан зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдээ дэлгэн тавиад байна. Өнгөрсөн жил бид нэг л өдөр өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн ч хэрэглэгчдийнхээ хүсэлтэд тулгуурлан дахин нэг өдрөөр сунгаж ажилласан. Орлого ч сайн олсон. Ер нь, төмөр зам дагасан зах зээл хязгаарлагдмал байдаг. Ажилчдын цайны газрууд л гэхэд 2019 оноос хойш үнэ тарифаа огт нэмээгүй. Нэмэх хэрэгцээ шаардлага зайлшгүй бий” хэмээн ярилаа.
Тус хэлтэс нь Сүхбаатараас Замын-Үүд хүртэл зургаан хэсэглэл, төмөр зам дагасан сүлжээ хоолны 32 салбар гээд нийт 293 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. Түүнчлэн, 2023 онд “Ган зам” хоол бэлдцийн үйлдвэртээ ISO2200 буюу “Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо”-г амжилттай нэвтрүүлж, баталгаажилтын “Гэрчилгээ”-гээ авчээ. Энэ онд харин “Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, нэр төрлийг нэмэгдүүлэх” зорилт тавин ажиллаж байгаа аж.
