"УБТЗ” ХНН-ийн 2023 оны гадаад сургалтын төлөвлөгөөнд заасны дагуу Техникийн бодлого, стандартчиллын албаны харьяа Хэмжил зүйн төвийн 5 ажилтан ОХУ-ын Томск хотын Үл эвдэх сорилтын мэргэжилтнүүдийг гэрчилгээжүүлэх бүс нутгийн төвд үл эвдэх сорилтын 5 аргуудаар тус бүр II-III түвшинд амжилттай хамрагдаж, гэрчилгээ авлаа. Үл эвдэх сорилт, оношилгоо технологийн инженер Т.Шинэбаяр – Соронзон бөөмийн сорилт болон хуйларсан гүйдлийн сорилтоор III түвшин, Цахилгаан соронзон, хэт авиан сорилтын шалгалт тохируулгын инженер Н.Улаанхүү -Хэт авиан сорилтоор III түвшин, Доргионт оношилгооны сорилтоор II түвшин, Хэмжих хэрэгсэл хүлээн авах, оношилгоо, тохируулгын инженер Л.Бямбасүрэн -Соронзон бөөмийн сорилтоор II түвшин, Геометр хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын инженер Б.Очмөнх -Хэт авианы сорилт болон доргионт оношилгооны сорилтоор II түвшин, Хэмжил зүйн техникч Г.Уранбаяр-Гадна үзлэгийн сорилт болон хэт авиан сорилтоор II түвшний эрхийг тус тус авсан.
Төмөр замын салбар болон "УБТЗ" ХНН-ийн нэгж хэсгүүдэд ажиллаж буй үл эвдэх сорилтын ажилтанг сургаж, баталгаажуулах, эрхжүүлэх ажлыг Хэмжил зүйн төв нь гүйцэтгэж байна. Мэргэшүүлэх, баталгаажуулалтын ажил үйлчилгээ гүйцэтгэх байгууллагын ажилтан олон улсын ISO 9712:2013 стандартын дагуу үл эвдэх сорилтын арга тус бүрээр II-оос дээш түвшинтэй байх ёстой. Энэхүү сургалтад хамрагдсанаар үл эвдэх сорилтын аргуудаар II болон III түвшний эрхтэй мэргэжилтнүүд нь Үл эвдэх сорилтын СБС, ХАС, ДОС, ГҮС, ХГС-ын аргуудаар ажилчдыг I, II түвшинд сургаж гэрчилгээжүүлэх боломжтой болно.
Жич: Үл эвдэх сорилтын 3-р түвшин авсан ажилтнууд нь тухайн аргын 2-р түвшний сургалтыг зохион байгуулах, үл эвдэх сорилтын тухайн аргаар оношилгоо хийж, дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөх эрхтэй болж байгаа бол 2-р түвшин авсан ажилтнууд нь тухайн аргын 1-р түвшний сургалтыг зохион байгуулах, үл эвдэх сорилтын тухайн аргаар оношилгоо хийж, дүгнэлт гаргах эрхтэй болж байна.
