Нүүр Нийгэм Хандив тусламжийг УОК шаардлагатай цэгт нь хүргэж байна
Нийгэм

Хандив тусламжийг УОК шаардлагатай цэгт нь хүргэж байна

G.Press 2 жилийн өмнө 53 үзэлт 0 сэтгэгдэл

           

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор малчдад туслах хандивын аянд төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нэгдээд байгаа билээ. УБТЗ-ын хувьд хоёрдугаар сарын 20-нд 500 сая, Ахмадын холбоо гуравдугаар сарын 5-нд 70 сая төгрөг тус тус хандивласан юм. Энэ сарын 11-ний өдрийн байдлаар 45 иргэн, 26 ААНБ, 61 төрийн байгууллага, 26 төрийн бус байгууллага болон гадаадын нэг байгууллагаас 3.195.456.216.66 төгрөгийн мөнгөн хандив ирсэн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлж байсан. Тэгвэл дээр нь нийт төмөр замчдын цуглуулсан хандивыг Зам, тээврийн хөгжлийн яам салбараараа нэгтгэн 555 сая 200 мянган төгрөгийг өнгөрөгч Баасан гарагт гардуулж өгөв. Өөрөөр хэлбэл, зудын хандивт зам, тээврийн салбарынхан, тэр дундаа УБТЗ хамгийн их хандивыг бүрдүүлж өгсөн байна. Тиймээс зарим төмөр замчид “Бидний цуглуулсан хандив малчдад хэрхэн хүрч буй талаар мэдээлэл бэлтгэж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу УОК-той холбогдлоо. Тус комиссоос “Нийт хандивлагчийн мөнгө нэг дансанд төвлөрдөг. Мөн эд материал ихээр цугларч байна. Эдгээрийг хөдөө орон нутагт яг тэр байгууллагын өгсөн мөнгө, бараа материал гэж онцлолгүйгээр зарцуулдаг. Харин хэдэн төгрөг дансанд орсон, хэдэн төгрөг зарцуулсан гээд бүх мэдээллийг nema.gov.mn хаягаар хүссэн хүн бүхэн орж харах бүрэн боломжтой” гэв.

Түүнчлэн, ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад тохиолдоод байгаа цаг агаарын нөхцөл байдал, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон. Үүний хүрээнд энэ сарын 17-нд Бүгд Найрамдах Буриад улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд ОХУ-ын хилийн боомт болох Хиагт хотод эхний ээлжийн 250 тонн хүчит тэжээлийг хүлээлгэн өгсөн байна. Тусламжийн цувааг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор оруулж, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад буулгажээ.

Харин УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу төрийн, цэргийн болон хууль сахиулах байгууллагын томилгоот бүлгүүд өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн орон нутгийн айл, өрхүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа юм. Алба хаагчид өнөөдрийн 17-ны байдлаар 17 аймгийн 96 суманд ажиллаж, 8242 айл өрхөд хүрч, цасанд хаагдсан 54.743 км зам гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэн, цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Үүнээс гадна дээр дурдсанчлан хандив тусламжаас цас зуд ихтэй аймгуудад нэн яаралтай хэрэгтэй байгаа машин техникээр хангаж байгаа аж. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглогдсон “Toyota Landcruiser-76”, Хүдэр, Орхон сум болон Номгон тосгонд түргэн тусламжийн автомашин, Хүнс, хөдөө аж ахуйн газарт “Toyota Hilux”, Сүхбаатар сумын ЗДТГ-т “УА3-Фургон”, Хилийн цэргийн ангиудад бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашин олгосныг хүлээлгэн өгсөн байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.