"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга Х.Хэрлэн Монголын Төмөр Замчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Б.Алтанхуяг нар 2024-2025 оны хамтын гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ удаагийн хамтын гэрээнд нийт төмөр замчдынхаа нийгмийн хамгаалал, цалин хөлс, хөдөлмөр эрхлэлт, сургалт, ажил амралтын цаг, хөдөлмөр хамгаалал зэрэг асуудлыг шийдэх чиглэлээр олон чухал заалтуудыг талууд харилцан зөвшилцөж оруулж байгаагаараа онцлог юм. Тухайлбал:

 УБТЗ-ын санхүүгийн чадвар, инфляцийн түвшинг харгалзан жил бүрийн III улиралд багтаан үндсэн цалинг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхээр болсон.

 Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл сард 20000 төгрөг өгдөг байсан бол хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан 64000-74000 төгрөг болгож 3-3.7 дахин нэмэгдүүллээ.

 Сүүлийн жилүүдэд нэмэгдээгүй байсан ахлахын нэмэгдэл, шинжлэх ухааны доктор, боловсролын доктор, мэргэшсэн нягтлан бодогчийн нэмэгдэл, мастер тогоочийн нэмэгдэл, эмнэлгийн ажилтны нэмэгдлийг 2-5 дахин, томилолтын мөнгө, хоолны хөнгөлөлт, унааны хөнгөлөлтийг инфляцийн түвшинтэй уялдуулан 10-40 хувиар тус тус нэмэгдүүлж, мэргэшсэн инженерийн нэмэгдэл, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр ажиллаж байгаа багш нарт нэмэгдэл олгох заалтыг шинээр орууллаа.

 Улсаас болон төмөр замаас байр хувьчилж аваагүй бөгөөд анх удаа өөрийн өмчлөлийн орон сууцтай болж байгаа ажилтанд үзүүлдэг дэмжлэгийг 20 хувиар өсгөж 6 сая болгосон ба дэмжлэг авах ажилтны тоог жил бүр 10 ажилтнаар нэмэгдүүлэхээр тусгаад байна.

 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зарцуулах хөрөнгийг 25 хувиар өсгөж 10 тэрбум төгрөгөөс багагүй байхаар тусгасан.

Эдгээр өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд жилд 70.9 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гараад байна.

Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд манай ажилтан энэрэнгүй, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж эрдэнэт хүний алтан амийг аврахад “Цусаа хандивласан” тохиолдолд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговортой нэг өдрийн нэмэлт амралт” олгож байхаар шинэ зохицуулалтыг орууллаа.