Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2024-2025 оны Хамтын гэрээний 11.2-ийг үндэслэн нэмэлт өөрчлөлт оруулахаар 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр талууд хэлэлцэн тохиролцов.
Хамтын гэрээний 2 дугаар бүлгийн 2.9.10-т Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр ажиллаж байгаа зөвлөх зэрэгтэй багш, эрхлэгч, арга зүйчид 50000 төгрөг, тэргүүлэх зэрэгтэй багш эрхлэгч, арга зүйчид 40000 төгрөг, заах аргач мэргэжлийн зэрэгтэй багшид 30000 төгрөгийг тухайн сард ажилласан цагт тооцож олгоно гэж нэмэх,
Хамтын гэрээний 2 дугаар бүлгийн 2.9.13-т Ажилтанд албан томилолтын хоногийн зардлыг 2025 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс 16500 төгрөгөөр тооцож олгоно гэж нэмэх,
Хамтын гэрээний 2 дугаар бүлгийн 2.9.14-т УБТЗ-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд /хөдөлмөрийн гэрээ болон бусад хөлсөөр ажиллах гэрээгээр/ оролцож буй ердийн цагаар ажилладаг ажилтанд ажлын нэг өдөрт 5000 төгрөг, ээлжийн ажлын цагаар ажилладаг ажилтанд ажилласан цаг/ ердийн ажлын цаг/ -аар тооцсон 8 цаг тутамд 5500 төгрөгийн хоолны хөнгөлөлтийг 2025 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс тооцож олгоно гэж нэмэх,
Хамтын гэрээний 6 дугаар бүлэгт УБТЗ-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, ажилтны өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бол УБТЗ-д ажилласан хугацааг харгалзан 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно гэж заасан. Үүний дагуу Хамтын гэрээний 6 дугаар бүлгийн 6.4.2-т Эмэгтэйчүүд . . . 17-19 жилд найман сар, 20-23 жилд арван сар, 24-26 жилд арван хоёр сар, . . . гэж өөрчлөх,
Хамтын гэрээний 6 дугаар бүлгийн 6.10-т УБТЗ-ын ажилтан, ажиллаж байгаад өндөр насны болон тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэн орон нутгийн харилцааны нэг чиглэлд зорчигчийн галт тэргэнд тасалгаат хатуу вагоноор жилд нэг удаа 100 хувийн хөнгөлөлттэй үнээр зорчино гэснийг /ирэх буцах/-д зорчигчийн галт тэргэнд унтлагын хатуу вагоноор гэж өөрчлөхөөр болжээ.
