Оны өмнөхөн “Улаанбаатар төмөр зам” ХНН болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2026-2027 оны Хамтын гэрээнд УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн, МТЗ-чдын ҮЭ-ийн Холбооны дарга Б.Алтанхуяг нар гарын үсэг зурлаа.
Талууд хамтын гэрээг байгуулахдаа хамтын гэрээний өмнөх нөхцөлийг дордуулахгүй улам сайжруулах, хүртээмжтэй, үр нөлөөтэй байх зарчмыг баримтлан ажилласан байна.
Замын захиргаанаас авч хэрэгжүүлсэн тарифын индексжүүлэлт, хэмнэлтийн бодлогын үр дүнд нийгэмлэгийн санхүүгийн эрсдэл буурч, төсвийн тогтвортой байдал дээшилж, тээврийн үр ашиг нэмэгдэж байгааг харгалзан 2026-2027 оны хамтын гэрээнд 25 заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, 2 заалтыг шинээр оруулжээ. Мөн 12 заалтыг хамтын гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд оруулан судалгаа хийж, шийдвэрлэхээр болсон байна.
Хамтын гэрээгээр олгогддог тогтмол нэмэгдлүүдийг инфляцийн түвшинтэй уялдуулж 18 хүртэл хувиар нэмэгдүүлжээ. Түүнчлэн цаг үеийн шаардлагыг харгалзан зарим төрлийн нэмэгдлүүдийг 2-3 дахин нэмэгдүүлсэн байна.
Үүнээс гадна ажилтнуудын гэр бүл, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зарим бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцоход дэмжлэг үзүүлэх бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах, хүртээмжтэй, хүний эрхийг хангасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бий болгохоор талууд харилцан тохиролцсон байна.
Энэ удаагийн хамтын гэрээний хэлэлцээг өмнөхөөсөө бүтэн сарын өмнө эхлүүлсэн нь талууд төмөр замчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн тасралтгүй ажиллагаа, тогтвортой байдлыг бүрэн ханган төмөр замын салбарт зохистой хөдөлмөрийг төлөвшүүлэх асуудлуудыг сайтар нухацтай хэлэлцэх боломжийг олгож, ийнхүү шинэ оны босгон дээр гэрээг батламжиллаа.
Дашрамд дурдахад 2024-2025 оны хамтын гэрээний биелэлт 99 хувьтай дүгнэгдсэн бөгөөд нийгэмлэг хамтын гэрээний хэрэгжилтэд 367,4 тэрбум төгрөг зарцуулсан байна.
