Нүүр Цаг үе “Хамтын ажиллагаа-2025” зөвлөгөөн болж байна
Цаг үе

“Хамтын ажиллагаа-2025” зөвлөгөөн болж байна

G.Press 1 жилийн өмнө 43 үзэлт 0 сэтгэгдэл

 

“УБТЗ” ХНН-ийн зүгээс жил бүр зохион байгуулдаг “Хамтын ажиллагаа-2025” зөвлөгөөн өнөөдөр болж байна. Тээвэрлэгч болон төмөр замаар үйлчлүүлэгч байгууллагууд тулгамдаж буй асуудлуудаа хамтаараа хэлэлцэн зөвшилцөж, нэгдсэн ойлголцолд хүрч, хамтын ажиллагааныхаа үр өгөөжийг дээшлүүлэхэд энэхүү зөвлөгөөний зорилго чиглэдэг.

Зөвлөгөөнд Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллагуудаас гадна УБТЗ-аар үйлчлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Тээвэрлэгч болон төмөр замаар үйлчлүүлэгч байгууллагуудын харилцан шүтэлцээтэй, тогтвортой, үр дүнтэй, хамтын ажиллагаа нь төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлээд зогсохгүй улс орны хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байдаг.

Сүүлийн жилүүдэд УБТЗ-ын тээврийн хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдэж, ачаа тээврийн түүхэн шинэ дээд амжилтууд тогтоож байгаа нь хамтын ажиллагааны үр дүн юм.

Өнгөрсөн жил УБТЗ 33.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноосоо 1 сая тонноор илүү байна. Энэ нь УБТЗ-аар үйлчлүүлэгч байгууллагуудын тоо нэмэгдэж, тээврийн захиалга өссөнийг харуулж байна. 2024 онд 4627 байгууллага аж ахуйн нэгж, 2474 хувь хүн УБТЗ-аар үйлчлүүлжээ.

УБТЗ-ын зүгээс өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд өөрийн тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэхийн сацуу бүс нутгийнхаа худалдаа эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар хөрш орнуудынхаа болон бусад орны төмөр замуудтай нягт хамтран ажиллахыг чухалд тооцож байна.

Саяхан Улаанбаатар хотноо болсон “Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн”-ний үеэр уг зөвлөгөөнд оролцогч 12 улс 2025 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээгээ харилцан зөвшилцөж тохирохдоо УБТЗ-аар 2025 онд 22 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэхээр тохирсон юм. Үүний үр дүнд УБТЗ-аар үйлчлүүлэгчдийн гадаад худалдааны ачааны захиалгыг өмнөх оноосоо 1 сая тонноор илүү авч тээвэрлэх боломжтой болжээ.

 УБТЗ-аар үйлчлүүлэгч байгууллага аж ахуйн нэгжүүдийн бизнесийн ашиг орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг өсөж тэлэхийн хирээр төмөр замын тээврийн хэрэгцээ шаардлага өдөр бүр өсөн нэмэгджээ. Зөвхөн энэ онд УБТЗ-д 50 сая тонн тээврийн захиалга ирээд байгаа гэнэ.

УБТЗ үйлчлүүлэгчдэдээ ил тод, нээлттэй, хүнд сурталгүй, хөнгөн шуурхай, соёлтой үйлчилж, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулахын тулд үйлчилгээндээ ачаа тээврийн цахим систем, нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг шинэлэг ажлуудыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашдаа үйлчилгээнийхээ хүртээмж чанарыг улам сайжруулах шаардлагатай ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.