Нүүр Чөлөөт Хамгийн хямд өртөгтэй, аюулгүй аялал
Чөлөөт

Хамгийн хямд өртөгтэй, аюулгүй аялал

G.Press 3 жилийн өмнө 124 үзэлт 0 сэтгэгдэл

 

Урин дулаан цаг хаяанд ирж, аялал зугаалгын цаг айсуй. Та ажил ажил гэсээр амраг хань, алиа жаахан үрсдээ цаг гаргахаа мартаагүй биз. Аль эсвэл хэрхэн хямд өртгөөр агаар салхинд гарахаа төлөвлөж чадахгүй явна уу. Тэгвэл танд хамгийн бага зардлаар, хамгийн ойрхон агаарлаад ирэх боломжийн талаар бяцхан зөвөлгөө  хүргэе. Манай уншигчид энэ боломжийн тухайд аль хэдийнэ мэдсэн ч байж болох юм. Тэгвэл та энэ төлөвлөгөөг ойр дотны найз нөхдөдөө бас танилцуулж болно гэдгийг санаарай. Энэ удаагийн танд санал болгох аяллын маршрут бол Түнх өртөө. Хүмүүсийн нийтлэг ярьж заншснаар Түнхэлийг Монголын хамгийн том тосгон гэдгээр нь андахгүй. Энэ чиглэлд та авто машинаар явж болох ч галт тэрэг сонгон зорчвол илүү тав тухтай, хямд өртөгтэй, хамгийн чухал нь аюулгүй байдал дээд зэргээр хангагдана. Энэ чиглэлд аялахын тулд та Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэрэгний тасалбар захиалахад л хангалттай. Нийтийн вагоноор том хүн 3500, хүүхэд 1000 төгрөг, Тасалгаат вагонд том хүн 11700, хүүхэд ердөө 5400 төгрөг гээд л бодчих. Дээрээс нь та тасалбар худалдан авах гэж цаг алдах шаардлагагүй. Таны болоод хамт зорчих хүмүүсийн тань регистрийн дугаар байхад Etiсket.ubtz.mn сайт руу ороод л бүх банкны сонголтоор төлбөрөө хийх боломжтой. Дээр нь “tapatip” аппликэйшнийг гар утсандаа суулгасан тохиолдол галт тэрэг хэзээ хөдлөх, хэдэн минутын дараа таны зорьсон газарт хүрэх зэргийг бэлээхэн мэдээлээд өгнө. Та Түнх чиглэлийн аяллыг сонгосон тохиолдолд Улаанбаатараас хөдөлснөөс ердөө 3 цаг 20 минутын дараа очих болно. Мэдээж тус тосгоны ойролцоо тунгалаг Хараа гол урсдгаас эхлээд байгалийн өнгө үзэмж бүрэлдсэн тул амралтын газрууд цөөнгүй бий. Аль амралтыг сонгох нь таны эрх. Амралтын газруудын дундаж үнэлгээ нь хүүхэд 30.000, том хүн 65.000 орчимд багтдаг юм билээ. Түүнчлэн галт тэргээр илүү хол аялъя гэвэл Найрамдлын Дархан хотоор зорчиж “Хүүхдийн төмөр зам”-тай танилцах, Сүхбаатар хот, Алтанбулаг боомтоор зорчиж, алдарт Сайханы хөтөлд амрах гээд төмөр зам дагасан сонголт өргөн бий шүү.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.