Нүүр Чөлөөт Хайртай хосууд 14-ний өдрийн 14:00 цагт “Love lock” буюу хайрын түлхүүр солилцдо...
Чөлөөт

Хайртай хосууд 14-ний өдрийн 14:00 цагт “Love lock” буюу хайрын түлхүүр солилцдог

G.Press 1 жилийн өмнө 256 үзэлт 0 сэтгэгдэл

 

Эртний Ромын хаан II Клаудиус дайны үед эрчүүд хүнтэй гэрлэхийг хориглосон ч Гэгээн Валентин хэмээх лам эзэн хааны зарлигийг зөрчиж нэгэн залуу хосын гэрлэлтийг баталжээ. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клауд хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хорьж улмаар цаазлах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болсон гэдэг. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрбээр хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтай хайр сэтгэлийг илэрхийлж, “Үүрд, тэнгэрийн орноос ч чамайгаа хайрлах болно” гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Валентин ламын дурсгалыг хүндэтгэх өдрийг цаг хугацааны уртад хайртай хосуудын баяр болгон тэмдэглэдэг. Гэхдээ энэ баяр үүссэн түүх хэд хэдэн хувилбартай байдаг ч лам Валентинтай холбоотой. Эртний Ромд эрчүүд нь чармай нүцгэн эмэгтэйчүүдийн дэргэдүүр гүйж ямааны арьсаар хийсэн бүсээр шавхуурддаг байжээ. Эмэгтэйчүүд ч ингэж зодуулахдаа тун дуртай, учир нь амжилт, хайр сэтгэл, хэвийн төрөлт зэргийг авчирдаг гэж үздэг байжээ. Баяр дуусах үед бүсгүйчүүд том аяганд өөрийн нэр бүхий зурвас үлдээнэ. Харин түүнийг нь гаргаж ирсэн залуус ирэх жилийн баяр хүртэл нууц амраг нь болдог байжээ. Ромын хаант улсад хайртай хосуудыг гэрлүүлж, Валентины баярыг тэмдэглэж байхыг зөвшөөрчээ. Хоёрдугаар сарын 14-ний өдөр зүрхэн хэлбэртэй ил захидал бие биедээ өгнө. Тэрхүү захидалдаа хайр сэтгэлээ илчлэх, гэрлэхийг санал болгох гээд бүгдийг бичдэг ч гарын үсгээ тавьдаггүй. Тэр ил захидлыг хүлээн авсан бүсгүй хэн бичсэнийг таах ёстой гэнэ. Улс орон бүрийн ёс заншил өөр байдаг ч, хайр дурлалд хил хязгаар гэж үгүй.

 

Валентины баярын бэлэг тэмдэг шоколад

 

Валентины баярын уламжлалт бэлэг гэхэд болох зүрхэн шоколадыг анх 1868 онд Ричард Кардбөри гэгч шоколадны үйлдвэрийн эзэн эхнэртээ өөрийн гараар урласан зүрхэн хэлбэртэй хайрцагт шоколад хийж бэлэглэснээс үүдэлтэй аж. Мөн 1800-д оны үед эмч нар хайр дурлалаас болж шаналсан өвчтөнүүдээ тайвшруулахын тулд шоколад идүүлдэг байжээ. Валентины баяраар эрчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 27 хувь нь л сэтгэлтэй залуудаа зориулан цэцэг худалдаж авдаг байна. Баяраар өгдөг цэцэг улаан сарнай бөгөөд энэ нь эртний Ромчууд улаан сарнай нь хайрын бурхан Венусийн дуртай цэцэг гэж итгэдэг байснаас үүдэлтэй. Уильям Шекспирийн “Ромео, Жульетта хоёр” нь хамгийн алдартай гунигт хайрын түүх юм. Италийн Верона хотод анх жүжиг тавигдсан бөгөөд Жульеттад зориулж хаягласан мянга мянган захидал одоо ч ирдэг байна.  Мөн Валентины баяраар хамгийн олон ил захидал авдаг хүмүүс бол багш нар. Учир нь багш нарт зөвхөн хайртай хүмүүс, гэр бүлийнхнээс нь гадна сурагчид тэдний эцэг эхчүүд нь хүртэл ил захидлаар мэндчилгээ хүргэдэг байна. Энэ өдөр бэлэг өгөх заншил орон оронд өөр өөр байдаг. Жишээлбэл, Японд шоколад өгдөг бол Италид ч төрөл бүрийн амттан солилцдог уламжлалтай. Данид хатаасан цагаан цэцэг бие биедээ илгээдэг. Мянга мянган хүн валентины баяраар хайртдаа гэрлэх саналыг тавидаг байна.  Хүмүүсийн хамгийн үздэг киноны жагсаалтад “Хөөрхөн хүүхэн”, “Сүнс”, “Бриджит Жонесын өдрийн тэмдэглэл” зэрэг кино ордог ажээ.

 

 

Валентны шөнийн зүүд биелдэг

 

Финляндад хоёрдугаар сарын 14-ний өдрийг “Найзуудын өдөр” болгон тэмдэглэдэг. Жил бүрийн долдугаар сарын 7-ны өдөр Хятад, Япон, Вьетнам улсад хайрын баяр болгон тэмдэглэдэг байна.

Аргентинчууд Гэгээн Валентины өдрийг долдугаар сард "Амтлаг долоо хоног" нэртэйгээр тэмдэглэдэг байна. Энэ өдрүүдэд хосууд хайртай хүндээ шоколад болон бусад амттаныг өгч сэтгэлээ илчилдэг байна. Тус улсад эдгээр өдрүүдийн арилжааны зорилгоор эхлүүлсэн нь уламжлал болжээ. 

Франц улсад  анх 1415 онд Орлеаны гүн Чарльз шоронд байхдаа эхнэртээ хайрын захидал илгээснээр үүссэн хэмээн ярьдаг. Валентин хэмээх тосгон хайр дурлалын билэг тэмдэг болжээ Хоёрдугаар сарын 12-14-ний хооронд хайрын захидлууд, сарнай болон гэрлэх саналаар чимэглэсэн хашаанууд, модон байшингуудыг энэхүү тосгоноос харж болно.

Гана улсад хоёрдугаар сарын 14-ний өдөр "Үндэсний шоколадны өдөр" болгон тэмдэглэдэг.

Италичууд хаврын баяр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр гэрлээгүй залуу хосууд үүр цайхаас өмнө босоод ирээдүйн нөхрөө олж хардаг байна.

Солонгосчууд хайрын баяраар эмэгтэйчүүд нь эрэгтэйдээ шоколад бэлэглэдэг. Хайртай хосууд 14-ний өдрийн 14:00 цагт нэг нэгэндээ хайртайгаа баталж “Love lock” буюу хайрын түлхүүр солилцдог аж. Мөн арваннэгдүгээр сарын 11-нд охидууд хайртай хүндээ дуртай жигнэмгийг нь бэлэглэж, үерхэх санал тавьдаг аж. Харин хөвгүүд энэ саналын хариуг үнсэлтээрээ ойлгуулдаг. Охиныхоо духанд хөвгүүн нь үнсвэл, “Чи миний хувьд охин дүү минь”, хацар дээр үнсвэл “Хараахандаа болоогүй байна”, уруул дээр нь үнсвэл “Зөвшөөрч байна” гэх утгыг илэрхийлдэг.                   

Уэльст гэгээн хайрын өдрөө нэгдүгээр сарын 25-нд тэмдэглэдэг. Үүнийг "Сан Двинвений өдөр" гэж нэрлэдэг байна. Энэ өдөр хосууд бие биедээ өвөрмөц, гоёмсог гараар хийсэн модон халбага солилцдог уламжлалтай гэнэ.  

Британид энэ өдрөөр эмэгтэйчүүд дэрэн доороо дөрвөн ширхэг лаврын навч хийдэг. Мөн өндөгний шар дээр нь давс үйрүүлж иддэг уламжлалтай. Учир нь Англи эмэгтэйчүүд Валентины шөнийн зүүд нь биелдэг гэж итгэдэг учраас дээрх алхмыг хийдэг байна. Мөн ганц бие бүсгүйчүүд хайртай залуугийнхаа нэрийг модны навчин дээр бичин лаг шаварт хийж гол руу шиддэг эртний заншилтай. Гол руу шидсэн лаг шавар усанд урсаж уусаж дуусаад усны мандал дээр нэр бичсэн навч нь гарч ирвэл хүсэл нь биелдэг өвөрмөц уламжлалтай ажээ.

Валентины баяр бүх дэлхийгээр тархаад байгаа хэдий ч энэ баярыг хориглосон орон Саудын Араб юм. Хэрэв энэ хоригийг зөрчвөл их хэмжээний торгууль төлнө.  Харин Узбекистанд энэ өдөр ямар ч арга хэмжээ зохион байгуулдаггүй. Хайртай хосууд энэ өдөр Бабур хааны шүлгийг унших ёстой гэнэ. Бабур хаан Чингисийн удам Төмөр хааны угсааны хүн урлаг, утга зохиолд дуртай, перс хэлээр шүлэг бичдэг байжээ.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.