Замын даргын 2023 оны А-03 тоот тушаалын дагуу Замын Ерөнхий инженер С.П.Старцевын удирдсан ХАБЭА-н нэгдсэн үзлэгийн комисс энэ сарын 12-14-нд Сайншанд зангилаанд ажиллалаа. Уг үзлэгийн хүрээнд ХАБЭА-н албаны инженер байцаагч нар тус зангилааны харьяа салбар нэгж, тасаг цех, шугам замын өртөө зөрлөгүүдээр явж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Үзлэгийн дүнгийн хурлын үеэр Сайншанд зангилааны дарга Д.Болорхүү өмнөх жилийн ХАБЭА-н нэгдсэн үзлэгээр илэрсэн зөрчлүүдийг хэрхэн арилгаж ажилласан талаар илтгэлээ. Замын Ерөнхий инженер С.П.Старцев тус зангилааны хамт олны ажил үйлсийг сайшааж, шилдэг тэргүүний төмөр замчдыг шагнаж, урамшууллаа.
Үүнд “Радио галт тэрэгний сүүлийн хагас иж бүрдлийг галт тэргэнд бэхлэх бэхэлгээний загварыг шинэчилсэн” санаачилгыг өндрөөр үнэлэн Сайншанд ТҮГ-ын дарга Б.Аюушсүрэнг “Өргөмжлөл” 1.5 сая төгрөгөөр шагналаа. Учир нь тэдний санаачилж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шинэ санаачилгын үр дүнд гар ажиллагаа хөнгөвчлөгдсөн төдийгүй аюулгүй ажиллах нөхцөл бүрдсэн байна. Мөн, Сайншанд өртөөний галт тэрэгний найруулагч Б.Мөнхтүвшин, ачаа вагон хүлээлцэгч Б.Болорчулуун, Эрчим хүч ус хангамжийн II ангийн монтёр-байцаагч Б.Чулуунбаатар, жолооч Ч.Очбаатар, Замын IV ангийн 13 дугаар хэсгийн мастер С.Отгонжаргал нарын нэр бүхий хүмүүсийг мөнгөн шагналаар шагнасан байна.
Үзлэгийн дүнгийн хурлын дараа Замын Ерөнхий инженер С.П.Старцев Дорноговь аймгийн удирдлагуудтай уулзаж орон нутаг “УБТЗ” ХНН-ийн хоорондын хамтын ажиллагаа, хэтийн хөгжлийн талаар ярилцаж санал солилцлоо.
