УБТЗ ХНН-ийн Суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Карендатай ярилцлаа.
-Сайн байна уу, Вячеслав Владимирович! Таныг УБТЗ-ын Суурь бүтэц хариуцсан орлогч даргаар томилогдсоноос хойш бид шинэ оны эхэнд тантай анх удаа ярилцаж байна. Тиймээс юуны өмнө уншигчдадаа таныг танилцуулах нь зүйтэй байх. Мэргэжлийн замналынхаа талаар товчхон ярьж өгнө үү?
-Би хөдөлмөрийн гараагаа 1993 онд ОХУ-ын Зам, тээврийн яаманд (тухайн үед ОХУ-ын төмөр замуудын үйл ажиллагааг хариуцаж байсан бөгөөд 2003 онд татан буугдаж, “Оросын төмөр зам” ХК болж өөрчлөгдсөн) харьяалагддаг Зүүн Сибирийн төмөр зам /ЗСТЗ/-д эхлүүлсэн. Ингээд амьдралынхаа 30 шахам жилийг ЗСТЗ-д зориулжээ. Зам засварын монтёроос эхлээд байгууллагын удирдах албан тушаал хүртэл бүх шат дамжлагыг туулсан, замын ангийн даргаар хоёр удаа ажилласан. Намайг мэдлэг, туршлага шаардсан нэлээд хариуцлагатай, төвөгтэй хэсгүүдэд томилж ажиллуулдаг байлаа. Сүүлийн 10 жил Тайшетын бүсэд дэд бүтцийн газрын орлогч даргаар ажилласны дараа Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллах санал ирсэн юм.
-Тайшетын бүс нутаг нь зөвхөн ЗСТЗ төдийгүй ОХУ-ын хэмжээнд дэд бүтцийн хувьд хамгийн хүндрэлтэй бүсүүдийн нэг гэдгийг бид мэднэ. Тийм үү?
-Тийм ээ, яг үнэн. Тайшет өртөө нь ангилалгүй (внеклассная) өртөө. Оросын төмөр замын сүлжээнд хөгжлөөрөө ийм ердөө гурван өртөө бий. Зөвхөн суман шилжүүлгийн тоо гэхэд л 870 гаруй. Мөн Тайшетын бүс нутаг бүхэлдээ дэд бүтцээр маш их хангагдсан, олон зангилаа, байгууламжтай. Нэлээд төвөгтэй бүс нутаг. Энэ нь УБТЗ-д ирээд ажиллахад үнэхээр хэрэг болсон асар их туршлага юм.
-УБТЗ руугаа эргээд оръё. Мэдээж 2025 оны ажлын үр дүнгийн талаар асуух нь зөв байх. 12 дугаар сарын 22-нд энэ оны сүүлийн “цонх”-ыг хийсэн. Таны дүгнэж буйгаар замчдын хувьд ямар жил байв?
-2025 он үнэхээр их ачаалалтай, сонирхолтой жил байлаа. Асуудалтай зүйлс байсан ч бид тэдгээрийг, тэр дундаа хамгийн дээд түвшинд шийдвэрлэж чадсан. 2025 онд замын аж ахуй болон дохиолол, төвлөрүүлэлт, хориглолтын албанд хийсэн нийт хөрөнгө оруулалт 112 тэрбум төгрөгт хүрсэн. Ялангуяа, Олон-Овоо-Цомог-Айраг чиглэлийн хамгийн хүндрэлтэй хэсгийн 34.6 км замын их засварыг амжилттай хийснийг онцолж хэлмээр байна. Ингэснээр галт тэрэгний хурдыг 80 км/цаг хүртэл нэмэгдүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулсан.
Мөн 31 дүгээр зөрлөг-Улхын-Овоо хэсэгт Р-50 зам төмрийг Р-65-аар солих ажлыг удаан хүлээгдсэний эцэст хийж гүйцэтгэлээ. Учир нь энэ хэсэгт Замын III, IV ангийн ажилтнуудын хөдөлмөрийн ачаалал маш их байсан. Өвлийн улиралд гагцхүү гэмтэлтэй зам төмөр солихоос өөр ажил амжихгүй байв. Харин Р-65 зам төмөр тавьснаар замчдын ачаалал мэдэгдэхүйц буурна. Түүнчлэн, 2025 онд 17 ширхэг төмөр бетон хоолой суурилуулснаар хиймэл байгууламжуудын ус нэвтрүүлэх чадвар сайжирч, үерийн усанд автах эрсдэл буурсан. Төмөр замын гарцын аюулгүй байдалд онцгой анхаарч, дөрвөн гарцад иж бүрэн шинэчлэл хийсэн.
2025 оноос эхлэн төмөр бетон суурьтай суман шилжүүлэг суурилуулж эхэлсэн. Нийт сольсон 31 суман шилжүүлгийн 10 нь төмөр бетон суурьтай болсон нь сүүлийн хэдэн жилийн дээд амжилт юм. Мөн манай “Декарт” оношилгооны цогцолборын их засварыг хийж, программ хангамжийг шинэчилж, тоног төхөөрөмжийг орчин үеийн технологиор солилоо. Одоогоор Зам засварын машинт станц ОХУ-д ВПО, ВПР замын техникт их засвар хийж байна. Энэ нь чухал ажил. Учир нь уг техник хамгийн сүүлд 2011 онд их засварт орж байсан. Үүнээс гадна УБТЗ бульдозер, автобус худалдан авсан. Мөн хоёр өөрөө буулгагч, автогрейдер, автокран хүлээн авахаар байна.
Түүнчлэн, Дохиолол холбооны албыг онцлох ёстой. Айраг-Бор-Өндөр, Толгойт-Улаанбаатар чиглэлд шилэн кабель татаж, Бор-Өндөр өртөөнд төвлөрүүлэлтийн тоног төхөөрөмж суурилуулж дуусгах шатандаа орсон. Энэ бол замын хувьд маш чухал, том ажил юм. Товчхондоо, жилийн дүн ийм байна. Энэ нь Замын даргын удирдлага дор УБТЗ-ын хамт олон нэг зорилготой, уялдаа холбоотой ажилласны үр дүн гэдгийг онцлох нь зүйтэй. Бүх хамт олондоо талархал илэрхийлье.
-Ажлын явцад, тухайлбал зам төмрийн нийлүүлэлт саатах зэрэг хүндрэл гарсан нь харагдсан. Энэ юутай холбоотой байв. Гарсан хүндрэлийг хэрхэн даван туулсан бэ?
-Тийм ээ, зам төмрийн нийлүүлэлтэд тодорхой хүндрэл гарсан. Гол төлөв БНХАУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэх, хил нэвтрэх, гаалийн бүрдүүлэлттэй холбоотой байсан. Бид логистикийн хувилбаруудыг нарийн тооцоолж, өөр шийдлүүдийг хайсны үр дүнд асуудлыг даван туулж чадсан.
-2026 он гарлаа. Гол замын өнөөгийн байдал ямар байна. Цаашид хөгжүүлэлт, шинэчлэл, засварын чиглэлээр ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-2025 оны эхэнд их засварын хугацаа хэтэрсэн 324 км зам байсан. Харин 2026 оны эхэнд энэ үзүүлэлтийг 287 км болгон бууруулна. Үндсэндээ энэ онд нийт 46 км замд их засвар, шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Мөн төмөр бетон суурьтай 47 суман шилжүүлэг суурилуулна. Энэ бол замын хувьд маш том, нэлээд амбицтай хэмжээ юм.
-Засварын хэмжээг нэмэгдүүлэхэд туслах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал. 2025 онд энэ чиглэлээр ямар хөрөнгө оруулалт хийв, УБТЗ ямар бодлого баримталж байна вэ?
-Манай бүх үйлдвэрүүд хөгжлийн хөтөлбөртэй. Бид түүнийгээ баримталж ажиллаж байна. Туслах үйлдвэрлэл манай ажлын чухал хэсэг гэдгийг та зөв онцолсон. Ялангуяа, дайрганы үйлдвэр, төмөр бетон хийцийн үйлдвэрт онцгой анхаарч байна. Жишээ нь, Олон-Овоо өртөөн дэх Чулуун заводод дайрга бутлагч шинэ шугам ашиглалтад оруулсан. Хөтөлийн Төмөр бетон дэрний үйлдвэрт дайрга угаах машин суурилуулсан нь эдийн засгийн өндөр үр ашиг өгнө. Угаасан дайрга бетон зуурмагтай илүү сайн барьцалддаг тул дэрийн бат бөх чанар нэмэгдэж, ашиглах цементийн маркийг бууруулах боломжтой болж, өртөг багасна.
Мөн энэ оноос эхлэн боолт-шурагт бэхэлгээтэй төмөр бетон дэр үйлдвэрлэж эхэлнэ. Өмнө нь боолттой бэхэлгээтэй дэр ашигласнаас угсралтын хөдөлмөрийн зардал их байсан. Цаашид дэр үйлдвэрээсээ бэхэлгээтэйгээр гарах тул энэ ажлыг хасна.
-Монгол Улсын төмөр замын дэд бүтцийн томоохон төслийн нэг нь Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам. УБТЗ энэ төсөлд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
-2025 оны хавар маш богино хугацаанд холболтын ажлыг хийх үүрэг бидэнд ирсэн. УБТЗ бүх нөөц бололцоогоо дайчлан амжилттай гүйцэтгэсэн. Багахангай өртөөнд замын шинэчлэл, суман шилжүүлгийн угсралт хийсэн. Түүний дотор төмөр бетон суурьтайг ашигласан. Мөн төмөр замын гарцыг шинэчилж, хоёр замтай байсныг гурван замтай болгосон. Барилга орон сууцны албаны хүчээр гармын жижүүрийн байрыг задлалгүйгээр бүхэлд нь зургаан метр зөөж шилжүүлсэн нь онцгой тохиолдол болсон.
-Үнэхээр ачаалалтай жил байжээ. Таны хувьд 2025 оныг ямар сэтгэгдэлтэй үдэж байна вэ?
-Хувь хүнийхээ хувьд төлөвлөсөн бүх ажлыг бүрэн, түүнээс ч илүү гүйцэтгэсэндээ сэтгэл хангалуун байна. 2026 оны бэлтгэл ажлууд аль хэдийнэ эхэлсэн. Худалдан авалтын баримт бичгүүдийг бэлтгэж, удахгүй зам төмөр, дэрийн анкер, суман шилжүүлгийн тендерүүд зарлагдана. Материалаа урьдчилан бүрдүүлж, шинэ улиралд сайн бэлтгэхийг зорьж байна. Орос хэлний үг байдаг даа, “Зуныг бодож чаргаа бэлд, өвлийг бодож тэргээ бэлд” гэж.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт, шинэ оны мэнд хүргэе!
-Баярлалаа. Та бүхэнд болон уншигчдад тань шинэ оны мэнд хүргэе!
Н.Алексей
