Сэтгэлээс эгшиглэж, сэтгэлд шингэх хөгжмийн аялгуу...
Миний бодлоор хөгжим бол хүн чихээрээ хүртэж, сэтгэлдээ амталдаг амттан юм. Энэ амттанг хүн бүхэн хүртэх хувьтай. Хөгжим сонсоод сэтгэл нь хөвсөлздөггүй, хөөрөн догдолдоггүй хүн гэж үгүй байх. Нэгэн хөгжим судлаач “Ихэнх хүн хөгжмийн сайхныг зөвхөн таашаагч, хүртэгчид байдаг. Харин хөгжмийг бүтээн туурвих, түгээн дэлгэрүүлэх авьяас чадвар дэндүү цөөхөн хүнд заяадаг” гэж тодорхойлсон нь ёстой чиг онож хэлсэн санагддаг. Хөгжим гэдэг амттанг таашаан хүртэгчээс хэтрэхгүй мань мэт нь авьяас билэгтнүүдийг бишрэн хүндэтгэж явдаг билээ.
Манай төмөр замчид дунд үндсэн ажил албаныхаа хажуугаар урлаг, спортод тодорсон авьяас билэгтнүүд цөөнгүй. Энэ удаад бид Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн дэргэдэх амьд хөгжмийн “Дружба” хамтлагийнхныг уншигчдадаа танилцуулахыг хүслээ.
Тус хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг депогийн цалин хөлсний инженер, хамтлагийн соль гитарчин СТА Д.Баяртулгатай холбогдсон юм.

Түүний танилцуулснаар “Дружба” хамтлаг албан ёсоор байгуулагдсан нь 2018 оны наймдугаар сар аж. Гэхдээ Д.Баяртулга “Хамтлаг байгуулагдах хөрс аль 2009 онд УБТЗ ХНН-ийн 60 жилийн ойн нэрэмжит зангилаадын дунд зохиогдсон ТВ9 телевизийн “ТВ караоке” тэмцээнээс эхтэй” хэмээв. Тэр жил депогийн авьяаслаг залуус тэмцээний ялагчаар тодорч чадаагүй ч 2011 онд тус тэмцээнд даагаа нэхэж, тэргүүн байрт шалгарчээ. Үүний дараа 2014 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 90 жилийн ойн нэрэмжит “ТВ караоке” тэмцээнд оролцон хоёр дахь түрүүгээ аваад байсан үе. Гэтэл тухайн оных нь шинэ жилээр хотоос “Lord” гэх амьд хөгжмийн хамтлаг ирж, тус депогийн шинэ жилийн үйл ажиллагаанд ая дуугаа өргөжээ. Урам зоригоор бялхаж байсан хөгжимлөг залуус тус хамтлагийнхантай танилцсанаар өөрсдөө хамтлаг байгуулахаар зориг шулууджээ. Ялангуяа, энэхүү санаачилгыг депогийн цалин хөлсний инженер Д.Баяртулга, сэв шалгагч П.Саруулбуян (хамтлагийн ахлагч) хоёр гаргаж, залуус ч дэмжсэн байна. Эхний ээлжид тэд депод байсан хуучин хөгжмүүдийг засаж сэлбэн, хөгжимд дуртай залуусаа бүрдүүлж эхэлжээ. Гэвч хамтлагт бөмбөрчин дутагдаж байв. Гэтэл Т.Мандах гэх залуу тус депод шинээр ажилд орсноор хамтлагийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдсэн байна. Ийнхүү 2018 онд залуус өөрсдийн хөгжимтэй ч болцгоож хамтлагаа албан ёсоор байгуулж, хоёр улсын хувь нийлүүлсэн байгууллагын хамтлаг гэдэг утгаар “Дружба” хэмээн нэрлэв. Тухайн үеийн депогийн дарга Б.Азжаргал (Вагон ашиглалтын депогийн орлогч дарга) “Дружба” хамтлагийг байгуулагдахад хамгийн ихээр талархан дэмжсэн гэдэг. Тэр ч утгаараа Вагон ашиглалтын депогийн орлогч даргаар шилжсэнийхээ дараа 2018 онд байгууллагынхаа шинэ жилд урьж, анх удаа “Дружба” хамтлагийнхан тоглолтоо төмөр замчдадаа толилуулсан байна. Тэндээс л хамгийн их урам зориг авсан анхны гишүүд гэвэл хамтлагийн ахлагч, дуучин П.Саруулбуян (сэв шалгагч), аргил гитарчин А.Сүхбаатар агсан (Механик цехийн токарьчин), даралтат хөгжимчин Д.Гансүх (хос дугуйн кранчин), бөмбөрчин Т.Мандах (уурын зуухны машинч), соль гитарчин Д.Баяртулга (цалин хөлсний инженер) нар байлаа.
Харин хамтлагийн аргил гитарчин А.Сүхбаатар бурхан болсноор нэг хүсэл зорилго, мөрөөдлөөр жигүүрлэж явсан залууст сэтгэл хөндүүртэй туулсан цаг үе бий. Гэхдээ анд нөхрийнхөө дутуу үлдээсэн хүсэл мөрөөдлийг тэд үргэлжлүүлж явна. Хамтлаг эргэн бүрдэхэд тус депод шинээр ажилд орсон С.Чулуунсүрэн гэх охин даралтат хөгжимчин болж, Д.Гансүх аргил гитар тоглох болжээ. Гэтэл даралтат хөгжимчин ажлаас гарсан тул дахин баг бүрдүүлэх болов.
Энэ удаад “Спирт бал бурам” ХК-ийн шинжээч-эдийн засагч Б.Ганбаатар гэх залууг эгнээндээ элсүүлснээр одоогийн бүрэлдэхүүн бүрджээ. Мөн тус хамтлагт хөтлөгчийн үүргийг чадварлаг гүйцэтгэдэг Спирт бал бурам” ХК-ийн менежер Д.Гантулга гэх авьяаслаг залуу бий. Д.Баяртулга “Д.Гантулга маань ирээдүйд сайн гитарчин болно доо. Хамтлагийн зургаа дахь гишүүн гэж болно. Урлагт зүрх сэтгэлээсээ дуртай, бидэндтэй агаар нэг хүн” хэмээв.
Байгуулагдаад таван жилийнхээ ойтой золгож буй тус хамтлагийнхан Зүүнхараадаа хэдийнээ олонд танигдсан байна. Түүний баталгаа нь шинэ жилээр урилга, заллага тасардаггүй гэлээ.
Мөн жил бүр зохион байгуулагддаг төвийн бүсийн амьд хөгжмийн хамтлагуудын фестивальд анх удаа 2019 онд, хоёр дахь удаагаа 2022 онд ороцлсон байна. Уг фестивальд Эрдэнэт, Дархан, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн 30-40 хамтлаг оролцдог аж.
“Дружба”-гийнхан анх хамтлаг дуучдын дуу болон орос дуунууд коверлаж байсан бол одоо өөрийн гэсэн уран бүтээлтэй болохоор ажиллаж байна. Хамтлаг анхны уран бүтээл болох “Миний дуу”-гаа өлгийдөн авчээ. Энэхүү дууг соль гитарчин Д.Баяртулга 1990-ээд оны сүүлчээр Цогоо гэх танил ахынхаа хамтаар үг аяыг нь зохиож байснаа сэргээн дуулсан нь энэ аж. Одоо шинээр гурван ч дуу мэндлэхээр “дуншиж” байгаа аж. Эдгээр дууны автор нь аргил гитарчин Д.Гансүх юм байна. Ер нь, шинэ бүтээл дээрээ хамтлагийн ахлагч П.Саруулбуян, аргил гитарчин Д.Гансүх, соль гитарчин Д.Баяртулга нар голлон ажилладаг юм.
Зүүнхараад хоёр том байгууллага байдгийн нэг нь Ачааны вагон засварын депо, нөгөө нь “Спирт бал бурам” ХК гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл энэ хоёр байгууллагын “хүж барьсан” хамтлаг “Дружба” хоёр талын дэмжлэгтэйгээр яваа юм байна. Өөрөөр хэлбэл, “Спирт бал бурам” ХК-аас тус хамтлагийнханд иж бүрэн хөгжим, апартуртай нь бэлтгэлийн өрөөг тохижуулан өгчээ.
Тийм ч учраас “АПУ” ХК-аас зохион байгуулсан урлаг соёлын арга хэмжээнд тэдний нэр дээр тоглодог юм байна. Ачааны вагон засварын депогийн удирдлагын зүгээс тус хамтлагийнхнаа дэмжиж уралдаан тэмцээн, аливаа урлаг соёлын арга хэмжээнд тоглох бүх боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгдөгт залуус чин зүрхнээсээ талархдагаа сониноор уламжлахыг хүссэн юм.
Энэ жил тэд “Миний дуу”-аа дүрсжүүлэх, шинээр гаргах гурван дуугаа бичүүлэх зорилт тавьжээ.
Төмөр замчдын цаг наргүй, хүнд хүчир хөдөлмөрийн хажуугаар уран бүтээл туурвиж, чин зүрхнээсээ хичээн хөдөлмөрлөж буй залууст амжилт хүсье.
Хөгжим эгшиглэж, хүмүүс дуулалдаж буй газарт сүүдэр тусаж, жавар хургадаггүй санагдана. Харин ч урам зориг, эрч хүч, баяр хөөр хуралдаж, тэр хэрээр амжилт бүтээл түгэн дэлгэрдэг гэдэгт итгэлтэй байна.
Б.ГҮНЖИНЛХАМ
