Үндэсний их баяр наадмын босгон дээр төмөр замчид эхний хагас жилийнхээ ажил үйлс, амжилт ололтыг дүгнэдэг уламжлалтай. Энэ удаад бид Вагон ашиглалтын депогийнхны эхний хагас жилийн ажил үйлсээс сурвалжиллаа.

Тус депогийн ажлын үндсэн тоон үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал дунджаар долоон хувиар өссөн байна. Үүн дотор хүлээн авсан галт тэрэг 18765-аар буюу есөн хувиар, явуулсан галт тэрэг 18815-аар буюу гурван хувиар, ачилтад бэлтгэсэн вагоны тоо 151669-өөр буюу долоон хувиар тус тус нэмэгджээ. Мөн 1391 галт тэргэнд /өртөөнд/ суурин хийн төхөөрөмжөөр тоормосын ажиллагааг шалгаж, зүтгүүрийн халуун зогсолтыг бууруулснаар нийт 73.027.500 төгрөгийн түлшний зардал хэмнэсэн тухай тус депогийн орлогч дарга Г.Болд-Эрдэнэ товч тодорхой танилцууллаа.

Түүнчлэн, ГТХАБ-ыг хангах үүргээ вагон үзэгчид маань найдвартай биелүүлж, 69 далд ноцтой гэмтлийг илрүүлэн болзошгүй аюул эрсдлээс урьдчилсан сэргийлж чадсан байна.

Үүний зэрэгцээ жил бүрийн хавар зуны тээврийн бэлтгэл хангах үйлсэд тус депогийнхон чамгүй ачааллыг үүрдэг. УБТЗ-ын даргын А-279 тоот тушаалын хүрээнд ачааны вагоны паркийг зуны тээвэрт бэлтгэх үзлэг засварыг дөрөвдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 25-ны хооронд хийж гүйцэтгэжээ. Энэ хүрээнд УБТЗ-ын эзэмшлийн 1757, хувийн хэвшлийн 3841 вагон, нийт 5598 вагонд үзлэг засварыг хийж, зуны тээвэрт бэлтгэжээ.

Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл, дэглэмээс шалтгаалан хилийн өртөөдөд ТҮГ-ын техникийн агентууд хилээр гарч ажиллахаа больсон нь тэдний ажилд чамгүй хүндрэл учруулах болсон тухай яригддаг.

Харин энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн Сүхбаатар ТҮГ-ын техникийн агентууд урьдын адил ОХУ-ын Наушки өртөөнд ажиллаж эхэлжээ. Ингэснээр ОХУ-аас хүлээж авч байгаа ачааны галт тэрэгний вагонуудын засвар үйлчилгээг Наушки өртөөнд хийлгэж хүлээн авч байгаа нь манай вагон үзэгчдийн ажлын ачааллыг багагүй хөнгөлж байгаа аж.

 

 

Мөн манай вагончид маш бүтээлч хамт олон. Өнгөрсөн хаврын үзлэгээр комиссынхонд харанхуйд вагон үзэхэд зориулсан гэрэлтүүлгийг санаачлан хийснээ үзүүлж байсан юм. Энэ талаар тодруулбал, депогийн орлогч дарга Г.Болд-Эрдэнэ “Манай депогийнхны хийсэн ШБАЗ-ууд ганц үүгээр тогтохгүй. Манайхан цаг ямагт л вагон үзэгчдийнхээ ажлыг хөнгөвчлөх, автоматжуулах, ХАБЭА-г хангах чиглэлээр ШБАЗ-ууд санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Жишээ нь, ачааны вагонд салгалттай урсгал засвар хийх үед вагоны шингээх аппарат солих төхөөрөмж, тоормосын суллах жолооны тээглүүр, суурин хийн төхөөрөмжийн тунадас юүлэх хэрэгсэл, вагоны гүүшингийн хавчуулга матах хэрэгсэл, өртөөнд ирж байгаа болон шууд өнгөрч байгаа галт тэргэнд хяналт тавих зориулалт бүхий лед гэрэлтүүлэг бүхий хяналтын цэгийг санаачлан хийж ашиглаж байна. Өөрийн тань асуугаад байгаа зүйл тэр хяналтын цэг л дээ. Түүнийг одоогоор Улаанбаатар, Толгойт ТҮГ-уудад туршилтаар ашиглаж байна” хэмээв.

Депогийн хэмжээнд хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнийг оны эхний хагас жилээр сонирхвол шинээр 55 ажилтан тэдний эгнээнд нэгджээ. Шинэ залуус орж ирж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тэднийг сургаж дадлагажуулж, чадваржуулж авна гэдэг багагүй цаг хугацаа, хүчин чармайлт шаардах ажил гэдэг нь тодорхой.  Тэдгээр шинэ ажилтнаа депогийн даргын тушаалаар баталсан “Багш шавийн гэрээ”-ний дагуу сургаж дадлагажуулан юутай ч мэргэжлийн зэрэгт хүргээд авчээ. Энэ хүрээнд албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатартай хамтарч шинэ ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх даган дуурайх, үзүүлэх сургалтуудыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан байна.

Мөн “Оюутан отряд”-ын 15 оюутан Сүхбаатар, Дархан, Толгойт, Улаанбаатар, Замын-Үүд ТҮГ-уудад сургаж дадлагажуулж, вагон үзэгчдийн залуу халааг халамжлан хүмүүжүүлэх ажил өнөө ч үргэлжилж байна.

Энэ жил УБТЗ ХНН-ийн түүхт 75 жилийн ой тохиож буй. Үүний зэрэгцээ Вагон ашиглалтын депогийн үүсэн байгуулагдсаны 15, Толгойт ТҮГ-ын 20 жилийн ой тус тус тохиож байна.

Эдгээр түүхэн ойгоо угтан вагончид Дархан дахь Вагон засварын газраа түшиглэн Вагон ашиглалтын депогийн түүхэн музейг байгуулах ажлаа эхлүүлсэн нь одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа тухай депогийн орлогч дарга сонирхууллаа.

УБТЗ-ын даргын А-01 тоот тушаалаар энэ оныг “Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг хангах жил”-ээр зарласан. Уг тушаалын хэрэгжилтийг хангахаар Вагон ашиглалтын депогийн хэмжээнд ISO 9001, ISO 45001, ISO 14001 стандартуудыг хэрэгжүүлэгч  байгууллага болох зорилт тавин ажиллаж байна. Ялангуяа, ISO 9001, ISO 45001 стандартуудын батламжийг энэ гуравдугаар улиралд авахаар тун шаргуу ажиллаж байгаа аж.

Энэ онд Сайншанд ТҮГ-ын шинэ барилгыг гуравдугаар сарын 01-нд байнгын ашиглалтад хүлээн авсан нь вагон үзэгч, засварчдын ажиллах орчин нөхцөл сайжруулсан томоохон бүтээн байгуулалтын ажил болсон гэж тэд онцолсон юм. Цаашид ч Замын захиргаа, Вагоны аж ахуйн албаны зүгээс ТҮГ-уудын хуучин барилгуудыг үе шаттайгаар шинэчилж, вагончдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах бодлогыг барьж буйд тэд баяртай байгаа гэцгээсэн. Энэ ташрамд УБТЗ-ын удирдлага болон Вагоны аж ахуйн албаныхандаа талархсанаа  илэрхийлсэн юм.  

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд “Вагон үзэгч-засварчдын анхдугаар зөвлөгөөн” болсон билээ. “Ган зам” паласт болсон уг зөвлөгөөнд Замын удирдлагуудтай үе үеийн вагончид уулзаж, ажил мэргэжлийнхээ амжилт ололт, алдаа оноо бүрээ дүгнэн цэгнэж, тулгамдсан асуудлуудаа ч дэвшүүлэн тавьсан. Галт тэрэгний эрчимжилт, транзит чингэлгийн галт тэрэг ихсэж байгаа учир Вагон ашиглалтын депогийн хэмжээнд мөрдөж хэрэгжүүлж ажиллах үлгэрчилсэн нэгдсэн технологийн горимыг шинэчлэх ажлыг хийж, одоо батлуулах шатандаа яваа гэнэ.

Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус депогийн харьяа ТҮГ-ууд орон нутагтаа нийтдээ 300 орчим га газар мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна.

Энэ мэт вагончдын өдөр тутам өрнөж буй түмэн ажлаас заримыг нь шүүрдэн тоймловол ийм сонинтой Үндэсний их баяр наадамтай золгож байна. Мартсанаас манай вагончид Үндэсний их баяр наадмын дэвжээнд шагайн харваагаар нэрээ дуурсгасан олон харваачтай. Энэ жил шагайн харвааны алтан зурхай вагончдыг маань ивээх болтугай гэсэн ерөөлөөр энэхүү бичил сурвалжилгаа өндөрлөе.