Толгойт өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Р.Энхмандахаас цөөн асуултад хариулт авлаа.
-Толгойт өртөөнд стратегийн чухал ачаанууд буудаг онцлогтой өртөө шиг санагддаг?
-Тийм шүү. Манай өртөөний хувьд хүнсний томоохон компаниуд болон нефть импорлогч компаниудтай хамтран ажилладаг онцлогтой. Салбар 65 замтайгаас 47 нь байнгын ашиглалттай, нэлээд ачаалалтай.
Өнгөрсөн онд буулгалтын төлөвлөгөөг 107 хувиар биелүүллээ. Үүнийг өмнөх 2022 онтой харьцуулахад 112 хувийн гүйцэтгэл гэсэн үг. Үүнээс гадна нефтийн бүтээгдэхүүний буулгалт өмнөх оноосоо 3881 орчим вагоноор нэмэгдсэн.
Өнгөрсөн оны төгсгөлд түлш шатахуун хомсдох үеэр зарим хүн үүнийг төмөр замын тээвэртэй холбож тайлбарласан тохиолдол гарсан. Яг үнэн чанартаа төмөр замчид нефтийн бүтээгдэхүүний тээвэр, буулгалтыг ямар ч асуудалгүй гүйцэтгэж байсныг бид холбогдох яам, Тамгын газрын шалтгалтынханд баримт нотолгоотойгоор үзүүлсэн. Төмөр замчид улсын хэмжээнд тулгарсан хүнд үед өндөр ачаалалтай ажиллаж, байдлыг хэвийн болгосон.
-Танай өртөөний хувьд жилээс жилд ажлын хэмжээ нэмэгдэж байгаа гэж ойлголоо. Цаашид энэ өсөлтийг даах нөөц хэр байгаа вэ?
-Толгойт өртөөний парк 1072 вагоны багтаамжтай. Гэтэл өнгөрсөн онд 1100-1200 вагоны дүүргэлттэй ажилласан. Тэгэхээр өртөөний паркийн хувьд хамгийн дээд цэгтээ хүрсэн. Мөн өртөө гуравхан сэлгээний илчит тэрэгтэй. Олон салбар замтай учраас сэлгээний илчит тэрэг нэмэх шаардлагатай. Ажилчид маань маш өндөр ачаалалтай ажилладаг учраас бараг үдийн завсарлагагүй шахам ажиллаж байна.
-Ингэхэд хүн хүчний хувьд Толгойт өртөө хэр байгаа вэ?
-Өнгөрсөн онд Толгойт өртөөний хувьд орон тоо бүрэн ажилласан нэг ч сар байхгүй. Сард дунджаар гурван орон тоо дутуу ажиллаж байсан. Зуны улиралд хүмүүс ээлжийн амралттай үед бол 6-8 хүн дутуу ажилласан. Хөдөлгөөн цех дээр хүн дутвал Ачаа тээврийн цехээс хүнээ гүйцээж татаж ажиллуулдаг. Тэгэхээр хамгийн их хүн хүчний дутагдлыг манай цехийнхэн нуруундаа үүрч гарлаа. Хүн дутуу ажиллаж байгаа үед ажилчид тулаа гарах, илүү цагаар ажиллах байдал нэмэгддэг. Энэ нь хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн ажилчдын эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг талтай. Бид дутуу орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авах зарыг нээлттэй зарлаж байгаа ч ирэх хүн ховор байна. Шугам замынхаа өртөө зөрлөгөөс хот руу ирж ажиллах сонирхолтой ажилтнуудын талаар судалгаа хийж, ярилцаж байна. Мөн ТЗДС болон Политехникийн коллежтой хамтран ажиллаж байгаа.
