Нүүр Дугаарын сурвалжилга ҮЗЛЭГЭЭС ҮЗЛЭГИЙН ХООРОНД АЖИЛ САЙЖИРЧ БАЙХ УЧИРТАЙ
Дугаарын сурвалжилга

ҮЗЛЭГЭЭС ҮЗЛЭГИЙН ХООРОНД АЖИЛ САЙЖИРЧ БАЙХ УЧИРТАЙ

G.Press 1 долоо хоногийн өмнө 109 үзэлт 1 сэтгэгдэл

Замын даргын хаврын үзлэг хойд хэсэглэлд энэ сарын 19-22-ны өдрүүдэд боллоо. Үзлэгийн комиссыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн нар ахлан ажиллалаа. Үзлэг Сүхбаатар өртөөний Хойд зөрлөгөөс эхэлж, Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа зангилаадын зуны тээвэрлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдал, төлөвлөгөөт үзүүлэлт, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгаж, шийдвэрлэвэл зохих асуудалтай танилцлаа. Сүхбаатар өртөө нь оны эхний улирлын байдлаар гологдол, дутагдал, осолд дөхсөн тохиолдолгүй ажиллаж, 962 галт тэрэг хүлээн авч, 976 галт тэрэг хүлээлгэн өгч, тээврийн төлөвлөгөөг 99-110 хувиар биелүүлж, 66.1 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Зорчигч тээврийн хувьд оны эхний дөрвөн сарын байдлаар 11249 зорчигч, цахимаар 19300 зорчигч явуулж, төлөвлөгөөг 135.8 хувиар биелүүлж, 512 сая төгрөгийн орлоготой ажиллаж, орлогын төлөвлөгөөг 205 хувиар биелүүлжээ. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд хэсэглэлийн хэмжээнд дөрвөн бүлэг, 18 зүйлтэй төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ажээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар зам, сум, дохиолол, холбооны байгууламжид дөрвөн удаагийн цонхны ажил хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр нэгжээр илүү байна. Сүхбаатар хэсэглэлийн хэмжээнд оны эхний улирлын байдлаар 6840 цагийн буюу 312 сая төгрөгийн илүү цаг гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2665 цагаар буюу 150.4 сая төгрөгөөр өссөн. Үүнд нэг талаас 13 ажилтан 16 ажлын байранд 3008 цаг ажилласан нь гол нөлөө үзүүлсэн. Нөгөө талаас энэ оны эхний улиралд амралтын өдрүүд олон байсан учраас ажлын 60 өдөртэй байсан нь нөлөөлжээ. Сүхбаатар хэсэглэлийн удирдлагын зүгээс Замын даргын үзлэгийн комисст хандаж Наушки Сүхбаатар хоорондын замын аж ахуйд хэрэглэдэг суудлын автомашины баталгаат хугацаа дууссан учраас даруй шинэчилж өгөхийг хүслээ. Замын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М.Цогт Сүхбаатар өртөөний удирдлагууд “Байгууллагын хөгжил бүтээмжийг дээшлүүлэх жил”-ийн хүрээнд төлөвлөж хийж байгаа ажил нь тодорхой баримтгүй, зөвхөн нэмэгдсэн, сайжирсан гэсэн үгэн дотор эргэлдэж байгааг шүүмжиллээ. Түрүүч нь I нүүрт Сүхбаатар өртөөнд болсон үзлэгийн дүнгийн хурал дээр Суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда хэлэхдээ “Сүхбаатар өртөө оны эхний улирлын байдлаар 12 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 1.1 сая тонноор илүү гэсэн үг. Ийм том амжилт гаргахад хүчин зүтгэл гаргасан нийт төмөр замчдадаа баярлалаа. Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан ажилтнуудынхаа цалин хөлс, бусад тэтгэмж, тусламжийг тасалдуулахгүйн тулд зарим засвар үйлчилгээний ажлуудыг түр зогсоосон байгаа. Гэхдээ засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай холбогдох сэлбэг хэрэгслийг татан авах бэлтгэл ажлыг хийж байгаа. Тухайлбал, Улаанбаатарт төмөр бетон шилжүүлгийн ажил маш сайн хийгдэж байна” гэв. Замын даргын үзлэг 2026 оны тавдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Дархан зангилаанд үргэлжиллээ. Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн тэргүүтэй Замын орлогч дарга нар Дархан өртөө, Татах хэсэг, Вагоны засвар үйлчилгээний төв, Замын I анги зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Дархан өртөө нь оны эхний улиралд 1.2 сая тонн ачаа ачиж, төлөвлөгөөгөө 102 хувиар биелүүлсэн бол 6772 вагон буулгаж, төлөвлөгөөгөө 113 хувиар биелүүлжээ. Энэ хугацаанд 38602 зорчигч явуулж, төлөвлөгөөгөө 117 хувиар биелүүлсэн байна. Өртөөний хэмжээнд нэг гологдолтой, дутагдал, зурмагийн тасалдалгүй ажиллажээ. Энэ хугацаанд Дархан өртөө нь ашиглалтаар 79.7 сая төгрөгийн ашигтай, үйлчилгээгээр 9.9 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Дархан өртөөний хамт олон 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр 214 вагон буюу 14388 тонн ачаа ачиж шинэ дээд рекорд амжилт тогтоосон байна. Дархан Татах хэсэг ашиглалтын хувьд нэг сая 574.4 мянган тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөгөө 102.6 хувиар биелүүлжээ. Засварын үндсэн үзүүлэлтийн хувьд 63 тэрэг засварлаж, төлөвлөгөөгөө 103.03 хувиар биелүүлжээ. Гэвч засварласан галт тэрэгний тоо хоёроор дутуу байна. Ашиглалтын нийт зардал 6.6 хувиар өсөж, нийт алдагдал 924 сая төгрөгт хүрсэн нь түлш, шатахуун, материалын үнийн өсөлт, цайны газрын алдагдлаас шалтгаалж байна гэж Татах хэсгийн дарга Бат-Эрдэнэ хэллээ. Үүнийг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков үгүйсгэж, дөнгөж энэ оны гуравдугаар сараас л шатахууны үнэ өссөн байтал яагаад ийм их алдагдал гарсныг нарийвчлан тогтоохыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Дархан зангилаанд хийсэн Замын даргын үзлэгийн дүнгийн хурал Замын I ангийн хурлын танхимд болов. Хурлын эхэнд Дархан зангилааны ахмад төмөр замчид урлагийн тоглолт үзүүлж, цугласан олны сэтгэлийн хөгийг хөдөлгөж чадав. Дүнгийн хурлын өнгө аясад энэ нь эерэгээр нөлөөлж байгааг Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн онцолж байлаа. Өнгөрсөн намрын үзлэгээр өгөгдсөн Дархан хэсэглэлийн зам дагуух есөн гүүр, хоолойн шанааг хүчжүүлэх ажил хийх үүрэг өгөгдсөн ч хийгдээгүй байна. Иймд энэ оны зургадугаар сарын 1-ний дотор хийж гүйцэтгэх шаардлагатай. Мөн Дархан Сүхбаатар, Дархан-Шарын голын зам хооронд их хэмжээний модон болон бетонон дэр солигдсон тул үүнийг татаж авах ажлыг зохион байгуулахад Замын захиргааны зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг улсын байцаагч хэлж байв. Дархан татах хэсэгт 13 хяналтын камер ажиллах ёстойгоос ес нь ажиллагаагүй байна. Өнгөрсөн намрыг үзлэгээр үүнийг засах шаардлага өгсөн боловч одоо хэр нь засахгүй байгаагийн цаад учрыг олох хэрэгтэй гэж улсын байцаагч нэлээн ширүүн хэллээ. Иймд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхээр боллоо. Дархан-1 өртөөний ажилчдын хоолны газрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж нь цаашид ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь нэгдүгээрт, сүүлийн үед махны үнэ эрс өссөн, хоёрдугаарт, төмөр замчдын харилцаа хандлага муу байна, гуравдугаарт хоол үйлдвэрлэлийн хэсэгт засвар үйлчилгээ хийгдээгүй, хана таазны будаг шохой нь унаж байгаа зэрэг шалтгаанаас болж цаашид хоол үйлдвэрлэл эрхлэх боломжгүй боллоо гэж мэдэгдсэн байна. Иймд Дархан зангилааны дарга, Кэйтеринг-зочлох үйлчилгээний хэлтсээс хамтран ажиллаж, тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байгааг улсын байцаагч хэллээ. Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр “Дархан татах хэсэг зуны тээвэрт 36.5 галт тэрэг засварлахаас одоо 29.5 тэрэг буюу 80.8 хувийг засварлаад байна. Дархан тээвэр үйлчилгээний газар зуны тээвэрт 226 вагонд засвар үйлчилгээ хийсэн байна. Ажлын хувьд хэвийн явж байна. Тоон үзүүлэлт нэг хэрэг, одоо чанарт онцгой анхаарах хэрэгтэй” гэж хэллээ. Сүхбаатар, Дархан зангилаадад болсон үзлэгийн дүнгийн хуралд МТЗ-чдын ҮЭХ-ны дэд дарга Х.Тулга оролцож 2024-2025 оны Хамтын гэрээ 99.5 хувь биелэгдсэн тухай мэдээлж, 2026-2027 оны Хамтын гэрээнд орсон шинэ зүйл заалтын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Замын даргын үзлэгийн үеэр амжилттай сайн ажилласан байгууллага хамт олон, хувь хүмүүсийг цол тэмдэг, мөнгөн шагнал, Баянбуурал амралтад амрах эрхийн бичгээр шагнаж урамшуулж байлаа.

 

Г.Энхбаатар 

 

үргэлжлэл бий

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

1 сэтгэгдэл байна.

Зочин 1 долоо хоногийн өмнө
Авто замаас ялгаатай нь жил ирэх бүр сайжрах ёстой