Зам засварын машинт станцын хувьд замын их засварыг механикжсан хөдлөх бүрэлдэхүүнээр хийж гүйцэтгэдэг. Тэдгээр нь өвөл гадаа зогсож, засвар үйлчилгээ хийх боломжгүй байдаг гэдгийг ангийн дарга Үзлэгийн комисст танилцууллаа. Иймд ангийн зүгээс Амгалан дахь машин, техникүүдийг засварлах, хадгалах зориулалттай ангарыг сунгаж өгөхийг Үзлэгийн комиссоос хүссэн юм.
Төв засварын үйлдвэр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сэргээн засварлах хүчин чадалтай Засвар механикийн үйлдвэр болохоор зорьж байна. Ингэснээр суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний импортоор авдаг сэлбэг хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх, сэргээн засварлах боломжтой болно гэж үйлдвэрийн удирдлага үзэж байгаагаа Үзлэгийн комисст илтгэв. Харин Үзлэгийн комиссийн ахлагч Ш.Нямсүрэн өмнөх хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцох, сайжруулах, үр дүнг гаргах хэрэгтэйг анхаарууллаа.