Дархан хэсэглэлийн Орхон өртөө зуны тээвэрлэлтэд сайн бэлдэж, үзлэгийг амжилттай эхлүүллээ. Орхон өртөөний дарга томилогдоод удаагүй ч энэ оны эхний дөрвөн сарын байдлаар осол, гологдол, дутагдалгүй сайн ажиллаж байна. Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг хангахад анхаарч аймаг орон нутагтайгаа хамтарч 70 сая төгрөгөөр чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбай байгуулж тохижуулжээ.
Үзлэгийн баг Энхтал зөрлөгийн зам сум, холбоо дохиоллын системийг шалгалаа. Тус зөрлөг зуны тээвэрлэлтэд бэлэн байна гэж дүгнэв. Замчдын орон байрны нөхцөл муу байгаа нь ажилчдын тогтвор суурьшилд сөргөөр нөлөөлж байгааг замчид үзлэгийн комисст танилцуулав. Уг асуудлыг судалж шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтанд үүрэг өгөв.
УБТЗ 2025 онд өнгөрсөн оныхоо түүхэн дээд амжилтыг ахиулж 34 сая тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтыг биелүүлэхэд зуны тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулахаас ихээхэн хамаарах юм.
Дархан хэсэглэл 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар гологдол дутагдалгүй ажиллаж, 16557 вагон, 1076074 тонн ачаа ачиж, 6822 вагон буулгаж, 27,9 тэрбум тээврийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэсээ 8,1 хувиар илүү байна.
