Замын даргын үзлэгийн комисс Ногоонтолгой, Аршаант, Давааны, Эмээлт өртөө, зөрлөгийн төмөр замчдын ажлыг шалгаж дууссанаар урд, хойт, төвийн хэсэглэлд үзлэг хийгдэж дууслаа. Энэ удаагийн үзлэгт зангилаадын удирдлага, төмөр замчид сайн бэлтгэж, нийгэмлэгийн төлөвлөгөөт зорилтыг давуулан биелүүлэх, түүхт 75 жилийн ойгоо хөдөлмөрийн бахдам амжилтаар угтахын төлөө мэрийн ажиллаж байгааг харууллаа. Замын удирдлага ч аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын үзүүлэлт, зуны тээврийн бэлэн байдал зэргийг шалгахын зэрэгцээ тулгамдсан хүндрэл бэрхшээлийг нь шийдэхэд анхаарлаа хандуулж, зарим асуудлыг газар дээр нь шийдэж байлаа. Мөн Замын дарга хийж хэрэгжүүлж байгаа ажил, бодлого шийдвэрээ төмөр замчдад танилцуулж байсан нь замын удирдлага төмөр замчдадаа ажлаа тайлагнадаг шинэ жишгийг бий болгов. Үзлэгийн явцад тээврийн хэмжээ өсч, галт тэрэгний эрчимжилт эрчимтэй нэмэгдэж байгаа нь тодорхой харагдаж байв. Зөвхөн Давааны зөрлөг гэхэд л 2024 оны эхний дөрвөн сард ачааны 4598 галт тэрэг хүлээн авч явуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 431 галт тэргээр илүү байна. Мөн 2178 урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг хүлээн авч явуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 689 галт тэргээр илүү байна. Энэ нь улс орны эдийн засгийн өсөлт, замын удирдлага, нийт төмөр замчдын хамтын хүчин чармайлтын үр дүн гарч байгаагийн бодит жишээ юм.