Урд шугам замд үзлэг хийж байгаа багийнхан Замын-Үүд зангилааны ажилтай танилцан улмаар наашлан Сумангийн зоо, Цагаан хад, Номт зөрлөгийн төмөр замчидтай уулзлаа. Дээрх зөрлөгүүд үзлэгийн комисст "Онц" дүнтэй шалгуулав. Энэ үеэр Сумангийн зоо зөрлөгийн туслах ажилтан, 28 жил ажилласан А.Батжаргалыг "Хүндэт үнэмлэх"-ээр, Цагаан хад зөрлөгийн Замын хэсгийн жолоочоор 40 жил тасралтгүй ажилласан Ө.Эрдэнэжавыг "Төмөр замчны алдар" цол, тэмдгээр шагнаж урамшууллаа.
Улаан-Уул өртөөний өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаснаар Замын-Үүд зангилааны хэсэглэл дууслаа. "Тулгуур өртөө хэсэглэлийн хэмжээнд өвлийн тээвэрт сайн бэлтгэсэн байна" хэмээн комисс дүгнэлээ. Үзлэгийн комиссийн ахлагч О.А.Казаков Улаан-Уул өртөөний аж ахуйн нэгжийн ажилтай танилцаад ажил, үйлсээрээ бусдыгаа тэргүүлсэн тус өртөөний Уурын зуухны механик Г.Энхтүвшин, Замын хэсгийн мастер Г.Баярчимэг нарыг "Хүндэт үнэмлэх"-ээр, Замын-Үүд өртөөний Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Б.Ариунболорыг "Онц хөдөлгөөнчин" цол, тэмдгээр шагнав.
Үзлэгийн комисс Сайншанд хэсэглэлийн Долоодын хөндий, Өргөн өртөөдийн ажлыг шалгалаа. Тус өртөөдийн төмөр замчид өвлийн тээвэрт хангалттай сайн бэлтгэж, "Онц" дүнтэй шалгуулав.