Үзлэгийн комисс Туул зөрлөгийн зам сум, холбоо дохиоллын байгууламжийн хэвийн үйл ажиллагааг шалгаснаар урд хэсэглэлд ажилласан Замын даргын үзлэг өндөрлөлөө. Үзлэгээр аж ахуйн нэгжийн удирдлагууд чиглэл хариуцсан байцаагчдын илрүүлсэн зөрчил, дутагдлыг арилгаж, зуны тээвэрт бэлтгэх хугацаатай үүрэг, даалгавар өгөв. Замын урд хэсэглэлд элбэг буй шинэ залуу төмөр замчдыг сургаж, дадлагажуулах шаардлагатайг Үзлэгийн комиссийн ахлагч Ш.Нямсүрэн анхаарууллаа. Улмаар, ГТХАБ, ХАБЭА, САХИЛГА БАТ-ыг чанд сахиж галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй, найдвартай байдлыг хангах нь чухал юм. Замын урд хэсэглэл зуны тээвэрт бэлэн гэж Үзлэгийн комисс дүгнэлээ.
Замын даргын Үзлэгийн комисс урд замд ажиллах хугацаанд гарамын аюулгүй байдал, аюултай бүсийн дэглэм хангагдахгүй байгаа тухай хэд хэдэн удаа хөндөгдөв. Төмөр замын аюултай бүсээр явган зорчигч, автомашины аль аль нь зөвшөөрсөн гарц, гармаар анхаарал болгоомжтой нэвтрэн өнгөрөх ёстой. Гэтэл галт тэрэг ирж байхад төмөр зам дээр хүн, автомашин байснаас яаралтай тоормос хийсэн тохиолдол гарсаар байна. Хэдхэн хоногийн дараа УБТЗ Олон улсын гарамын мэдлэг дээшлүүлэх өдөрлөгийг 10 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлнэ. Иймд салбар, аж ахуйн нэгжийн удирдлагууд төмөр замын аюултай бүсийн дэглэмийг чанд сахин мөрдүүлэхэд анхаарч орон нутаг, үйлчлүүлэгч байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг Үзлэгийн комиссийн ахлагч Ш.Нямсүрэн хэллээ.