Нүүр Дугаарын сурвалжилга Урд бүсийн хөдөлгөөнчдийн зөвлөгөөн  Замын-Үүд зангилаанд боллоо
Дугаарын сурвалжилга

Урд бүсийн хөдөлгөөнчдийн зөвлөгөөн  Замын-Үүд зангилаанд боллоо

G.Press 1 жилийн өмнө 51 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Зөвлөгөөнд Замын-Үүд, Сайншанд, Чойр өртөөний 240 хөдөлгөөнчин оролцов. Зөвлөгөөнийг нээж  УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн, ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрээр, "Хөдөлгөөнчин бидний хамгийн чухал ажил галт тэрэгний хөдөлгөөний  аюулгүй байдлыг хангаж, 2025 онд тээвэрлэхээр тохирсон 34 сая тонн ачаагаа тээвэрлэж улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. УБТЗ ХНН-ийн 75 жилийн туршид Монол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг Монгол төр өндрөөр үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан. Энэ бидний хувьд түүхэн чухал үйл явдал байсан. Энэ хайр хүндэтгэлийг сайн биелүүлж 34 сая тонн ачаагаа саадгүй тээвэрлэж галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажиллах нь бидний үүрэг юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 10-14-ний хооронд Улаанбаатар хотод 11 орны төмөр замуудын хооронд ачаа тээвэрлэх зөвлөгөөн болсон. Энэ зөвлөгөөнөөр 11 улс хооронд 130 сая тонн ачаа тээвэрлэхээр тохиролцсон. 130 сая тонн ачаанаас УБТЗ гадаад худалдааны ачаа буюу экспорт, импортын тээвэр нийлээд  22 сая тонн ачаа тээвэрлэхээр тохирсон. Энэ 22 сая тонн ачаанд Замын-Үүд зангилааны  хамт олны үүрэг хариуцлага өндөр. Замын-Үүд зангилаа улсын урд хил дээр оршдог, Хятадын төмөр замтай салшгүй байнгын холбоотой ажилладаг энэ экспортын ачааг тээвэрлэхэд та бүхний үүрэг маш чухал. Замын-Үүд зангилаа 2024 онд тээврийн үзүүлэлтүүдийг биелүүлж ажилласан. Мөн Чойр зангилааны хамт олон өнгөрсөн онд хамгийн их ачилт буюу есөн сая орчим тонн ачааг ачиж, ачилтын дээд амжилтыг тогтоосон. Замын орлогыг нэмэгдүүлэхэд түүхэн чухал хувь нэмрээ оруулсан. Сайншанд зангилааны хувьд бидэнтэй мөр зэрэгцэн Монголын төмөр зам, Тавантолгой, Болдтөмөр Ерөө гол төмөр замууд хамтран ажиллаж байгаа. Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Сайншанд зангилаа гол үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн онд улс дотроо ачаа дамжуулалтын сайн хийсэн. Зүүнбаян-Сайншанд хоорондын замыг хөгжүүлэх нэн тэргүүний шаардлагатай байна. Энэ онд УБТЗ 34 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн нь тээх  нэвтрүүлэх боловсруулах чадварын хамгийн дээд цэгт хүрсэн бид хэмжээнээсээ 18-20 хувь ачааг илүү тээж байгаа. 2025 онд бидэнд тулгарч байгаа олон асуудлууд бий. 34 сая тонн ачааг хэрхэн асуудалгүй тээх вэ, цаашлаад УБТЗ-ыг хос замтай болгох, цахилгаанжуулах, хилийн  болон бүх өртөөдийн боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байгаа. 2030 онд бид 50 сая тонн, 2050 онд 90 сая тонн ачаа тээхээр төлөвлөж буй. Энэ их ажлыг хийхийн тулд та бид нөр их хичээнгүй хөдөлмөрлөх шаардлагатай. УБТЗ-ын ажилчид, төмөр замчид бидний үнэтэй капитал” хэмээн онцоллоо.

Урд бүсийн хөдөлгөөнчдийн зөвлөгөөний  2024 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийг Замын-Үүд зангилааны дарга Ч.Сугирбаатар танилцуулсан юм. Замын-Үүд, Сайншанд, Чойр зангилаа нийтдээ 18 зүйл заалттай ажил төлөвлөснөөс 100 хувийн биелэлттэй 12 ажил, 50 хувийн биелэлттэй тав, хийгдээгүй нэг ажил хийгдээгүй байгаа нь 2025 оны ажлын төлөвлөгөөнд дахин тусгагдаж үргэлжлүүлэн хийгдэх юм байна. Ажлын биелэлт 80.5 хувьтай биелжээ. Зөвлөгөөнд оролцогчид 2025 оны ажлын төлөвлөгөөгөө QR кодоор уншуулж саналаа өгч нэгтгэхээр зохион байгуулжээ.

 

Гологдол өмнөх оноос буурчээ

 

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар УБТЗ-ын Тээврийн хяналтын хэлтсийн Урд, хойд, төв хэсэглэл хариуцсан  ахлах байцаагч бөгөөд албаны орлогч дарга Л.Пүрэвсүрэнгийн илтгэлд дурдсанаар Тээврийн үндсэн үзүүлэлт хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлт төдийлөн таатай байсангүй. 2024 онд Замын хэмжээнд аюулгүй байдлын чиглэлээр гологдол 62 гарсан нь өмнөх оноос буурсан үзүүлэлтэй. Дутагдал 722 гарсан нь 32 нэгжээр нэмэгджээ. Урд хэсэглэл 18 гологдолтой ажилласан байна. Гологдол дутагдлыг бууруулах чиглэлээр Замын хэмжээнд олон шинэлэг ажил төлөвлөж хийснээр дээрх үзүүлэлтүүд жилээс жилд буурч байгаа ажээ.  УБТЗ 2023 онд Тээврийн аюулгүй байдлын бодлогын бичиг баримтыг боловсруулж, дунд хугацааны хөтөлбөртэй болсон. Гурван үе шатттайгаар хэрэгжүүлснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, гологдол дутагдлыг бууруулах зорилготой. 2024 онд “Аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх”, 2025 онд “Ажилтны мэдлэг ур чадварыг сайжруулж аюулгүй байдлын соёлыг дээшлүүлэх” Замын даргын тушаал гарч хэрэгжүүлж ажиллаж байна. Олон ажил хийж байгаагаас тухайлбал, Е нормативыг цахимжуулах ажил хийгдэж байна. Сүүлийн жилүүдэд говийн бүсэд хур бороо их орж, үер ус дайрах тохиолдол ихэссэнтэй холбоотой усзүйн тооцоо судалгаа хийсэн байна. ГТХАБ-ын хүчин зүйлийг бууруулах чиглэлээр эрсдэлийн үнэлгээ тогтоох тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, гарч байгаа гологдол дутагдлыг бууруулах, хамгийн үндсэн ажил бол хөдөлгөөнтэй холбоотой албадын ажлын уялдааг сайжруулж, хамтын ажиллагааг дээшлүүлснээр аюулгүй байдлын үндсэн үзүүлэлтийг бууруулах боломжтой. 2024 онд хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх болзолт уралдаан зарласнаар Сайншанд Татах хэсэг тэргүүн байр эзэлсэн. Сайншанд Татах хэсгийн машинч н.Энхбаяр замын чиглэлийн гэмтэл саатлыг илрүүлж, “Аюулгүй байдлын төлөө” тэмдгээр шагнуулжээ. Мөн тус хэсэг нь 2023 онд ашиглалтын чиглэлээр гологдолгүй ажилласан байна.

Гармын аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр энэ онд Улаанбаатар-Амгалан 407 дугаар км, Олон-Овоо-Өлзийт 704 дугаар км-т төмөр зам доогуур гарсан хонгилон гарц барих, Улаанбаатар-Амгалан 407 дугаар км, Улаанбаатар өртөөний ТЭЦ-4 гарам, Дархан-2-Шарын гол 27 дугаар км, Наран-Элгэн-Оорцог-Энгэр 596 дугаар км-т дэх гармыг хаахаар төлөвлөжээ. Орхон өртөөний 73 дугаар км, Мандал өртөөний 313 дугаар км, Сонсголонгийн  хоёрдугаар км , Өргөний 937 дугаар км-т хориглолын байгууламжаар тоноглож, жижүүрийн зохицуулалттай болгох юм байна. Гарам дээр автомашин дайрснаас яаралтай тоормоз хийлгэсэн, дайруулсан, гармын төхөөрөмжийг гэмтээсэн гологдол дутагдал долоо гарсан тул энэ онд гармын аюулгүй байдлын чиглэлээр 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлууд хийгдэхээр болжээ.

Олон улсын жишигт хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлтийг сая.тн км-т харьцуулдаг. 2020 онд нийтдээ 30 сая тонн ачаа Замын хэмжээнд тээвэрлээд 73 гологдолтой ажиллаж байсан бол 2024 онд  33.4 сая.тн ачаа ачиж 62 гологдолтой ажилласан нь аюулгүй байдлын үзүүлэлт нь  сайжирч байгаа хэрэг юм. Цаашид шинэ залуу ажилтнуудыг онол, дадлага хослуулан зөв дадал хэвшилд сурган ажлын талбарт бэлтгэн гаргах. Замын даргын А-2 тушаалын дагуу хөдөлгөөнтэй холбоотой албадын ажлын уялдааг сайжруулан аюулгүй  байдлын соёлыг төлөвшүүлэн гологдол дутагдлыг гаргахгүй ажиллах. А-828 тоот тушаалын дагуу “Эрсдэлийн үнэлгээний” багийг  чадавхижуулан сургаж эрсдэлийг  зөв тогтоох, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг оновчтой төлөвлөн, төлөвлөсөн ажлуудыг  чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа ажээ.

 

2025 онд 350000 мод тарих тарина

 

2024 оны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлын үзүүлэлт, бодлогын чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, 2025 оны төлөвлөлтийн  талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны дарга А.Энх-Амгалан танилцуулга мэдээлэл хийсэн юм. УБТЗ-ын үнэт зүйл болох ажилтан, харилцагч, үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл мэнд хамгаалах бодлогын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урт, дунд хугацааны ослыг тэглэх зорилтын хүрээнд ХАБЭА алба долоон дүрэм журмыг шинэчлэн батлуулан мөрдөж, хяналт тавин ажиллаж байна. 2024 онд Замын хэмжээнд 235 ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийгдсэн. Хэвийн бус нөхцөлтэй ажлын байрны орчин  нөхцлийг сайжруулах төлөвлөгөөний дагуу 30 ажлын байр хийхээр төлөвлөгдсөнөөс 28 ажлын байрыг сайжруулах ажил хийсэн. Замын хэмжээнд өнгөрсөн онд 14 осол, хурц хордлого бүртгэгдсэн байна. Тээвэр зохион байгуулалтын алба ослыг тэглэж сайн ажиллажээ. Яаралтай тоормоз хийсэн 63 тохиолдол гарсан нь аюултай бүсийн дэглэмийг мөрдөж, ажил үүрэг гүйцэтгэхэд онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна. Замын даргын А-03 тушаалаар тухайн жилийн ХАБЭА-н чиглэлийн зорилго зорилтыг баталж хэрэгжлүүлдэг. Замын нэгдсэн үзлэгийг 11 зангилаанд зохион байгуулж 1101 үл тохирлыг илрүүлж арилгуулсан. МТЗ-чдын ҮЭХ-той хамтран “Аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх”, “Зөв ажлын дадлыг түгээх” зорилгоор нийт бүтцийн ажилчдын ХАБЭА хариуцсан ажилтнуудын дунд үе шаттай уралдаан, идэвхжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулахад Замын-Үүд зангилааны хамт олон идэвхтэй сайн ажиллажээ. ХАБЭА-н ажлыг чадавхжуулах, ур чадварыг сайжруулах сургалтыг бүх зангилаанд хийсэн байна. Экологийн чиглэлийн хүрээнд байгаль орчинд хор хөнөөлтэй хог хаягдлын судалгааг хийх, ангилан хаях, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, байгаль орчинд ээлтэй  нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа, олон улсын болон үндэсний байгаль хамгаалах байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх төсөл хөтөлбөрт удирдах ажилтнуудыг  хамруулж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 4.0 сая мод тарихаас 181984 мод тарьсан. 2030 онд хүртэл 3.8 сая мод тарихаас энэ онд 350000 мод тарих зорилт тавьжээ.  Жил бүр Монгол Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сар болгон зарладаг. Нийгэмлэгийн хэмжээнд сарын аяныг Дэлхийн хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил, хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор өрнүүлэх, 2025 онд дэвшүүлсэн  ХАБЭА-н чиглэлээр дэвшүүлсэн зорилго зорилтыг бүрэн хангаж ажиллах юм байна.

 

156 бүтээл нэвтрүүлж, 4.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг, хэмнэлт гаргав

 

2024 онд тээврийн ажлын үзүүлэлт, хэрэгжүүлсэн ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, 2025 онд төлөвлөж байгаа ажлын талаар Техникийн бодлого, стандарчиллын албаны орлогч дарга  Л.Энхболд танилцуулав. УБТЗ-ын ХНН-ийн 2030 он хүртэлх “Техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2018-2024 онд нэг зөрлөг, найман өртөөнд зам нэмж барьсан. Таван өртөөний замыг сунгаж Сүхбаатар өртөөг өргөтгөсөн байна. Ачааны 14 , сэлгээний арван зүтгүүр авсан. 154.8 км замд их засвар хийж, 14.6 км өргөн царигийн, 4.6 км нарийн царигийн хоёр дахь замыг барьжээ. 44.14 км гол замд их засварын ажил гүйцэтгэж, 6.0 км замын дунд засварын ажил хийгджээ. Ус өнгөрүүлэх хоолой, гүүрийг шинэчлэн өргөтгөх ажлын хүрээнд 12 бетонон хоолой, гол замын 559 дугаар км-ийн нэгдүгээр зуутад уснаас хамгаалах 34.82 метр төмөр бетонон гүүр барьсан. Ногоонтолгойн зөрлөгийн 334 дүгээр км-ийн  гуравдугаар зуутад шинээр барих гүүрийн холбох замын ажил хийгдэж дуусжээ. Цайдам, Хангай, 36 дугаар зөрлөг өргөтгөлийн ажил хийснээр  галт тэрэгний урт, жин нэмэгдэж, замын тээх чадвар дээшилсэн. Дээрх өртөөдөөр галт тэрэг саадгүй зөрснөөр Салхит-Дархан, Багахангай-Чулуут, Сайншанд-Авгын гол хэсэгт нэврүүлэх чадварыг нэмэгдүүлсэн.  Өртөөдийн замыг  1291-1658 метр болгож сунгаснаар урт бүрэлдэхүүнтэй нийлмэл чингэлгийн галт тэргийг зөрүүлэх боломжтой болсон. Мөн давхар зөрлөг буюу нэг зэрэг гурван галт тэрэг зөрүүлэх боломжтой болсон байна. 36 дугаар зөрлөгийг цувраа маягийн  хоёр парктай болгосноор гал тэргийг зогсолтгүй зөрүүлэх, гүүр барьснаар жил бүр аадар бороо орох үед энэ газарт зам угаагдаж хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлдэг байсныг арилгажээ.

Таван илчит тэрэг худалдан авсан, зорчигч үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд Зорчих үйлчилгээний төвийн хонгилон гарцыг зургаан хэсгээс бүрдсэн 102 метр урсдаг замыг шинээр тоноглон, дотоод засал тохижилтыг иж бүрэн хийснээр галт тэргэнд зорчигчид бууж суухдаа  тав тухтай , аюулгүй үйлчлүүлэх боломжтой болсон. Мөн Зүүнхараа өртөөнд 40 айлын орон сууц, Улаанбаатар хотод 200 хүүхдийн цэцэрлэгийн ажил хийгдэж байна.

Энэ онд төмөр замын их засвар, шинэчлэлийн хүрээнд  Олон-Овоо-Цомог-Айраг хоорондын 34 км замд их засвар хийнэ. Сайншанд-Зүүнбаян хоорондын замын хэсэгчилсэн шинэчлэл, гурван гармыг шинэчлэн тоноглоно. Оорцог-Энгэр, Сайншанд, Бор-Өндөр,Толгойт өртөөнд өргөтгөл, техникийн шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Улаанбаатар Татах хэсэгт илчит тэрэгний цахилгаан машин засварлах цех барих, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод 300 ширхэг хос дугуй угсрах юм байна. Замын хэмжээнд өнгөрсөн онд  нийт 156 бүтээл нэвтрүүлж, 4.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг, хэмнэлт үзүүлсэн байна. Мөн “Шилдэг зохион бүтээгч”, “Шилдэг хөгжүүлэгч”, “Шилдэг зохиогч” гэсэн номинаци нэмэгдэж, жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр “Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдөр”-өөр шилдэг бүтээлээ шалгаруулж үзэсгэлэн гаргадаг уламжлалтай.

“Өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хөдөлгөөнчид бид аюулгүй, түргэн шуурхай, найдвартай хэрхэн тээвэрлэх вэ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. УБТЗ-ын нийт ачаа тээврийн 60 орчим хувь нь Замын-Үүд, Сайншанд, Чойр өртөөгөөр дамжин өнгөрдөг. Урд хэсгийн хөдөлгөөнчдийг төлөөлж хэлэлцүүлгийн панелистаар Сайншанд өртөөний галт тэрэгний найруулагч, 2024 оны Замын мэргэжлийн аварга В.Цэрэн-Очир, Замын IV ангийн 14 дүгээр хэсгийн мастер Б.Алтангэрэл, Дохиолол холбооны III ангийн зургадугаар хэсгийн инженер Б.Идэрбат, Воганы ашиглалтын депогийн вагон үзэгч Э.Есүхэй, Сайншанд өртөөний Татах хэсгийн түлшний зааварлагч Г.Саруул-Од, Шивээ-Овоо өртөөний дарга М.Оюун-Эрдэнэ  зэрэг хамт олноо манлайлагч залуучууд оролцлоо.  Тэд модератор Ч.Сугирбаатарын тавьсан 12 асуултад өөр өөрийн өнцгөөс мөн хөдөлгөөнчин хүний хувьд юу бодож явдгаа илэрхийлсэн. Зөвлөлгөөний үеэр QR кодоор ирсэн  саналыг зайлшгүй  болон судлан шийдвэрлэх гэж ангилснаас Замын-Үүд өртөөнөөс 18, Сайншанд өртөөнөөс тав, Чойр зангилаас есөн санал ирүүлсэн байна. Хөдөлгөөнчдийн зөвлөлгөөн хойд бүсэд үргэлжилж байна.

 

П.Түмэндэмбэрэл

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.