Замын даргын хаврын үзлэг энэ удаад Улаанбаатар зангилаанаас эхэлж, төвийн хэсэгт үзлэгийн нэг, хоёрдугаар комисс энэ сарын 5-7-нд төвийн хэсэгт ажиллалаа. Үзлэгийн нэгдүгээр комиссыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн нар ахалж, төвийн хэсгийн хөдөлгөөнтэй шууд холбоотой салбар нэгжийн зуны тээврийн бэлтгэл, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл явцтай танилцлаа.
Шинэ цех удахгүй үүдээ нээж, өрхөө татах нь ээ
Үзлэгийн комисс Улаанбаатар Татах хэсэгт ажиллах үеэрээ мөдхөн үүдээ нээхээр зэхэж буй Цахилгаан машины цехээр орж, үйл ажиллагаагаа эхлэх бэлтгэл хэр хангагдсаныг үзэж танилцлаа. Цехийн сендвичин барилгын ажлыг тендерээр шалгарсан “Мото блок” ХХК барьж, өнгөрсөн жил ашиглалтад хүлээлгэн өгчээ. Түүнчлэн, тус цехэд нэгдүгээр ээлжийн 11 шинэ тоног төхөөрөмжийг суурилуулж, ажиллагаанд бэлэн болгосон байна. Хоёрдугаар ээлжийн тоног төхөөрөмжийн тендер зарлагдсан байгаа аж. Улаанбаатар Татах хэсгийн хамт олон шинэ цехээ энэ сарын 25-нд албан ёсоор нээхээр бэлтгэл ажлаа хангаж байгаагаа үзлэгийн комисст илтгэлээ. Энэ бол УБТЗ-ын хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл юм.
Тус депогийн хувьд 2026 оны эхний улиралд бохир тонн/км-ийн төлөвлөгөө 101, техникийн хурд 101, галт тэрэгний дундаж жин 100, зүтгүүрийн хоногийн дундаж гүйлтийн төлөвлөгөө 101 хувиар тус тус биелсэн байна. Илчит тэрэгний хоногийн дундаж бүтээмж 98, хоногийн дундаж парк ашиглалтын гүйцэтгэл 102 хувийн гүйцэтгэлтэй, төлөвлөгөөт үзүүлэлтүүд боломжийн биелэлттэй явна. Мөн өнгөрсөн онд хос дугуйн зорлогын машин эвдэрч, уг машиныг засварлах асуудал тулгамдаад байсан. Тус депогийнхон энэхүү машинаа өөрсдийн нөөц бололцоог ашиглан засварлаж, энэ оны хоёрдугаар сард ажилд оруулсан байна. Ингэхдээ 197 сая төгрөгөөр төсөвлөсөн засварыг тэд 129 сая 288 мянган төгрөгт багтаан гүйцэтгэж, багагүй мөнгө хэмнэжээ.
Үүнээс гадна Ойрхи Дорнодын геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тэнгэрт хадаж, түүний сүүдэр манай тээвэрт тусаж, байдал тун хүндхэн болсон. Үүнээс шалтгаалан 2026 он “бүсээ чангалах”-аас аргагүйд хүрсэн дээ. Ийм цаг үед тус депогийнхон түлшний зарцуулалтын төлөвлөгөөнөөс 670.5 сая төгрөгийн хэмнэлттэй ажиллаж байгаа зэрэг нааштай үзүүлэлтүүдийг илтгэлдээ нь дурдлаа. Мөн илчит тэрэгний эд ангиудыг сэргээн засварласнаар багагүй хэмнэлтийг гаргаж байгаагаа үзлэгийн үеэр танилцуулсан юм.
Гэвч депогийн хэмжээнд зүтгүүрчдийн хувьд сүүлийн жилүүдэд хүний нөөцийн дутагдал “шүдний өвчин” болоод байгаа. Энэ нь депогийн хэмжээнд илүү цаг өсөхөд голлох нөлөө үзүүлж байна гэв. Тухайлбал, оны эхний улиралд л гэхэд 23504 илүү цагийн тооцоо гарсны 7107 цаг нь зүтгүүрийн бригадын орон тоо дутуугаас, 2362 цаг нь зүтгүүрийн бригадын технологит хугацаа хэтэрснээс, 2683 цаг нь тэрэгтэй резервийн явалтаас, 4688 цаг нь тэрэггүй резервийн явалтаас, 4168 цаг ажиллагсдын өвчлөлөөс, 2496 цаг гачигдлын чөлөөнөөс шалтгаалсан гэх судалгаа байна.
Түүнчлэн тус депо зуны тээврийн бэлтгэл ажлын хүрээнд 51.5 илчит тэргийг хаврын комиссын үзлэгт оруулахаас энэ сарын 04-ны байдлаар 30.5 илчит тэргийг бүрэн хамруулж төлөвлөгөөний гүйцэтгэл 59.22 хувьтай үргэлжилж байна. Зургадугаар сарын 8 гэхэд үлдсэн илчит тэргүүдийг зуны тээвэрт бүрэн бэлтгэж амжина гэдгээ тус депогийн дарга Батдэлгэр илтгэлээ. Ийнхүү тус депогийнхон энэ жил түүхт 70 жилийнхээ ойтой амжилт, ололт, хүндхэн сорилтыг даван туулсаар золгож байна. Тус депогийн ҮЭ-ийн хороо захиргаатайгаа хамтран түүхэн ойгоо амжилт ололттой угтахаар хүч хавсран зүтгэж буйгаа тайлагнаж, хамт олны урам зориг, ахмад үеийнхний бахархал түүхийг дархлан 70 жилийн ойгоо тэмдэглэх зөвшөөрлийг Замын нэгдүгээр орлогч даргаас хүссэн ч түлш шатахууны үнийн өсөлт УБТЗ- хүнд цохилт болж байгааг учирласан билээ.
“Нэг цэгийн үйлчилгээ” үүдээ нээв
Шулуухан хэлэхэд АБТЭМА-ийн ажил сүүлийн жилүүдэд нэг л дундуурхан, ангийн аж ахуй ч гундуухан явсан. Шалтаг шалтгаан тоочвол олон зүйл байсан л байх. Харин Э.Болорхүү дарга энэ оны нэгдүгээр сард тус байгууллагын даргын албанд томилогдоод богино хугацаанд багагүй ажил амжуулжээ. Шинэ дарга ажлын байрны засвар тохижилт, өрөө тасалгаа, гадна талбайн зохион байгуулалт гээд гадна дотногүй өөд татах, эмхэлж цэгцлэх ажилд ханцуй шамлан орсон байна. Ямартай ч үзлэгийн комисст үзүүлэх ажилтай, хэлэх үгтэй, төлөвлөсөн зүйлтэй угтсан. Гэхдээ тус ангийн хувьд ажил дундуур, ашиг орлого бага, алдагдалтай ажилласан хэвээр байна. Тиймээс энэ байгууллагыг одоо ашигтай ажиллуулах нь гол зорилт болжээ. Гэхдээ тэд “Үйлчилгээний зарим тарифыг бууруулснаар үйлчлүүлэгчдээ татаж ашигтай ажиллана. Тарифыг бууруулж өгөөч” гэсэн хүсэлт нь үзлэгийн комиссын даргад тун эргэлзээтэй сонсогдов бололтой. Тэдний энэ хүсэлтийг шуудхан дэмжих боломжгүй гэдгээ О.А.Казаков дарга илэрхийлнэ билээ. Мөн энэ ангийн харьяа Толгойт, Амгалан хэсэгт ч ажил дундуур, ашиг орлого багатай л байна. Үйлчлүүлэгчдийг хэрхэн татаж, ижил ажил үйлчилгээ эрхэлдэг терминалуудтай зах зээлийн талбарт ямар тактикаар өрсөлдөх вэ гэдэгт тэд ухаан уралдуулах цаг болжээ. Үзлэгийн комисс очих үеэрээ тус байгууллага “Нэг цэгийн үйлчилгээ”-нийхээ нээлтийг хийж, тууз хайчилсан. Энэхүү нэг цэгийн үйлчилгээ нь цаг үеэ олсон зөв шийдэл гэдгийг хамтран ажиллагч Гаалийн байгууллага, тээвэр зуучийн компаний төлөөллүүд дуу нэгтэй байна билээ. Юутай ч ирэх намрын үзлэгийг тус хамт олон “хоосонгүй” угтах болов уу гэх хүлээлт үлдлээ. Даргын зүтгэл, хамт олны идэвх, эрч хүч бол хангалттай байгаа харагдлаа.
ЗЗМС-т тулгамдсан асуудал олон
Замын даргын үзлэгийн үеэр ЗЗМС-ынхан багагүй сорилттой тулгараад байгааг Замын аж ахуйн албаны дарга Отгонтөр танилцуулсан. Юун түрүүнд Амгалан дулааны станцийн өргөтгөлтэй холбогдуулан нийслэлээс тус байгууллагын Механик цехийн хашаа газарт орж, нүүдэл суудал хийхээс аргагүйд тулжээ. Тиймээс тус станц урд аж ахуйн хашаа руугаа нүүж, төвхнөх төлөвлөгөө гаргажээ. Үүнтэй холбогдуулан их барилга, хөрөнгө оруулалтын багагүй ажил хийх шаардлага үүссэн байна. Үүний зэрэгцээ тус станцийн 50-аас дээш жилийн насжилттай тусгай зориулалтын 72 вагон актлагдснаас их засварын ажлын бүтээмж буурч байгаа. Ирэх жил ч актлах вагонууд байгаа аж. Ингэснээр зам шинэчлэлийн ажлыг богино хугацаанд өндөр бүтээмжтэй хийх боломжгүй болж байгаа юм байна. Тиймээс тус станцийн хувьд парк шинэчлэлт хоолойд тулсан асуудал болсон гэдгийг тэд өгүүлж байлаа.
Мөн үзлэгийн комисст тус станцын ҮЭ-ийн хорооны дарга хоппер думпкар вагоны механизатруудын байрладаг вагон сууцнуудыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр тоноглохгүй бол ажилчид халууны улиралд хоол хүнсээ хадгалах боломжгүй тун хүнд нөхцөлтэй байгааг танилцуулж шаардлагатай хөрөнгө оруулалтыг даруй шийдвэрлэх өгөхийг үзлэгийн комиссын даргаас хүслээ.
Чингэлэг тээвэр 47 хувиар буурчээ
Б.Удамбуян даргатай Улаанбаатар хэсэглэлийн хувьд оны эхнээс тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 75-159 хувийн биелэлттэй яваа аж. Амгалан, Багахангай, Мааньт өртөөдөд вагоны сул зогсолт их байгаа нь хэсэглэлийн дунджид нөлөөлсөн байна. Бусад төлөвлөгөөт үзүүлэлтүүд өгөгдсөн төлөвлөгөөгөөр биелж байгаа аж. Гэхдээ өнгөрсөн оны мөн үеэс буурчээ. Тухайлбал, хэсэглэлийн хэмжээнд ачилт өнгөрсөн оны мөн үеэс 4108 вагоноор буурсан байна. Мөн Улаанбаатар өртөөний буулгалт ачааны бүх төрлөөр буурч, тэр дундаа чингэлэг тээвэр 47 хувиар буурсан нь тээврийн орлого буурахад голлох нөлөө үзүүлжээ. Чингэлэг тээвэр буурах гол шалтгаан нь импортын хуучин авто машинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй болсонтой холбогдуулан энэ төрлийн тээврийн хэмжээ буурсан нь нөлөөлж байна хэмээн тайлбарлалаа. Цагтаа чингэлэг тээврийн 90 орчим хувийг хуучин автомашины тээвэр эзэлж байсан гэдэг. Улаанбаатар хэсэглэлийн хэмжээнд тээврийн орлого 5.3 тэрбум төгрөг буюу 18 хувиар буурсан байна. Тулгуур өртөөний хувьд тээврийн орлого 25 хувиар багассан үзүүлэлт гарчээ. Харин Улаанбаатар хэсэглэлийн Багахангай өртөөний тээврийн орлого 66, Мааньт өртөөний тээврийн орлого 92 хувиар өссөн дүнтэй байна.
Түүнчлэн Улаанбаатар өртөөний хувьд дотоод нөөц боломжоо ашиглан ажлын байрны засвар тохижилтыг бага зардлаар хийж, аж ахуйгаа өөд татдаг сайн туршлагатай. Энэ удаад ч Тооцооны цехийн өрөө тасалгааг засварласнаа комисст үзүүллээ.
Усны аж ахуйн тулгамдсан асуудлыг шийдэх өгөхийг хүсэв
Эрчим хүч, ус хангамжийн I ангийн хувьд цахилгааны ахуйгаар 1.0 тэрбум гаруй төгрөгийн ашигтай, харин усны аж ахуй нь 88 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад усны аж ахуйн алдагдлыг 50 орчим хувиар бууруулжээ.
Ангийн нийт дүнгээр нэг тэрбум 49 сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаа аж. Нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаар цахилгааны аж ахуйн төлөвлөгөөний биелэлт 200 хувь, усны аж ахуйн алдагдлын төлөвлөгөөг 20 хувиар бууруулсан, ангийн нийт дүнгээр төлөвлөгөөний биелэлт 255 хувьтай явна.
Төмөр замын цахилгааны хэрэглээ жилээс жилд буурч байгаа юм байна. Тухайлбал, 10 жилийн өмнө төмөр замын салбар нэгжүүдийн цахилгааны хэрэглээ 34 хувь байсан бол энэ онд 23 хувь байгаа аж. Харин гадны аж ахуйн нэгжүүд, ахуйн цахилгааны хэрэглээ өсөж байгаа дүнтэй байна. Цахилгааны гэмтэл саатлын тоо, үргэлжлэх хугацаа буурсан байна.
Тус ангийн хувьд усны борлуулалт хийдэг учраас байгаль орчны нарийвчилсан үнэлгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай байгаа аж. Энэ үнэлгээг хууль дүрмээрээ бол таван жил тутам хийлгэх ёстой ч зардал мөнгөний асуудлаас шалтгаалан 19 жил хийлгээгүй гэв. Хэрэв энэ үнэлгээг хийлгэхгүй бол ус ашиглах зөвшөөрлөө авч, гэрээ байгуулж чадахгүйд хүрч болзошгүй. Эрчим хүч, ус хангамжийн төвийн дарга П.Баяржаргалын танилцуулснаар ЭХУХ-ийн хоёр ангид энэ асуудал адил тулгамдсан бөгөөд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэхэд нийт 120 сая төгрөг шаардагдана гэлээ. УБТЗ-ын хэмжээнд 182 гүний худагтай, эдгээр худгийг ашиглахад энэ үнэлгээг зайлшгүй хийлгэж байх шаардлагатай аж.
Камерын хяналтын системийг яаралтай шийдэх шаардлагатай
Толгойт өртөөний хувьд оны эхний дөрвөн сарын байдлаар ачилтын төлөвлөгөө вагоноор 103.5, тонноор 166.8 хувийн биелэлттэй. Буулгалтын төлөвлөгөө вагоноор 101.2 хувийн биелэлттэй, өнгөрсөн оны мөн үеэс өссөн дүнтэй байгаа аж. Нефтийн бүтээгдэхүүн болон цементийн үйлдвэрийн ачаа, хүнсний бараа бүтээгдэхүүний ачилт буулгалт өссөн байна. Харин чингэлэг, нүүрсний ачилт буулгалт буурчээ. Мөн галт тэрэгний явуулалтын төлөвлөгөө биелсэн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Орон нутгийн вагоны сул зогсолт төлөвлөгөөнөөс нэмэгдсэн ч өнгөрсөн оны мөн үеэс 8.5 цагаар буурсан үзүүлэлттэй байна.
Эхний дөрвөн сараар тээврийн орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 103 хувиар биелжээ. Сэлгээний цаг ашиглалт дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 98 хувийн биелэлттэй, тавдугаар сарын 4-нөөс сэлгээний дөрөв дэх илчит тэрэг ажиллаж эхэлжээ. Энэхүү сэлгээний илчит тэрэг өдрийн цагаар Аршаант өртөөнд, шөнийн цагаар Толгойт өртөөнд ажиллах юм байна.
Тус өртөөнөөс үзлэгийн комисст нэг л хүсэлт тавьсан нь А, Б паркийн хуримтлалын замыг камерын хяналтын системээр тоноглох байлаа. Уг асуудал өмнөх үзлэгийн үеэр ч яригдаж байсан. Тэсэрч дэлбэрэх ачаа буудаг тус өртөөний зам парк дээр аюулгүй байдлыг хангахыг гааль болон цагдаа бусад төрийн байгууллагууд удаа дараа шаардаж буйг өртөөний дарга Т.Үржин танилцууллаа.
Зорчигч урсгал өмнөх оноос 0.7 хувиар буурсан байна
Оны эхний дөрвөн сарын байдлаар зорчигч тээврийн төлөвлөгөө 99.3 хувийн биелэлттэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурсан үзүүлэлт аж. Өмнөх онд зарим чиглэлийн зорчигчийн галт тэргийг нэгтгэсэнтэй холбогдуулан зорчигч урсгал буурч байгаа ч Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Эрээн чиглэлд ачаалал өндөр байгаа гэж тус депогийн дарга Ч.Мөнхбат танилцууллаа. Вагон км-ийн төлөвлөгөө 106 хувийн биелэлттэй байна. 2026 оны ашиглалтын үйл ажиллагааны алдагдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бууруулж ажиллажээ. Мөн актлагдсан 45 вагоноос ашиглаж болох сэлбэгийг бүрдүүлж авснаар тендерийн зардлыг бууруулах боломж бүрдсэн, эргэлтийн хөрөнгийн норматив 80 хувьтай хэвийн байгаа гэв. Түүнчлэн, Зорчигчийн вагон депогийн хэмжээнд хөдөлмөрийн бүтээмжийн биелэлт 108 хувьтай яваа зэрэг эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдийг депогийн дарга илтгэлдээ дурдлаа.
2026 онд хэмнэлтийн горим үргэлжилж байгаатай холбогдуулан илүү цагийг бууруулахын тулд цагийн зохицуулалт хийж 347 сая, НДШ-ээс 50 сая гэх мэтээр хөдөлмөрийн болон ГТХАБ-ыг хангах зардлаас бусад зардлыг хэмнэж, нийт 740 сая төгрөгийг хэмнэн ажиллаж байна.
Мөн гурван номерын вагон анх упдаа вакум 00-ийг угсарч, ашиглалтад хүлээлгэн өгсөн үйл ажиллагааны хувьд амжилт ололттой явна. Үзлэгийн үеэр Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн тус депогийнхонд хашаан доторх автомашины хөдөлгөөнийг цэгцэлж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангаж ажиллахыг үүрэг болгов.
Б.Гүнжинлхам
