Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А-370, Замын даргын А-05 тоот тушаалын хүрээнд Улаанбаатар өртөөний хамт олон 2023 оны IV улирлын сургалтаа энэ сарын 21-22-нд зохион байгууллаа. ХАБЭА-н сургалт, зааварчилгааг чанартай зохион байгуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх соёл, зан үйлийг нийт ажилтнуудад төлөвшүүлэхэд чиглэсэн энэ сургалтад Улаанбаатар өртөөний захиргаа, аж ахуй, хөдөлгөөн, ачаа тээврийн цехийнхэн гээд 100 гаруй ажилтан хамрагдсан юм. Тус сургалтын хүрээнд “ХАБЭА-н тухай хууль”, “Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх”, “Аюулыг мэдээлэх хуудсаар ирүүлсэн дутагдлын талаарх мэдээлэл”,“Анхны тусламж үзүүлэх аргазүй” зэрэг сэдвээр мэргэжлийн багш, мэргэжилтнүүдийн илтгэлийг хүргэсэн юм. Мөн “Хөдөлмөрийн хууль, хамтын гэрээ” сэдвээр МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг, “Харилцаа ба хандлага” сэдвээр УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын дэргэдэх “Хувь хүний хөгжлийн академ”-ийн сургагч багш Б.Дэлгэрхишиг, “Ажлын байрны дасгал хөдөлгөөн” сэдвээр Төв эмнэлгийн Нийгэм, эрүүл мэндийн ажилтан М.Жаргалмаа нар хичээл орлоо. Төгсгөлд нь нийт оролцогчдын мэдлэгийг бататгаж, тестийн шалгалт авснаар 2023 оны сургалт амжилттай өндөрлөв.
