Техникийн бодлого, стандартчиллын албаны харьяа Хэмжил зүйн төвийн Үл эвдэх сорилтын лаборатори нь Монгол Улсад анх удаа хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгаар магадлан итгэмжлэгдлээ. Тодруулбал, Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2023 оны аравдугаар сарын 16-ны өдрийн А/177 тоот тушаалаар Техникийн бодлого, стандартчиллын албаны харьяа Хэмжил зүйн төвийн Үл эвдэх сорилтын лаборатори нь ISO 17025:2017(MNS ISO/IEC 17025:2018) стандартын шаардлага хангасан тул Үл эвдэх сорилтын багаж төхөөрөмжийн шалгалт тохируулга гүйцэтгүүлэхээр итгэмжлэгдлээ. Итгэмжлэлийн гэрчилгээг гардуулах үйл ажиллагаа аравдугаар сарын 23-ны өдөр Үндэсний итгэмжлэлийн төвд болов. Уг үйл ажиллагаанд УБТЗ-ын Хэмжил зүйн төвийг төлөөлж, төвийн дарга Д.Түвшинбаяр, ерөнхий инженер Ц.Золбаатар, төвийн инженер, үл эвдэх сорилтын III түвшний эрхтэй улсын шалгагч Ш.Гантөмөр, Н.Улаанхүү нар оролцов. Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Отгонбаяр CL 09-04 дугаартай “Итгэмжлэлийн гэрчилгээ”-г Хэмжил зүйн төвийн дарга Д.Түвшинбаярт гардуулан өгч, баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Хэмжил зүйн төвийн Үл эвдэх сорилтын лаборатори нь үл эвдэх сорилтын багаж төхөөрөмжийн шалгалт тохируулгаар Монгол Улсдаа анх удаа магадлан итгэмжлэгдэж, төмөр замын салбарын төдийгүй бусад гадны байгууллагад итгэмжлэлийн хүрээнд хэмжил зүйн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болж байна.
Өмнө нь УБТЗ-ын салбар нэгжүүд нь өөрийн үйл ажиллагаандаа ашигладаг үл эвдэх сорилтын багаж хэрэгслийг ОХУ руу явуулж, шалгаж баталгаажуулдаг байсан бол Хэмжил зүйн төв байгуулагдсанаар уг багаж хэрэгслийг өөрийн лабораториор баталгаажуулах болсон.
Жич: Хэмжил зүйн төвийн үл эвдэх сорилтын лаборатори нь 2021 оны есдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үл эвдэх сорилтын багаж хэрэгслийн засвар тохируулгын ажлыг хийж байсан. 2021 оны зургадугаар сард тус төвийн дөрвөн ажилтныг АСМС-ийн ОХУ-ын Новосибирск хотын салбарт ҮЭС-ын баталгаажуулалтын эрх авах сургалтад, арваннэгдүгээр сард СХЗГ-т ҮЭС-ын улсын шалгагчийн эрх авах сургалтад хамруулж, Улсын шалгагчийн эрх бүхий дөрвөн ажилтантай болсон. Ингэснээр 2021 оны арванхоёрдугаар сараас эхлэн үл эвдэх сорилтын багаж хэрэгслийг шалгаж баталгаажуулах ажлыг улсын шалгагчийн эрхийн хүрээнд хийж эхэлсэн. Уг лаборатори нь үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш давхардсан тоогоор нийт 160 багажид шалгалт баталгаажуулалт, 40 багажид засвар үйлчилгээ хийгээд байна. Одоогийн байдлаар Хэмжил зүйн төвд Үл эвдэх сорилтын III түвшний эрхтэй гурав, II түвшний эрхтэй гурав, I түвшний эрхтэй хоёр ажилтан ажил үүрэг гүйцэтгэж байна.
Хэмжил зүйн төвийн дарга Д.Түвшинбаяр
