Улаанбаатар-Хөх хот чиглэлд олон улсын харилцааны зорчигчийн галт тэрэг, шууд харилцааны  вагон аялж эхэлсэнтэй холбогдуулан Зорчигчийн вагон депогоос тухайн бүрэлдэхүүнд ажиллах үйлчлэгч, инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалтыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулжээ.

Олон улсын харилцааны зорчигчийн галт тэрэг, шууд харилцааны вагонд ажиллах ажилтнууд нэн тэргүүнд сонгон шалгаруулалтад ордог бөгөөд тэнцсэн тохиолдолд дээрх сургалтад хамрагддаг байна. Энэ удаагийн сургалтыг инженер механикч Д.Зундуйдорж, галт тэрэгний ХАБЭА хариуцсан инженер А.Гантулга, үйлчилгээ хариуцсан инженер Т.Дуламжав, сургалт хариуцсан инженер Б.Гэрэлмаа, ашиглалтын технологич М.Золзаяа, галт тэрэгний зааварлагч Г.Солонго, үйлчилгээ хариуцсан зааварлагч У.Болортуяа, Салгалттай цехийн мастер Ц.Дашдорж, урсгал засварын цехийн ахлах мастер Б.Чинбат хариуцан явуулсан байна.

Тэд тусгайлсан сургалтыг явуулахдаа “25G төрлийн вагоны бүтэц, зохион байгуулалт, ажиллагаа ба ашиглалт”, “Нарийн царигийн төмөр замын онцлог “Жанней” төрлийн авто угсраа”, “61-4440 болон 25G  төрлийн вагонуудад тохиолддог түгээмэл гэмтэл ба засвар үйлчилгээний технологи”, “61-4440 байгуулалт, ажиллагаа ба ашиглалт”, “Орос, Англи хэл”, “Олон улсын харилцааны зорчигчийн галт тэргэнд мөрдөх, хөтлөх ба бүрдүүлэх баримт бичгүүд”, “3000 КВт-ын өндөр хүчдэл бүхий цахилгаан халаалтын системийн түгээмэл эвдрэл, гэмтэл ба засвар үйлчилгээний технологи”, “Д30 төрлийн вагоны бүтэц зохион байгуулалт, ашиглалт, засвар үйлчилгээний технологи” сэдвүүдийн хүрээнд хоёр өдрийн турш онолын мэдлэг олгох хичээл заажээ.

Түүнээс гадна “Үйлчилгээний ажилтны ёс зүй ба хандлага, харилцаа”, “Зорчигчийн галт тэргэн дэх үйлчилгээний ажилтнуудыг угтах үйлчилгээний журам, зорчигч үйлчлүүлэгчтэй харилцах харилцан ярианы дэм”, “Олон улсын гэрээ хэлэлцээрүүд, олон улсын зорчигчийн харилцааны хэлэлцээр”, “Хил, гааль хорио цээрийн холбогдолтой Монгол Улсын хууль тогтоомжууд”, “Олон улсын галт тэргээр зорчих тасалбар, тарифийн III мөрдлөг”, “Олон улсын харилцааны зорчигчийн галт тэрэг ба вагонд тавигдах техникийн шаардлага”, “Галт тэрэгний аяллын үед онцгой нөхцөл байдал үүссэн үед галт тэрэгний бригадын ажиллах журам”, “Эмнэлгийн анхны тусламж ба хоорондын замд эмнэлгийн яаралтай тусламж авах”, “Гамшиг, онцгой байдлын үед ажиллах, УБТЗ-ын хэмжээнд аюулт үзэгдэл, сүйрэл осол болсон үед сэргээн босголтын ажлыг гүйцэтгэх журам” сэдвүүдээр хичээл орж, онол практикийн хосолсон мэдлэгийг олгож ажилласан байна.