У.Энхцацрал: Ногоон байгууламжаа улам л илүү болгоно уу гэхээс огт дордуулахгүй
УБТЗ-ын Замын IV ангийн ойн техникч У.Энхцацралтай уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу. Өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Ууганбаатарын Энхцацрал гэдэг. Замын IV ангид ойн техникчээр хоёр дахь жилдээ ажиллаж байна. ХААИС-ийг агро инженерээр 2010 онд, мөн сургуульдаа эчнээгээр гурван жил суралцаж нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. Ажлын гараагаа 2014 онд төмөр замын Сайншанд худалдааны төвөөс эхэлсэн. Хоёр хүүхэд төрүүлээд 2024 оноос ойн техникчээр ажиллаж байна. Манайх ам бүл тавуулаа. Манай нөхрийг Д.Ганзориг гэдэг. 2004 оноос хойш энэ ангид ажиллаж байгаа.
-Энэ жил хэчнээн мод нэмж тарив, хэдэн ажилтантай вэ?
-Энэ жил Замын-Үүдээс 33 дугаар зөрлөг хүртэл ангийнхаа хашаанд үрслүүлсэн 4800 хайлаас модыг тарьсан. Жил бүр дөрөвдүгээр сарын 15-наас 11 дүгээр сар хүртэл зургаан сарын хугацаанд зургаан гэрээт ажилтан авч ажиллуулдаг.
-Замын IV ангийн хашаанд хэдэн нэр төрлийн мод тарьсан бэ. Бүх үрсэлгээг эндээ хийдэг үү?
-Ангийн хашаанд нийтдээ арав гаруй нэр төрлийн цэцэглэдэг болон жимсний моднууд тарьсан. Нэр төрлөө нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар хотоос таван настай арван гацуур, хоёр настай нарс 60 ширхгийг авчирч тарьсан. Одоо сайхан ургаж байгаа. Энэ жил нөхөн тарилттайгаа нийлээд 800 орчим мод, өнөө өглөө нүхэн гарцнаас ангийн үүд хүртэл 100 хайлаас нэмж тарилаа. Хүлэмжиндээ таван төрлийн нарийн ногоо, ил талбайд улаан, шар манжин, лууван тариалсан. Суулгацаа борлуулъя гэвэл худалдаж авах газрууд байдаг. Гэхдээ ашгийн төлөө бус учраас шугам замынхаа хэмжээнд хэсгүүддээ тараадаг. Сайншанд зангилааны дөрвөн аж ахуйн нэгжид өртөг үнээр нь нийтдээ 1560 ширхэг суулгац өгсөн байна.
-Говийн нөхцөлд хамгийн тохиромжтой ямар мод бутлаг ургамлууд байдаг вэ?
-Хайлаас, улиас. Улиас том навчтай хурдан ургадаг мод. Хайлаас модны навч нь жижигхэн сагсайж ургадаг, насжилтынхаа хувьд хамгийн удаан насалдаг, салхинд их тэсвэртэй. Манай говь салхи ихтэй болохоор бусад мод салхинд цохиулаад тал талаасаа үхжилт явагддаг талтай.
-Мод тарьж ургуулахад усалгаа маш чухал байх. Хэсгүүд дээр ч олон мод их тарьж ургуулжээ. Мэргэжлийн хүний хувьд мод арчлах, услах тал дээр ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Усалгаа маш чухал. Дөнгөж тарьсан нялх мод, 2-3 настай суулгацуудаа хоносон усаар хоёр хоног өнжөөд нэг усална. 10-15 литр ус л хангалттай. Эхний хоёр жил усалчихвал мод өөрөө биеэ олчихно. Байгалийн усаараа, бороо хур ховор үед долоо хоногтоо нэг услахад мод усаа шингээчихдэг. Ер нь оройн цагаар хийсэн усалгаа л модондоо сайн шингэдэг. Суулгацаа хэсгүүдэд өгөхдөө сайн зөвлөдөг. Хэсгүүд зөөврийн устай ч сайн арчилж ургуулдаг.
-Замын IX хэсэгт олон төрлийн мод тарьж, сайхан ногоон байгууламжтай болсон байсан. Тэнд энэ жил нэмж мод тарьсан уу?
-Шугам замууд зөөврийн устай ч сайн арчилж ургуулдаг. Замын IX хэсгийнхэн гүйлс, буйлс нэмж тарьсан. Агч мод өнгөрсөн жил тарьсан байгаа.
-Агч мод говийн нөхцөлд тэвсэртэй юу?
-Агч мод тэсвэртэй. Байгалийг 100 хувь цэвэршүүлдэг болохоор ангийн хашаанд ч тарьсан. Тасалгаанд агаар цэвэршүүлдэг цэцэг гэвэл мөнхрөө, шимтэглэй. Би гэр болон ажлын албан тасалгаануудад ч шимтэглэй, кактус, мөнгөний мод, саваргана тарихыг зөвөлдөг. Мөнгөний мод нь бактерийн эсрэг үйлдэлтэй, үрэвслийг намдаахдаа гаргууд юм. Саваргана модлог ургамал, айл гэрийн бат бөх харилцааг бэлгэддэг, урт насалдаг, агаарыг цэвэршүүлдэг. Ажлын өрөөнүүддээ 7-8 төрлийн цэцэг тарьсан байгаа.
-Жил бүр дөрөвдүгээр сараас 11 дүгээр сар хүртэл модоо тарьж ургуулна, арчилна. Үрсэлгээний ажлыг хэдий үед нь хийдэг вэ?
-Манайх хашаандаа үрсэлгээний талбайтай. Хавар, намартаа эрт боловсорсон үрээ суулгана. Одоо хайлаасны үр боловсорсон байна. Буйлс, гүйлсийн үр долдугаар сард, шар хуйасных наймдугаар сард боловсордог. Үр нь гаднах хальснаасаа уначихаас нь өмнө гялс түүж аваад л суулгачихна. Хавар суулгасан хайлаасныхаа үрийг намар бортоглоно. Бортогон дотроо үндэс нь илүү хөгжинө. Шилжүүлэлт хийнэ гээд ажил ундарч завгүй энд тэнд гүйж явтал орой болчихсон байдаг.
-Өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ дуртай юу?
-Дуртай. Би 2010 онд “Энержи ресурс” болон төмөр замд өөр ажил хийж байгаад 2024 онд мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Ургаж байгаа мод, ургамлаа харахаар л их баяр хөөр төрдөг. Өглөө эрт ажилдаа ирэхэд цэцэг дэлбээлсэн байхыг хараад баярлаж үргэлж инээмсэглэх мэдрэмжийг төрүүлдэг.
-Сайншанд хотын хэмжээнд хавар, намартаа мод их тарьдаг байх. Эргэж арчлах, тордох тал дээр хэр байдаг вэ?
-Сайншандын хэмжээнд энд тэнд мод тарьдаг. Тарьсан модоо арчлах, тордох, шуух, услах ажлыг хийхгүй болохоор бутлаг ургамал гэлтэй элсэнд дарагдчихсан харагддаг. “Тэрбум мод” төсөл хэрэгжсэнээс хойш Тохижилтынхон тарьсан модоо арчлахгүй орхигдуулсан харагддаг. Урагшаа Замын-Үүд хүртэл засмал замын хоёр талаар мод таримаар л санагддаг.
-Энэ жил ангийнхаа хашаанд өмнө нь тарьж байгаагүй мод нэмж тарьсан уу?
-60 ширхэг нарс, арван гацуур мод авчирч тарьсан. Манай хашаанд долоон нарс байдаг. Өндөр сайхан ургасан. Энэ намар хүлэмжийнхээ нөмөрт алимны мод тарихаар талбайгаа бэлтгэсэн.
-Гацуур мод говьд тэсвэртэй ургаж байна уу?
-Сайхан ургаж байгаа. Оройдоо эсвэл өглөө эрт нар гарахаас өмнө усалж чадвал ус нь модондоо шим тэжээл болно. Тэгэхээр өдрийн халуунд услаад ямар ч нэмэргүй, ууршаад, ус л их орно, дэмий үрэгдэнэ.
-Агро инженер мэргэжлийг зорьж сонгосон уу, эсвэл санамсаргүй тохиолдлоор эзэмшсэн үү?
-Би төмөр замын мэргэжил эзэмшинэ гэж бодож байсан. Төмөр замын ашиглалтын инженер болно гэж физикийн шалгалтаа сайн өгч, 800 оноо авсан. Өөрийгөө төмөр замын сургууль авна гэсэн итгэлтэй байсан ч төмөр замын дөрөвхөн эмэгтэй хуваарь ирсэн ч орж чадаагүй. Тэгээд ХААИС-ийн ашиглалтын инженер, газар тариалан агрономичийн хосолсон ангид элсэн орсон. I-IV дамжаанд Төв аймаг, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэтэд үйлдвэрийн, инженерийн, ургамлын, тариалалтын дадлагад явснаар мэргэжилдээ улам дурласан. Сэлэнгэ аймаг юм уу хойшоо чиглэлд явж ажиллавал миний агрономич мэргэжил од болох юм байна даа гэж бодсон хэрнээ гэрээсээ холдож чадахгүй Дорноговь аймагтаа ирсэн. Намайг төгсөхөд Сэлэнгэ аймгийн Цагааннуураас ирж ажиллах хүсэлт тавьсан ч говьдоо ажилласан. Буруудсан зүйлгүй сайхан л амьдарч байна.
-Чи үргэлж инээмсэглэж, говийн энэ халуунд түүртсэн шинжгүй л ажлаа хийж явах юм. Үргэлж завгүй явахыг харахад ажилдаа үнэхээр дуртай бололтой?
-Хүмүүс манай ангийн хашаанд орж ирээд ямар гоё ногоон байгууламжтай юм бэ гэж уулга алдахаар үнэхээр баярлаж, сэтгэл сэргэдэг. “Депогийн хашаа битүү ногоон гэдэг. Гэтэл танайх бүүр ч илүү ногоон байгууламжтай болсон байна” гэж ярихыг сонсоод урам авдаг. Ногоон байгууламжаа улам л илүү болгоно уу гэхээс огт дордуулахгүй. Би саяхан Хятадын Эрээн хот орохдоо шатахуунаар ажилладаг хэлбэржүүлэгч хайч зэрэг тоног төхөөрөмж судалсан. Байгууллагын удирдлага сайн дэмждэг болохоор ажил хийхэд урамтай. Усалгааны системийг иж бүрнээр шийдэж өгсөн. Хэлбэржүүлэгч хайч болон бусад зүйлсийг авч өгнө гэсэн. Манай байгууллагын удирдлага, хамт олны уур амьсгал, хандлага эерэг сайхан, бие биенээ үргэлж дэмждэгт талархаж явдаг.
-Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
П.Түмэндэмбэрэл
