Хэдэн өдөр зүсэрсэн бороо татарч, өтгөн цагаан манан уулсын оройгоос салж ядан алгуурхнаар дээш хөөрөхийг харж зогсохдоо би олон жилийн өмнө бурхан болсон эмээгээ жигтэйхэн их санав. Эмээ минь тэнгэр харанхуйлж, алсад аянга цахилгаан цахиж, юу юугүй бороо орох нь гэхтэй зэрэг тавиуртай ааруул, хуруудаа гэртээ оруулж, аргал түлээгээ хуччихаад, гэрээс урт гэгч иштэй, хуучны зэс шанаганд сүү хийж гарч ирээд баруун хойд зүг рүү өргөж, амандаа ямар нэгэн маани мэгзэм уншиж, залбираад өрхөө бүтээгээд ордог сон. Оюутан болсон хойноо зуны амралтаараа очвол эмээ минь борооны өмнө баруун хойд зүгт сүүгээ өргөөд өрхөө татан гэртээ орлоо. Удалгүй устай бороо гэрийн дээвэр бөмбөрдөн, алсад аянга цахилгаан цахиж, тэнгэр нижигнэнэ. Тэнгэр дуугарах тоолонд эмээ “Өө өө өө...” гэж чангаар уянгалуулан чимээ өгч гэрийн дэлгээтэй хаалгаар алсыг харж, зуухны өмнө нэг л бодлогоширч сууна.
Нэг удаа “Эмээ та яагаад бороо орохын өмнө баруун хойд зүгт сүү өргөж, маани уншаад байдаг юм бэ?” гэхэд хэсэг чимээгүй сууснаа “Миний охин том болж, юмны учир ойлгох насанд хүрчээ” гээд халуун савтай цайнаасаа аягалан оочилж сууснаа: -Эмээ нь нэг эгчтэй байсан юм. Эгч минь нутаг хошуундаа гайхагддаг сайхан хүүхнүүдийн нэг байлаа. Нэрийг нь Удвал гэдэг. Нутгийнхан эгчийг минь гангар шаазан шиг цагаан хүүхэн гэдэг сэн. Надаас насаар нэлээд хэд эгч. Өндөр гоолиг нуруутай, өтгөн хүрэн үстэй, тас хар нүдтэй, сайхан шүдтэй. Инээхэд нь шүд нь ярс ярс гээд их гоё харагддаг сан. Сайхан ч дуулна. Эгчтэй морь унаад хонинд хамт явахдаа “Халууцаад байна, та исгэрээд салхи гаргаад өг” гэхээр эгч гоё шүдээ гаргаад исгэрнэ. Эгчийг исгэрэхээр салхи сэвэлзээд сэрүү татдаг сан. Нутгийн ах нар манайхаар их эргэлдэнэ. Эгч тас намжирдаад хэнд нь ч нүүр өгөхгүй. Хүүдээ авч өгөх гэсэн нутгийн хөгшчүүд ч ирж сүү хадаг тавьдаг л байсан байх. Аав, ээж хоёр ч охиныхоо аясыг дагадаг байсан болов уу. Намайг 13 хүрдэг жил эгчийг минь нутгийн бөх гэх өндөр бор хүн эргүүлж, манайхаар бууж мордох боллоо. Аав ээж хоёр ч тэр хүнд талтай. Удалгүй эгчийг минь бэр буулгаад авч явсан даа. Тэднийх манайхаас хол нутагладаг болохоор тэр бүр эгчтэйгээ уулзаж чаддаггүй байлаа. Цагаан сараар л ирж золгоно. Нэг өдөр саахалт айлын хөгшин манайхаар бууждээ “Удвал маань бие давхар болсон гэнэ. Хүргэн охин хоёртой чинь сумын төвд таарлаа” гэхэд нь аав, ээж бид гурав бөөн баяр болов. Гэтэл тэр намар эгчийн бие тааруу байна гэдэг хэл ирж, аав бид хоёр гэр, малаа харж үлдээд ээж, нагац ахтай хүргэн ахынх руу явав. Арваад хоногийн дараа ээж ирлээ. Уяан дээр тосож очиход ээжийн царай баргар, намайг тэвэрч үнсээд гэрт орлоо.
Аавыг хониноос ирэхэд “Охиноо золтой л тавиад туучихсангүй. Айхтар юм болох шахлаа. Ашгүй эмч амжиж ирж амийг нь аварлаа. Залуу улс ахиад үр хүүхэдтэй болох байлгүй. Охиноо хэд хоног асармаар л байлаа. Та хоёрт бас санаа зовоод хүрээд ирлээ” гэхэд нь эгчийгээ хүүхдээ алдсаныг ойлгож билээ. Түүнээс хойш хэдэн жил өнгөрсөн ч хүргэн ах, эгч хоёрт ахин үр хүүхэд заяасангүй. Нэг их хүйтэн өвөл аав малд явахдаа даарч хөрсөн үү, бие нь өвдөж, гэнэт дордлоо. Тэгэхэд нутгийн хүнээр эгчид хэл хүргэж, эгч ирж аавыг сахин ээж бид хоёрт ханьтай байх болов. Эгчийг байхад гэр хүртэл гэгээ орж, дулаахан болсон мэт нэг л сайхан санагдана. Өвөрт нь унтахад эгчээс гоё үнэр үнэртэнэ. Дэнхийгээд айлын бэр болохоор болчихоод... гэсээр үсийг минь самнаж өгнө. Дотроо би эгчийгээ битгий буцаж яваасай гэж залбирдаг байж билээ. Гэтэл нэг өдөр эгч ээжид “Би буцаж явахгүй ээ. Та гуравтайгаа эндээ байя” гэж хэлэхэд нь би жигтэйхэн баярлаж билээ. Харин ээж юм хэлсэнгүй. Аавын бие барагтай байсаар нэг шөнө унтаагаараа бурхан болчихсон байсан даа. Хүргэн ах ирж, хойтохын ажлыг нь цэгцэлж өгөөд эгчийг аваад буцлаа. Эгч минь буцахгүй гэж их цааргалсан боловч, арга буюу нөхрөө дагаад явсан юм. Дараа жил нь би өвөөтэй чинь нийлж, ээж манайд байж байгаад гэнэт харваж өөд боллоо. Тэгэхэд эгч минь ирж ажил явдалд нь оролцоод буцсан. Нөхөр нь хамт ирээгүй юмдаг. Эгч минь тэгж ирээд буцахдаа үе үе санаа алдаж, дуугаа хураан алсыг харуулдаж зогсдог болсон байж билээ. Би ч ээжийгээ алдсан хүн аргагүй дээ л гэж бодоод өнгөрсөн. Тэр үед эгч бид хоёрт тухтай ярих ч завдал олдоогүй юм. Эгч минь хэд хоноод буцлаа. Танай аавыг гэдсэнд байхад нэг удаа өвөө нь сумын төвөөр ороод ирэхдээ “Гэлэг заан Удвал эгчийг их зовоодог бололтой юм. Хүнээс сонслоо. Үр хүүхэд заяахгүй болохоор тэгдэг юм болов уу” гэж билээ. Тогоо шиг том гэдэстэй би эгч дээрээ очоод уулзаж чадах биш. Дэмий л сэтгэл үймэрч санаа зовохоос цаашгүй. Намайг төрөөд удаагүй байтал нэг үдэш эгч минь урд хөтөл даваад халиун морьтой галигуулсаар ирлээ. Уяан дээр буухдаа жигтэйхэн инээд алдаад намайг харж хэсэг зогссоноо... Богцоо буулгаж, эмээл, хазаараа аваад морио сул тавьчихлаа. Намайг тосож очиход үнсээд гэрт орж хүүг минь элгэндээ тэвэрч, “Эгч нь дүүгээ төрснийг дуулаад ирэх гэж их яарлаа” гэснээ богцноосоо хүүд минь оёсон хэдэн баривч, ааруул хурууд, шар тос гаргаж өгөөд аягатай цайгаа дутуу уугаад гарч эмээл хазаараа манай барааны амбаарт оруулж, юмаар даруулж тавиад буцаж орж ирлээ. Миний хийсэн хоол цайг идэж, хүүг минь жаал эрхлүүлж суув. Тэгтэл өвөө чинь ч ирж, бид ойр зуур нутаг усны сонин хачин хуучилж байгаад унтах боллоо. Баруун талаар ор засаж өгөх гэтэл “Эгч нь гэрт унтахгүй. Амбаартаа ор засчих” гэлээ. Тэгэхэд нь эгчийгээ оргож босож явааг мэдсэн дээ. Амбаарт аль эвтэй байхаар ор засаж өгөхөд “Миний дүү амбаартаа цоожоо зүүчихээрэй. Эгч нь гарах хэрэг гарвал чамайг дуудна” гэв. Маргааш нь хүртэл эгч амбаараас гарсангүй. “Гэлэг хүрээд ирвэл төвөг болно” гэхээс өөр тодорхой юм ярьсангүй. Би хоол цайг нь зөөж, ийм байдалтай хоёр хонолоо. Тэгтэл хүргэн ах халамцуухан ирлээ. Гэрт орж ирээд цай ууж сууснаа “Эгч чинь ирэв үү?” гэхэд нь би “Ирж хоноод буцсан” гэхэд “Уг нь танай нялхыг эргээд ирье л гээд гэрээс гарсан юм. Унаж явсан морь нь эмээл, хазааргүй адуунд ирж нийлсэн байх юм. Хааччихдаг байна даа” гэснээ гэр тойруулж нэгжиж харж сууснаа гаансаа сэтгэнгээ орны хөндийгөөр сэмхэн тонгойж хараад амжив. Намайг эгчийгээ нуусан гэж бодож байгаа бололтой. Аяга бантан пурхийлгэж өгөхөд идчихээд гарлаа. Морины уяа хүртэл гаргаж өгвөл “Эгч чинь эмээл, хазаараа аваад морио тавьсныг бодоход амьд яваа биз. Дөрөөндөө чиргүүлж үхсэн бол морь нь эмээл хазаартайгаа ирмээр юм” гэж тун ёозгүй хэлээд, шүднийхээ завсараар шүлсээ годхийтэл нулимаад мордов. Тэгэхэд миний зүрх бөмбөгнөж, хоёр гарын алга тал ус болтол хөлөрсөн байж билээ.
Хүргэн ахыг гүвээ давж, харах бараагүй болсон хойно би эгчийгээ амбаараас гаргаж, “Та одоо яах бодолтой байна?” гэхэд “Би маргааш явнаа. Чи нөхөртөө надад нэг морь бариад уячих гэж хэлээрэй” гэв. Өвөө чинь эгчийн хэлснээр нэг морьж барьж өгсөн. Тэр өглөө тэнгэр хойноосоо харанхуйлаад бороо орох гээд байлаа. “Та ядаж бороо өнгөрөөгөөд мордооч” гэхэд “Эгч нь зүгээрээ, зорьсон газраа хүрээд морийг нь тавьчихна санаа зоволтгүй” гээд намайг үнсээд, хүүг минь үнсэж, энгэртээ хэсэг тэврээд мордсон доо. Тэгээд баруун хойд зүгийг чиглээд морио гуядаад хангинатал дуулаад явчихсан юм. Түүнээс хойш эгчтэйгээ уулзаагүй, сургийг нь ч сонсоогүй дээ. Унаж явсан морь нь арваад хоногийн дараа адуундаа ирж нийлсэн байсан. Өвөө чинь тэгэхэд “Удвал эгчийн морь адуундаа ирж нийлжээ. Бодвол зорьсон газраа хүрсэн байх” гэж билээ. Эгчийг яваад жил тойрсны дараа Гэлэг заан нутгийн бүсгүйтэй нийлж, сүүлд гурван сайхан хүү, нэг охинтой болсон гэж дуулсан. Нэлээд нас хэвийсэн хойноо манайхаар бууж шимийн юм ууж халамцаад “Тэр үед чи эгчийгээ надаас нууж байгаад, унааг нь юүлж өгөөд явуулсан биз дээ. Удвал минь цэнгэг усны цэгээн сувд шиг хүүхэн байсан юм. Би жаргааж чадаагүй, их зовоосон доо. Надаас явсан нь болсон юм. Бүсгүй хүн хаана хүрч, яажшуу хорвоог туулж яваа юм бол... Муу юм болсон бол дуулдах л байсан байх. Сайн л яваа байх гэж бодох юм” гээд хэнгэнэтэл уйлж билээ. Санчиг нь бууралтсан бүдүүн хар хүн хүүхэд шиг эхэр татан уйлж сууснаа нэг уртаар санаа алдаад мордохдоо “Энэ голд Удвалыг минь гүйцэх сайхан охин байгаагүй юм даа. Ахиж төрөх ч үгүй биз. Харин танай дунд охин эгчтэй чинь жаахан төс байна шүү” гэж билээ. Эмээ нь одоо хэрнэ тэнгэр хойноосоо харанхуйлаад цахилгаан цахиад ирэхээр муу эгч минь яажшуухан явж, хаана хүрсэн бол гэж бодогддог юм” гээд хацраа дагаж бөмбөрөх нулимсаа чимээгүйхэн арчиж билээ. -Эмээ та эгчийгээ яагаад хайгаагүй юм бэ гэхэд “Тэр үед ийм хурдан унаа, утас холбоо гэж байсан биш дээ. Эгч минь 25, 26-хан настай л байсан даа” гэв. Эмээгийн эгч 1950-аад онд л сураггүй болсон бололтой юм билээ. Бороо зүсэрсэн тэр өдөр эмээгийн ярьсан түүх санаанаас гардаггүй юм. Тэнгэр харанхуйлж, аянга цахилгаан цахилах бүр хэзээ ч барааг нь харж байгаагүй шиг тэр сайхан эгчийн тухай төсөөлөл сэтгэлд зурсхийж, хөнгөн гуниг төрдөг дөө.
Б.ГҮНЖИНЛХАМ
