Замын даргын хаврын үзлэгийн төвийн хэсгийн дүнгийн хурал өчигдөр “Ган зам палас”-т боллоо. Хурлыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Замын ерөнхий инженер Д.В.Бондарь, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч Ш.Нямсүрэн, Удирдллагын асуудал хариуцсан орлогч М.Цогт, Хөдлөх бүрэлдэхүүний засвар ашиглалт хариуцсан орлогч Б.Гантөмөр нар удирдан явууллаа. Тээврийн хяналтын албаны байцаагч нар үзлэгээр илэрсэн зөрчил дутагдал болон амжилт ололтыг дүгнэн Замын удирдлагуудад танилцуулсан юм. Замын I орлогч дарга О.А.Казаков төмөр замчдадаа хийж бүтээсэн ажилд нь талархалаа илэрхийлээд зуны тээврийн бэлэн байдлыг хангаж ажилласан байгууллага бүрийн оролцоог онцлон дурдахын хажуугаар анхаарч ажиллах зарим зүйлийг анхаарууллаа. Тэрбээр, “Тээвэрлэлт биднээс үл хамааран дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаснаас болж ноднингийн мөн үетэй харьцуулахад 89 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн Дохиолол холбооны алба релейны байгууламжийг гэмтэл сааталгүй ажиллуулсан. Тоног төхөөрөмжийн зарим засвар үйлчилгээг хийх шаардлага бий. Замын алба паспортын үзлэгээр солих ёстой дэрнийхээ 30 хувийг нь сольжээ. Зүтгүүр болон сумын аж ахуйн чиглэлээр хийх ажил олон байна. Хүний нөөцийн чиглэлээр Тээвэр зохион байгуулалтын алба олон залуусыг ажилд авч, сул орон тоог нөхсөн байна. Одоо хүмүүсээ маш сайн сургаж дадлагажуулах хэрэгтэй” хэмээв. Өнгөрсөн намрын үзлэгээр Замын удирдлагад хандан, ажилчид нэг л зүйлийг асууж байсан нь илүү цагийн асуудал байжээ. Тиймээс үзлэгийн комиссоос алба хэлтсүүд хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийж, илүү цагаа бууруул гэсэн үүргийг өгсөн аж. Гэвч удирдлагууд энэ тал дээр муу байна, өөрсдөө ч энэ талын мэдлэггүй, учир дутагдалтай ажилласаар байгааг нь шүүмжиллээ. Тиймээс илүү цагийг бууруулахад сайтар анхаарч ажиллахыг санууллаа. Үзлэгээр олон алба байгууллагууд үзлэгийн комисст хандан их засвар, их барилгын ажлыг эхлүүлэхийг хүссэн. Замын захиргаа энэ асуудлыг дахин сайтар нягталж харах болно гэлээ. Өнгөрсөн үзлэгээр зорчигчийн тавцанг уртасгах талаар их хөндөгдсөн. Энэ тал дээр бид маш сайн ярилцаж байж шийдэх ёстой. Тавцангаа сунгая, эсвэл өртөөний жижүүрийг нойлтой болгоё. Энэ хоёрын аль нэгийг сонгох болж байна. Бүр цаашлаад вокзалын урд талын машины зогсоолыг бетонжуулах уу, эсвэл худаг гаргах уу гэхчлэн аль оновчтойг сонгох нь зүйтэй. Жишээлбэл урд хэсэгт усны галт тэрэг олон жилийн турш замчдад ус түгээсэн. Гэтэл бүх зардлыг нь тооцоод үзэхэд нэг литр ус 17 мянган төгрөгийн өртөгтэй хэрэглэгчид хүрч байна. Энэ мэтчилэн Замын санхүүгийн байдал амаргүй байхад өрмийн төхөөрөмж авах уу эсвэл эдгээр асуудлуудаа шийдэх үү гэсэн сонголт дээр байна. Өөрийн хүчээр материалаа авч асуудлаа шийдвэрлэж байгаа байгууллага ч олон байна. Жишээ нь Төв засварын үйлдвэр төмөр бетон дэрний хэвийг хийсэн. Дөрвөн жилийн хугацаанд төмөр бетон дэрний үйлдвэрийн хүчин чадлаар бүх нарийн тоног төхөөрөмжөө хийсэн байна. Иймэрхүү хэмжээний саналыг бид зөвхөн албадын дарга гэлтгүй байгууллага аж ахуйн нэгжийн дарга нараас хүсэж байна хэмээн санал зөвлөмжийг хэлснээр дүнгийн хурал өндөрлөлөө. Ийнхүү хаврын үзлэгээр төвийн хэсэглэлийн бүхий л байгууллагууд шалгагдаж зуны тээвэрлэлтэд бэлэн байна гэж дүгнүүллээ.
