УБТЗ-ын хүний нөөцийн ажилтнууд “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлаа дүгнэж, 2026 оны нийгэмлэгийн дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн ажилтнуудын үүрэг оролцооны талаар зөвлөлджээ. Хүний нөөцийн албанаас зохион байгуулсан уг зөвлөгөөнд УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга М. Цогт, Хүний нөөцийн албаны дарга С. Цэвээндорж болон тус алба, салбар нэгжүүдийн хүний нөөц хариуцсан ажилтнууд оролцов. 2025 онд “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд нийгэмлэгийн эрхэм зорилго, үнэт зүйлстэй нийцсэн хүний нөөцийн хөгжлийн стратегийг тодорхойлж, “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг шинэчлэн боловсруулснаас гадна УБТЗ-ын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, давхардлыг арилгах, цахимжуулах ажлыг хэрэгжүүлж, тогтвортой ажлын байр зорилтот хөтөлбөрийн хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь зохих үр дүнгээ өгсөн гэж зөвлөгөөнд оролцогчид дүгнэв. Мөн 2026 онд Замын даргын А/ 01 тоот тушаалыг хэрэгжүүлэхэд нийгэмлэгийн хүний нөөцийн чадавхаас бүх зүйл хамаарахыг онцлон тэмдэглээд “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд хийх ажлуудынхаа талаар ярилцлаа. Энэ үеэр зарим хүний нөөц хариуцсан тэргүүний ажилтнуудыг нийгэмлэгийн шагналаар шагнажээ.
