Жил бүрийн тавдугаар сарын 20-нд Дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэдэг. Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан УБТЗ-ын Хэмжил зүйн төвийн үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд өчигдөр "Ахмадаа хүндэтгэе" уриан доор УБТЗ-д ажиллаж байсан ахмад хэмжилзүйчид болон Монголын Хэмжилзүйчдийн холбооны ахмадын төлөөллийг хүлээн авлаа. Ахмадуудаа Хэмжил зүйн төвдөө урьж хийж байгаа ажлаа танилцуулж, туршлага солилцлоо. УБТЗ-ын ахмад хэмжилзүйчдийг төлөөлж, Ц. Гантөмөр, Б.Оюунчимэг нар Хэмжилзүйн төвийн хамт олонд амжилт хүсэж, сэтгэлийн бэлэг болгож хананы цаг гардуулсан юм. Мөн ахмад хэмжилзүйч Э.Ганбаатар төвийн үйл ажиллагаатай танилцахад төрсөн сэтгэгдлээ хуваалцаж, үнэтэй сургаал зөвлөмж өглөө. Монголын хэмжилзүйчдийн холбоог төлөөлж , ахмад хэмжилзүйч н.Оюунгэрэл талархсан сэтгэлээ илэрхийлж, холбооныхоо үйл ажиллагааг товч танилцууллаа. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй . Гурван үеийн хэлхээ холбоосыг тасалдуулахгүй байх нь залуу үеийн үүрэг юм.
