УБТЗ-ын Улаан Загалмайн хорооны /УЗХ/ ээлжит чуулган энэ сарын 23-ны өдөр болж, УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд,  УЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд болон салбар нэгжийн дарга тэргүүлэгчид оролцлоо.

УБТЗ-ын УЗХ-ны дарга Т.Цэндмаа “Манай хороо 15 мянга гаруй гишүүнтэй. 2020-2022 онд УЗХ-ноос  7039 төмөр замчинд нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрөө хүргэлээ. Уг хөтөлбөрт анхны тусламжийн болон хувь хүний харилцааны сургалтууд, хүнс, эд материалын туслалцаа үзүүлэх, донорын өдөрлөг зохион байгуулах эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах зэрэг үйлчилгээ багтдаг. Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын хөтөлбөрийн хүрээнд  гамшигт өртсөн иргэн, гэр бүлд тусламж олгох, аж ахуйн нэгж байгууллагуудад шинээр анхны тусламжийн нөхөрлөл, гамшигтай тэмцэх баг байгуулах, дулаан хувцас, хөнжил хүнс, амны хаалт, гар ариутгагчийн нөөц үүсгэх зэрэг ажлыг зохион байгуулсан. Харин хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн секторын харьяа 30 цэцэрлэгт тусгаарлах өрөө тохижуулж  өгч, “Хүмүүнлэг иргэн-Хөгжлийн ирээдүй” аянд 26 цэцэрлэгийн 5000 гаруй багачуудыг хамруулаад байна. Бид гишүүдийн татвараар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өөрсдийн боломжоо ашиглан Япон, Австралийн Улаан загалмайн нийгэмлэгээс зарласан төслийн уралдаанд шалгарч, 2020 онд 35 сая, 2023 онд 28 сая төгрөгийн санхүүжилт авч үйл ажиллагаандаа зарцууллаа” хэмээн чуулганы үеэр ажлаа тайлагнасан юм. 

Чуулганд оролцогчид тайлантай танилцсаны дараа УЗХ-ны санхүүгийн тайланг шилэн болгох, анхан шатны нэгж хороодод илүү хүрч ажиллах, шинэ залуу төмөр замчдад хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл  өгч үйл ажиллагаагаа сурталчлах шаардлагатай байгааг дурдав.

Үүний дараа УБТЗ-ын УЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож баталсан. Удирдах зөвлөлийн гишүүдээр УБТЗ ХНН-ийн дарга, УЗХ-ны тэргүүн Х.Хэрлэн, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Замын даргын зөвлөх, УЗХ-ны “Хүндэт тэргүүн” Р.Раш, Замын даргын ажлын албаны дарга Н.Сумьяадорж, Улаанбаатар татах хэсгийн дарга П.Энхмөнх, Зорчигчийн вагон депогийн  дарга Б.Юлхарсүрэн, Төв эмнэлэгийн дарга С.Еркегүл, Замын-Үүд өртөөний Д.Сугирбаатар, “Ган зам пресс”  төвийн дарга Ө.Батзориг, Сайншанд татах хэсгийн хүний нөөцийн тасгийн дарга, АШХ-ны нарийн бичгийн дарга О. Саранцэцэг нарыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.

Чуулганы үеэр МУЗН-ийн Үндэсний чуулганд төлөөлөгч сонгон, хүмүүнлэгийн  үйлсийг манлайлан ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсийг МУЗН-ийн шагналаар шагнасан. 2023 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо болох МУЗН-ийн Үндэсний чуулганы төлөөлөгчөөр  Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Төв эмнэлэгийн дарга С.Еркегүль нарыг сонгов.

Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжигч тэргүүний анхан шатны хороогоор Зорчигчийн вагон депогийн Анхан шатны хороо шалгарч нэг сая төгрөгөөр,  хоёрдугаар байранд Сайншанд татах хэсгийн УЗАШХ орж 800 мянган төгрөгөөр,  гуравдугаар байранд Замын-1 дүгээр ангийн УЗАШХ шалгарч 500 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа. “Тэргүүний Анхан шатны хорооны дарга”-аар Замын-2 дугаар ангийн дарга Д.Алтангэрэл, “Тэргүүний Анхан шатны хорооны нарийн бичгийн дарга”-аар Зүүнхараа зангилааны УЗАШХ-ны нарийн бичгийн дарга О.Бадамцэцэг, “Нигүүлсэл” мөнгөн медалиар Эрдэнэт өртөөний дарга Т.Доржжанцан, Замын VI ангийн хүний нөөцийн тасгийн дарга Г.Батсүрэн, Улаанбаатар Худалдааны төвийн бичиг хэргийн ажилтан Д. Агиймаа, “Мөнгөн шагнал”-аар Төв эмнэлэгийн дарга С. Еркегүл,  Сайншанд зангилааны цэцэрлэгийн эрхлэгч Р. Бадамханд нарыг шагнаж урамшуулав. Шагналыг  Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд, Замын даргын Зөвлөх Р.Раш, УЗХ-ны дарга Т. Цэндмаа нар гардуулан өглөө.