УБТЗ 2024 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 24.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 662.8 мянган тонноор илүү байна. Мөн хугацаанд 17.8 сая тонн ачаа ачсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 184.3 мянган тонноор илүү байна.

Өнгөрсөн долоо хоногт тээсэн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орон нутгийн ачаа 34.3 мянган тонноор, экспорт 65.8 мянган тонноор, импорт 43.2 мянган тонноор илүү байна. Харин транзит 0.1 мянган тонноор ялимгүй буурсан үзүүлэлт гарчээ. Гэсэн ч оны эхнээс манай улсын нутгаар нийт 2453 галт тэрэг дамжин өнгөрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 галт тэргээр илүү байна.

Манай тээврийн хэмжээг өсгөхөд чухал үүрэгтэй хилийн өртөөдийн өнгөрсөн долоо хоногийн галт тэрэг солилцоог авч үзвэл, Замын-Үүд Эрээн өртөөний өргөн царигаар хоногт дунджаар 15.4 галт тэрэг 698.3 вагон өгсөн бол 15.8 галт тэрэг 727.6 вагон авчээ. Өнгөрсөн долоо хоногт өргөн царигаар нийтдээ 111 галт тэрэг хүлээн авч, 108 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн долоо хоногт тус өртөөдийн нарийн царигаар хоногт дунджаар 6.4 галт тэрэг 398.1 вагон өгсөн бол 6.3 галт тэрэг 331.8 вагон авсан байна. Тухайн долоо хоногт нарийн царигаар нийтдээ 44 галт тэрэг хүлээн авч, 45 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ялимгүй буурсан үзүүлэлттэй байна.

Наушки-Сүхбаатар өртөөгөөр хоногт дунджаар 6.8 галт тэрэг 318.4 вагон өгсөн бол 7.0 галт тэрэг 316.3 вагон хүлээж авчээ. Тухайн долоо хоногт тус өртөөдөөр 49 галт тэрэг хүлээн авч, 48 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ялимгүй буурчээ.

Хүйтний улирал эхэлж байгаа үед дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэхэд УБТЗ-ын зүгээс онцгой анхаарч байна. Өнөөдрийн байдлаар ДЦС-2 38, ДЦС-3 22, ДЦС-4 25, Эрдэнэтийн ДЦС 34, Эрдэнэтийн УБҮ 45, Дарханы ДЦС 28, Амгалан ДЦС 34 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Эрчим хүчний нүүрсний тээвэрт УБТЗ-ын 1200 шахам вагон явж байна.

Өнгөрсөн долоо хоногт 32,333 зорчигч галт тэргээр үйлчлүүлсэн байна. Оны эхнээс өнөөдрийг хүртэл 1,694,297 зорчигч галт тэргээр аялжээ.

Зүүнхараа ачааны вагон депогийн хамт олон өнгөрсөн долоо хоногт депо засвараар 60 вагон зассан байна. Тус депогийн хамт олон 2024 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ их засвараар 12, депо засвараар 1570, урсгал засвараар 181 вагон засаад байна.

Энэ жилийн замын их засварын цонхны ажил амжилттай үргэлжилж байна. Энэ жил 44 км их засварын ажил хийхээс өнөөдрийн байдлаар 33 км замд их засвар хийгээд байна. Хонхор-Бумбат хоорондын 11 км замд их засварын ажил хийгдсэнээр замын их засварын ажил дуусна.