Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн Баасан гарагт ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А.Павловыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын үйл ажиллагаа, техникийн шинэчлэл, вагон, зүтгүүрийн паркын хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай болон ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, транзит тээврийн хэмжээг өсгөх, ОХУ-аас хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах боломжуудын талаар ярилцаж, Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замыг УБТЗ-ын үндсэн сүлжээтэй холбох, туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх зэрэг төмөр замын салбарт тулгамдаж буй олон талт асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд УБТЗ ХНН дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах, нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай тул ойрын хугацаанд хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, вагон эргэлтийг сайжруулах, ачаа тээврийн зохицуулалтыг оновчтой болгох шаардлагатай байгааг онцоллоо.
Мөн эдийн засаг, төсөв санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед ачаа тээврийн зохицуулалтыг сайжруулж, транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх замаар төмөр замын орлого, үр ашгийг өсгөх боломжийн талаар харилцан санал солилцлоо.
Түүнчлэн ОХУ-аас шатахууны татан авах үйл ажиллагаа, тээвэрлэлтийн зохицуулалтыг илүү сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэв.
Уулзалтын үеэр Оросын талаас УБТЗ-ын үйл ажиллагааг эдийн засгийн хувьд үр ашигтай болгож, үнэ тарифыг нэмэгдүүлэх тухай асуудлыг дахин дэвшүүлсэн бөгөөд тариф нэмэгдүүлэх нь араасаа ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг үүсгэх, улмаар төмөр замын үйл ажиллагаанд дорвитой ахиц гаргахгүй байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан онцоллоо. Тиймээс УБТЗ-ын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн тариф нэмэх арга замаар асуудлыг шийдэх бус, хоёр тал хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлж, санхүүжилтийн өөр эх үүсвэрийг судлах, нэгдсэн нэг шийдэлд хүрэх шаардлагатай байгааг хэллээ.
Мөн УБТЗ-ын үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй нийгмийн шинжтэй объектуудыг төрд буюу нийслэл болон орон нутгийн өмчид шилжүүлэх замаар төмөр замын зардлын ачааллыг бууруулж, үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх боломжийг нэмэгдүүлэх талаар мөн харилцан санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болох Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төсөл дуусах шатандаа орж байгаатай холбогдуулан тус замыг Эмээлт өртөөгөөр дамжуулан УБТЗ-ын гол замтай холбож, туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх, ачаа тээврийн үйл ажиллагааг жигдрүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ асуудлыг шийдвэрлэхэд ОХУ-ын тал болон “Оросын төмөр замууд” НХН-ийн зүгээс дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Засгийн газрын бодлого чиглэлийг дэмжин хамтран ажиллаж буйд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан талархал илэрхийллээ.
Одоогоор тус төслийн нийт гүйцэтгэл 70 орчим хувьд хүрээд байна. Тус төслийн цаашдын хэрэгжилт, тэр дундаа Эмээлт орчимд УБТЗ-ын үндсэн сүлжээтэй хэрхэн холбох асуудлаар талууд анхаарч ажиллах шаардлагатайг онцлоод, төмөр замыг нэгдсэн сүлжээтэй холбоход тулгамдаж буй зарим асуудлыг ОХУ-ын төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчдийн дараагийн шатны уулзалтуудаар үргэлжлүүлэн хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэх боломжтой гэдэгт санал нэгдлээ.
Иймд ирэх сард ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн форум зэрэг өндөр түвшний уулзалтуудын үеэр төмөр замын холболтод тулгамдаж буй зарим асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд ярилцсан асуудлыг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэв.
