Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг ахмадууддаа болон нийт төмөр замчдадаа өргөн дэвшүүлье!

УБТЗ-ын хамт олон түүхт ой, баяр наадмаа хөдөлмөр бүтээлийн бахдам амжилтуудаар угтаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Гэхдээ төмөр замчид бидний амжилт амар хялбар олдоогүй. Манай хамт олон УБТЗ-ын 74 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй хүндрэл бэрхшээлийг амжилттай даван туулж, өнөөдрийн амжилтад хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ зориулан байж хүрснийг онцлон хэлэхийг хүсэж байна.

Ковид цар тахлын хүндрэлийн үед манай тээврийн үзүүлэлтэд чухал үүрэгтэй Замын-Үүд – Эрээн боомтын галт тэрэг солилцоо хоногтоо 8 хүртлээ буурсны улмаас тээврийн орлого эрс багасаж, санхүүгийн эрсдэл нөмөрсөн хүнд үед Замын удирдлага болон манай төмөр замчид хамтаараа маш их хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд өнөөдөр Замын-Үүд –Эрээн боомтоор хоногтоо 15 галт тэрэг тогтмол солилцож байна.

2023 оны хоёрдугаар сард болсон Хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр Замын-Үүд - Эрээн боомтоор Хятадын талтай хоногт өргөн царигаар 15 галт тэрэг, нарийн царигаар 8 галт тэрэг солилцож байхаар тохиролцсон нь 2015 оноос хойш гарсан том ахиц дэвшил боллоо. Мөн дээрх зөвлөгөөнөөр Наушки-Сүхбаатарын боомтоор Оросын талтай хоногт 8 галт тэрэг солилцож байсныг 10 болгож нэмэгдүүлэхээр тохирлоо. Ингээд ч зогсохгүй ачаа тээврийн хэмжээ нэмэгдсэн үед Хятад болон Оросын талтай  тохирч зарим үед Замын-Үүд боомтоор 16-18 галт тэрэг, Сүхбаатар-Наушкийн боомтоор 10 галт тэрэг солилцож, түүхэн дээд амжилтуудаа шинэчлэн тогтоолоо.

Ийнхүү галт тэрэг солилцоо болон тээврийн хэмжээгээ нэмэгдүүлжчадсаны үр дүнд 2023 оны эхний хагас жилд 15,9 сая тонн ачаа тээвэрлэсэн үзүүлэлттэй байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 25,4 хувиар илүү байна. Тэрчлэн өнгөрсөн оны мөн үеэс ачилт 27,2 хувиар, ачаа эргэлт 38,2 хувиар тус тус илүү үзүүлэлттэй байна. Мөн зорчигч тээвэрлэлт өнгөрсөн оны мөн үеэс 5,9 хувиар, зорчигч эргэлт 29,8 хувиар илүү байна. Энэ бол манай нийт төмөр замчдын 24 цагийн тасралтгүй нөр их шаргуу хөдөлмөрийн үр дүн юм.

Өнгөрсөн жил гаруйхны хугацаанд УБТЗ-ын тээврийн тарифыг индексжүүлэх замаар тарифын алдагдлыг бууруулж, нийгэмлэгийн санхүүгийн чадавхыг сайжруулах шат дараатай арга хэмжээг Замын удирдлага холбогдох төр засгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн нь УБТЗ-ын үйлчилгээний үнэ тарифыг зах зээлийн зарчимд нь нийцүүлэхэд чиглэсэн томоохон шинэчлэлт өөрчлөлт болж чадлаа. Энэ чиглэлээр УБТЗ-ын зүгээс 2021-2025 оны дунд хугацааны тарифын бодлогыг боловсруулж, Монгол Улсын Засгийн Газрын зөвшөөрлөөр холбогдох яамд болон ШӨХТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр тарифын индексжүүлэлтийг нийтдээ таван удаа хийж, хэрэгжүүлсний үр дүнд нийгэмлэгийн тээврийн тарифын алдагдал багасаж, санхүүгийн чадавхад эерэг нөлөө үзүүлж эхлээд байна.

Мөн УБТЗ-ын санхүүгийн чадавхыг сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх өөр нэг чухал үйл явдал саяхан болж өнгөрлөө. 1990-ээд оны эхэн үед “УБТЗ” ХНН нь Монгол Улсын Сангийн яамаар дамжуулж Япон улсаас авсан Мон-П1, Мон-П2 зээлийн үлдэгдэл өр болох 83,7 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг  манай Засгийн газраас “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг өсгөх замаар хөрөнгө оруулалт хийх, улмаар ижил тэнцүү хэмжээгээр “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг өсгөх саналыг ОХУ-ын Засгийн газарт тавиад байсан билээ. Энэ асуудал саяхан шийдэгдэж, нийгэмлэг их хэмжээний өрөөс чөлөөлөгдөж, дүрмийн сан нь нэмэгдэхээр болсон нь УБТЗ-ын хөгжил шинэчлэлийг урагш ахиулах том алхам боллоо.

Замын удирдлага нийгэмлэгийн санхүүгийн чадавхад гарч байгаа нааштай өөрчлөлт, өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэмжээ, түүнээс олох ашиг орлого зэргийг  тооцож үзсэний үндсэн дээр 2023 оны долдугаар сарын 01-ний өдрөөс төмөр замчдынхаа цалин хөлсийг дунджаар 15 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ нь үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналттай уялдуулан төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах, ажилтнуудынхаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс УБТЗ-ын удирдлага цалин хөлсний системийн шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлж буйн эхний алхам юм. Цаашид цалин хөлсний системийн шинэчлэлээр дамжуулан төмөр замчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх болно.

УБТЗ-ын хамт олны ковид цар тахлын үед ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас Монголын ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгжийн гуравдугаарт эрэмбэлсэн нь манай төмөр замчдын хөдөлмөр, зүтгэлийг төр засаг, бизнес эрхлэгчид өндөр үнэлж байгааг харуулсан үйл явдал боллоо.

Төмөр замчдын маань яруу алдар мандан бадрах болтугай.

Та бүхэндээ дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадахыг хүсье.

 

   “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга                    Х.ХЭРЛЭН