2024 оны тавдугаар сарын 9. Зуны дунд сарын шинийн нэгэн. Төмөр замчид жил бүр “Мэргэжлийн баяр”-аа өргөн дэлгэр тэмдэглэдэг Хөлийн голын дэнжид хөх ногооны униар суунаглаж, дөнгөж цухуйсан нялх ногоон зүлгийн үнэр анхилна. Өглөөгүүр цаг агаар жиндүүхэн байсан хэдий ч аргагүй л зун цаг айлчлан ирснийг илтгэх мэт цүнхээл горхи хоржигнон урсаж, цаахантаа нь хос тогоруу далавчаа дэрвэлзүүлэн бүжиж харагдах нь сэтгэл баясгах ажгуу. Яг өдийд нам гүмхэн дүнсийж байдаг Хөлийн голын тохойд УБТЗ ХНН-ийн туг сүр жавхлантайгаар намирч, цэрэг эрсийн уухай, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн эгшиг цангинаж байлаа. Учир нь юу вэ гэвэл, УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойг тохиолдуулан ЦХОБА-ны бие бүрэлдэхүүн жил бүрийн гуравдугаар сарын 18-нд зохион байгуулдаг “Марш тактик”-ийн тэмцээнээ хойшлуулж, Эх орны дайны ялалтын баярын 79 жилийн өдрөөр хийхээр шийдвэрлэсэн нь энэ юм. Өглөөнөөс хойш ялалтын баярын үйл ажиллагаанд оролцож, дээр нь их хотын авто замын түгжрэлд саатсаар товлосон цагаасаа ийнхүү нэлээд хоцорч очиход дайчид хэдийн эхний шатны тэмцээнээ амжилттай зохион байгуулж, тэргүүн байрын төлөө өрсөлдөх шилдэг гурван баг үлдсэн байлаа.

            Тэд 10 км-ийн турш маршид гүйх замдаа галын аюулыг арилгах, усан дээгүүр тавьсан нарийнхан гүүрийг гатлах, өргөст тор, өндөр ханыг давах, гранат шидэж, хорт утаатай саадыг  туулах, эцэст нь гар буугаар 10 метрийн зайнд байрлах байг устгах гэхчлэн цэрэг эрсийн тулааны талбарт гүйцэтгэдэг есөн төрлийн даалгаврыг биелүүлэх ёстой аж. Ингэхдээ багийн хамгийн сүүлчийн хүн барианд орсон цагаар гүйцэтгэлийг тооцох учраас хэн нэгнийгээ орхилгүй багаараа ажиллах ёстой.

             Энэ удаагийн “Марш тактикийн тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээнд  ЦХОБА-ны багаас гадна Сүхбаатар, Дархан ЦХА-ийн хамтарсан баг, Зүүнхараа, Салхит, Улаанбаатар ЦХА-ийн багууд, Толгойт, Амгалан ЦХА-ийн хамтарсан баг, Удирдах газар, Эрдэнэт, Баянтүмэн цэрэгжүүлсэн хамгаалах салааны хамтарсан баг, Чойр, Сайншанд, Замын-Үүд ЦХА-ийн багууд гээд нийт  багийн 90 тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Тус тэмцээний нээлтэд УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Н.Энхцогт, ЦХОБА-ны дарга Ц.Ариунбат нарын албаны хүмүүс оролцов.

 

            Ц.Ариунбат:Манай алба хаагчид илүү сайн чадавхжих ёстой

 

            Энэ үеэр ЦХОБА-ны дарга Ц.Ариунбат “Өмнө нь 6 км замд таван хүний бүрэлдэхүүнтэйгээр хийдэг байсан марш тактикийн тэмцээнээ бид армийн нормын дагуу 10 км замд 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаагаараа онцлогтой юм. Энэ тэмцээн маань өргөн хүрээнд болж Замын удирдлага ч өндөр ач холбогдол өгч буйд баяртай байна. ЦХОБА-ны дайчдыг одоохондоо хүчний байгууллагын хэмжээнд дүйцүүлж үнэлэх боломжгүй. Манай алба хаагчид өнөөгийн эрх зүйнхээ хэмжээнд үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа. Цаашид шилдэг тамирчдаа хүчний байгууллагуудын дунд зохион байгуулдаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд оролцуулах зорилт тавьж байгаа. Миний бие тус албаны даргаар томилогдсоноосоо хойш алба хаагчдынхаа ажил мэргэжлийн бахархлыг нэмэгдүүлэх, үндсэн зорилгоо биелүүлэхээс нь гадна илүү чадавхжуулж, мэргэжлийн түвшинд ойртуулах зорилтыг тавьж ажилласан. Өнөөгийн нөхцөлд УБТЗ-аар тээвэрлэгдэж байгаа ачаа буух цэгтээ хүртэлх аяллын явцдаа манай алба хаагчдаар хамгаалуулж, очсоныхоо дараа хүчний байгууллагын хэмжээнд ажиллаж байгаа учраас бид илүү сайн бэлтгэгдсэн байх ёстой. Ингэж байж ажил үүргийн статусаа өөр түвшинд дэвшүүлэн тавих боломж бүрдэнэ” гэв.

Энэ удаагийн марш тактикийн тэмцээнд Улаанбаатар ЦХА-ийн Б.Цэрэндорж ахлагчтай баг тамирчид 51 минут, 44 секунд, 76 долийн амжилттайгаар тэргүүлж, Сайшанд ЦХА-ийн Б.Пүрэв-Очир ахлагчтай баг тамирчид 51 минут, 58 секунд, 23 долийн амжилттайгаар удаалсан бол гутгаар байрыг  Зүүнхараа ЦХА-ийн Э.Тулга ахлагчтай баг тамирчид 53 минут, 33 секунд, 19 долийн амжилтайгаар гутгаар байрыг эзэллээ.

Ташрамд дурдахад, тус албаны дайчид нийгэмлэгийн 75 жилийн босгон дээр хээрийн болон ажлын, ёслолын зориулалт бүхий хувцастай болжээ.  Мөн орчин цагийн харуул хамгаалалтын албаныхан ашигладаг “fort-17” маркийн гар бууг ашигладаг болсноос эхлээд ажлын таатай нөхцөл бүх талаараа хангагдсан байна. Тийм ч учраас тэмцээнд оролцож байгаа дайчин бүр сэтгэл хангалуун, ажил мэргэжлээрээ бахархаж байгаа нь илэрхий харагдаж байв.

 

Б.Дэлгэрхишиг