УБТЗ-ын хамт олон 2024 оны нэгдүгээр улиралд 8.1 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн ч 8.5 сая 45100 мянган тоннын гүйцэтгэлтэй буюу 105.5 хувийн биелэлттэй ажиллажээ. Үүнээс ачилт 6 сая 150 мянган тонн гүйцэтгэхээр төлөвлөснөөс 6 сая 214 мянга тонн, 1.1 сая тонн транзит ачаа тээвэрлэхээр төлөвлөснөөс 1.2 сая тонныг гүйцэтгэлтэй ажиллажээ. Түүнчлэн, 3.3 сая тонн орон нутгийн ачаа тээвэрлэхээр төлөвлөснөөс 3.4 сая тонныг тээвэрлэсэн аж. Тэр дундаас дулааны станцууд руу тээвэрлэдэг нүүрсний хэмжээ энэ онд өссөн байна. Тухайлбал, орон нутгийн нүүрсний тээвэр өмнөх оноос 124 мянга 500 тонноор өссөн аж. Мөн 800 мянган тонн өргөн хэрэглээний бараа болох инпортын ачааг тээвэрлэхээр төлөвлөснөөс 1.1 сая тонныг тээжээ. Энэ талаар Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Ариунболд “Бид ялангуяа улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой экспортын ачааг нэмэгдүүлэх чиглэлд өндөр ач холбогдол өгч 2.8 сая тонн тээвэрлэхээр төлөвлөсөн. Гэвч эхний улиралд 2.7 сая тонн буюу 95.8 хувийн гүйцэтгэлтэй гарлаа. Тиймээс бид үлдсэн хугацаанд жилийн төлөвлгөөгөө бүрэн биелүүлэхийн төлөө ажиллана” гэв.
