Улирч байгаа 2024 он төмөр замчид их зүйл хийсэн, их бүтээлийн он жил байлаа. Ажил хөдөлмөр өргөн фронтоор өрнөж, төмөр зам маань өнгө зүсээ утга агуулгаар нь багтаан гоёв. 32.4 сая тонн ачаа тээвэрлэсэн урьд, хожид байгаагүй амжилтын үзүүлэлт болж байна.
Нийт төмөр замчид, Хянан байцаах аппарат, ХАБЭА-н байцаагчид нүд цавчихгүй ажилласны үр дүнд осол аваарт шууд хүргэж болох ноцтой гологдол, зөрчлийн тоо буурав. Гадаадын төмөр замуудын жишгээр Экологийн хэлтэс байгуулсан нь орчин цагийн шаардлагад нийцсэн зохистой ажил боллоо.
45 км замд их засвар хийлээ. Жаргалсайхан даргатай ЗЗМС-ийн хамт олон, Замын ангиуд энэ зун, намар борви бохисхийхгүй хөдөлмөрлөв. Олон өртөө зөрлөгийн хүлээн авах, явуулах замын тоог олшруулж, ашигтай уртыг нэмэгдүүлэн тээх нэвтрүүлэх хүчин чадлаа дээшлүүлсэн байна.
ОХУ-ын Брянскийн заводод үйлдвэрлэсэн таван шинэ илчит тэргийг тээвэрт хүлээн авлаа. Зүүнбаянгаар дамжсан шинэ төмөр замуудын хүчин чадал бэхжиж байна. Тээвэр ч жигдрэх өнгөтэй. Ингэж Транс Монголын төмөр зам хөгжиж байна. Монгол инновацийн 80 жил уриан дор хуучнаар шинэ бүтээл, оновчтой санал, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх ажил эрч хүчээ дахин авав. Өртөө, вокзалуудын өнгө төрх, үйлчилгээ, соёл чанарын түвшин нүдэн дээр дээшилж байна. С.Л.Филлипов даргатай Зураг төслийн хэлтэс болон Их барилга, хөрөнгө оруулалтын алба, барилгачид сайн ажиллалаа.
Саяхан Улаанбаатар Төв буудлын зорчигчийн тавцангийн хонгилон гарцыг шинэчилж, ашиглалтад оруулсан нь олны талархлыг зүй ёсоор хүлээсэн сайхан ажил болов.
Замын захиргаа төмөр замчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, шагнал урамшууллын системийг боловсронгуй болгох талаар зохистой ажлуудыг шат дараалан авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна.
Замчин түмэндээ Хөдөлмөрийн баатар үйлдвэрийн хишиг олгохоор тогтсон нь олны урам зоригийг бадраасан сайхан үйл болж байна. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгж хувьцааны үнэд өөрчлөлт оруулах замаар нийгэмлэгийн капиталын хэмжээг шинэчлэн тогтоолоо. Ингэж төмөр зам бүхэлдээ санхүү эдийн засаг, материаллаг баазын хувьд өргөжин хөгжиж байна.
Ган зам зурайж, галт тэрэг жирийж байх болтугай!
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш