Улс орны хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшгийг богино хугацаанд даван туулж, эрдэнэт мал сүргээ авран хамгаалах, малчдад туслах хандивын аян “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэмжээнд өрнөж байна. Уг хандивын аянд УБТЗ-ын 16 мянган төмөр замчид нэгдсэнээс гадна тус нийгэмлэгийн 7 мянга гаруй ахмадууд нэгдээд байгаа юм.
Цаг агаарын хүндрэлийн улмаас монгол орны нийт нутгийн 80 орчим хувь зудын гамшигт нэрвэгдэж 668 мянган толгой мал хорогдож, эрдэнэт мал сүрэг, малчдад асар их гарз хохирол тохиолдоод байгаа бөгөөд цаашдаа байдал улам хүндэрч болзошгүй байгаа юм. Ийм хүнд цаг үеийг төр, хувийн хэвшил, хүн бүр хамтын хүчээр даван туулахыг “Улаанбаатар төмөр зам” уриалж, зудын гамшгийн эсрэг тэмцэхэд зориулж 500 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивласныг ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуянд гардуулж өглөө. Хүнд цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, халуун сэтгэлийн хандив тусламж үзүүлж байгаа УБТЗ-ын хамт олон, төмөр замчдад Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан талархал илгээснийг ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболдод гардуулж өглөө.
