УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд голлох үүрэгтэй оролцож, улс орны өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлсээр ирсэн өрнүүн түүхтэй байгууллага билээ. УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойн босгон дээр өнгөрсөн цаг хугацааны түүхээ эргэн харж Монгол Улсын төмөр замын салбарын ууган, том байгууллагын хувьд хөгжлийнхөө үзэл баримтлалыг шинэчилж эрхэм зорилго, алсын хараагаа тодорхойлж, үйл ажиллагаандаа баримтлах бизнесийн болон ёс зүйн зарчмуудаа шинэчлэн тогтоож ре-брэндинг хийх нь зөвхөн өөрийн байгууллагын хувьд биш улс орны хэмжээнд нөлөө үзүүлэхүйц чухал асуудал юм. Байгууллагын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулдаг олон улсын аргачлалын дагуу мандатын шинжилгээ хийж, УБТЗ ХНН-ийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс болон тээврийн бизнесийн үйл ажиллагаандаа мөрдөх зарчмуудын төслийг боловсруулснаа та бүхэнтэй хуваалцаж байна.
Алсын хараа
- Бид аюулгүй, чанартай, хүртээмжтэй үйлчилгээг үйлчлүүлэгчдэдээ үзүүлэх замаар тээврийн үр ашгийг дээшлүүлж улсынхаа хөгжлийг дэмжих хүч нь байна.
- Бид Ази-Европыг холбосон төмөр замын сүлжээний интеграцид нэгдсэн, улс хоорондын тээврийн нэг салаа урсгал нь байна.
- Бид өөрийн хүчирхэг тээврийн үйлчилгээний бүтэц болон өндөр чадамжтай хамт олныхоо ур чадварт суурилсан өрсөлдөх чадвартай байна.
Эрхэм зорилго
Улсынхаа эдийн засгийн эргэлтийг тэтгэгч үндэсний тээвэрлэгч нь байж Ази-Европын төмөр замын сүлжээний орон зайд өөрийн байр сууриа тэлж, тогтвортой хөгжлийн зарчмаар ажилтнууддаа болон үйлчлүүлэгчдэдээ хамтдаа өсөж дэвжих боломжийг бий болгоно.
Байгууллагын үнэт зүйлс
УБТЗ ХНН-ийн байгууллагын үнэт зүйлс буюу ажилтнууд бидний үйл ажиллагаандаа өдөр тутам мөрдөх зарчим нь дараах долоон агуулгаас бүрдэнэ. Үүнд:
- Хариуцлагатай: Ажил хэрэгч, зарчимч шаардлагатай, бодит, үнэн зөв мэдээлэлд үндэслэж шийдвэр гаргадаг, ажилтан бүрийн гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг /KPI/ тодорхойлсон байх, гүйцэтгэлийн байнгын хяналттай байх, ажилтан бүрийн үүрэг хариуцлагын хязгаар, эрх мэдлийн хүрээг тодорхойлсон байх гэсэн зарчмуудыг агуулна.
- Аюулгүй: Осол, гологдлын шалтгаан-үр дагаврыг зөв тодорхойлдог, эрсдлийг удирдах чадвартай, аюулгүй байдлыг хангахад бүх шатны удирдах ажилтнууд болон гүйцэтгэх ажилтнуудын оролцоог хангах гэсэн зарчмуудыг агуулна.
- Мэргэшсэн: Чанартай ба хурдтай гүйцэтгэлтэй, үргэлж шинийг сурахад тэмүүлдэг, мэдсэн, сурснаа бусадтайгаа хуваалцдаг байх гэсэн зарчмуудыг агуулна.
- Төлөвлөлттэй: Аливаа асуудалд цогц байдлаар системтэй, урьдчилан төлөвлөж ханддаг, удирдах үйл ажиллагаанд процессийн хандлагаар ханддаг, эдийн засгийн үр өгөөжөөр удирддаг байх гэсэн зарчмуудыг агуулна.
- Ёс зүйтэй: Үйл ажиллагаагаа шударга, ил тод байлгах, ажилтнуудаа болон харилцагч, үйлчлүүлэгч нараа хүндлэх, амжилт гаргасан ажилтнуудаа урамшуулах, идэвхжүүлэх, алдаа дутагдал гаргасан ажилтанд шийтгэлийг шударгаар ногдуулах, ажлын байранд болон ажлаас гадуур орчинд төмөр замчны нэр хүндийг эрхэмлэх, байгууллагынхаа эрх ашгийг хувийн эрх ашгаас дээр байлгах гэсэн зарчмуудыг агуулна.
- Санаачилгатай: Үргэлж шинэлэг арга хэлбэрийг ажилдаа эрэлхийлэх, шинийг санаачлах, бусдын шинэ санаачлагыг дэмжих, ажил хэрэгтэй холбоотойгоор доод шатны ажилтнуудаас гарсан санал, бодлыг хүндэтгэн сонсож заавал хариу өгөх, ач холбогдолтой санал, санаачилгыг нь дэмжиж ажил хэрэг болгох, урамшуулах, удирдах ажилтны манлайллыг үлгэрлэн үзүүлэх гэсэн зарчмуудыг агуулна.
- Туршлагатай: Бүх шатны удирдах ажилтнууд нь удирдах арга барилд суралцсан байх, гүйцэтгэлийн үнэлгээ зохиох ба үнэлэх чадвартай байх, ажил мэргэжлийн шатаар ахисан /мерит/ байх, гүйцэтгэх шатны ажилтнууд нь хариуцсан ажлаа аюулгүй чанартай гүйцэтгэх ур чадвар эзэмшсэн байх гэсэн зарчмуудыг агуулна.
Нийгэмлэгийн үнэт зүйлсийг нэгтгэн дүгнэж үзвэл ажилтнууд нь байгууллагын гол үнэт зүйл бөгөөд тэдний ур чадвар, сэтгэл хандлагаас тээврийн ажлын чанар, аюулгүй байдал хамаарах бөгөөд байгууллагынхаа “Эрхэм зорилго”, “Алсын хараа”-д хүрэхдээ “Хамт-ёст” гэсэн зарчмыг баримтлан ажиллах болно.
Бизнесийн зарчмууд
Эрхэм зорилго, алсын хараа болон үнэт зүйлс нь манай байгууллагын оршин тогтнох үндэс бөгөөд бид үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг баримтлан ажиллах болно. Үүнд:
- Аюулгүй байдал: Тээврийн процессийн болон хүний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, галын аюулгүй байдлыг баталгаатай хангах нь манай үйл ажиллагааны тэргүүн зорилт байх бөгөөд ажилтнууд, харилцагч, үйлчлүүлэгч зэрэг бүх түвшинд аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийг мөрдөх үүрэгтэй ба байгууллагын зүгээс аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд аюулгүй байдлын тогтолцоог бий болгохдоо эрсдэлд суурилсан, чанарын менежментийн зарчмуудыг баримтлан ажиллана.
- Эдийн засгийн үр ашиг: Байгууллагын хэмжээнд эдийн засгийн хувьд үр ашигтай л ажилд хөрөнгө оруулалт хийх, зардлыг оновчтой хэмжээнд барьж хэмнэх, орлогыг нэмэгдүүлэх санал санаачилгыг байнга гаргах, эдийн засгийн нэмүү өртгийг хамгийн их түвшинд барих гэсэн зарчмуудыг баримтлан ажиллана.
- Ажилтны эрх ашиг: Байгууллагын хамгийн үнэт зүйл болсон ажилтнуудын эрх ашгийг хууль, дүрэм, эрх зүйн орчны хүрээнд бүрэн хангахын төлөө удирдлагын бүх шатанд ажиллах, амжилт бүтээлийг нь шударгаар үнэлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь бүрэн хангах, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн дэмжлэг, туслалцааг үзүүлэх, ажилтнуудыг ажилдаа сэтгэлтэй ханддаг болгож төлөвшүүлэх, идэвхжүүлэх гэсэн зарчмуудыг баримтлан ажиллана.
- Шударга, ил тод байдал: Байгууллагын үнэт зүйлд тусгагдсан долоон зарчмыг мөрдөх, бүх шатанд үйл ажиллагаагаа ил тод, шударгаар явуулах, авлига, хууран мэхлэлтээс ангид байх, санхүүгийн ил тод байдлыг хангах гэсэн зарчмуудыг баримтлан ажиллана.
- Үйлчлүүлэгчид төвлөрөх: Хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хүсэлтийг хангах, тээврийн зах зээлийн судалгаа, үндэслэлтэй мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт, үйлчлүүлэгчийн ирээдүйн хүлээлтийг соргогоор мэдрэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг санаачлах гэсэн зарчмуудыг баримтлан ажиллана.
- Манлайлал: Байгууллагын эрхэм зорилго, алсын хараа-д хүрэхэд чиглэсэн нэгдсэн нэг зорилго, зорилтуудаа тодорхойлсон байх, энэ зорилгодоо хүрэх стратеги, бодлого, процессууд болон шаардлагатай нөөцүүдийг тодорхойлсон байх, бүх шатанд удирдах ажилтнуудын үүрэг хариуцлага, эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгосон байх, бүх шатанд ажилтнууд өөрийн ур чадвараа тогтмол хөгжүүлдэг байх гэсэн зарчмуудыг баримтлан ажиллана.
- Системийн ба процессийн хандлага: Байгууллагыг өөр хоорондоо харилцан уялдаатай олон процессуудын нийлбэр буюу нэг цогц систем гэж харах, аливаа асуудалд олон талаас нь том зураглалаар нь ажиглах чадвартай байх, удирдлагын бүх шатанд өдөр тутмын жижиг процессуудад биш стратегийн болон тактикйн гол түлхүүр процессууддаа илүү их анхаарал тавих, өөрийн хариуцсан процессийн гаралтын үр дүнг байнга сайжруулах гэсэн зарчмуудыг баримтлан ажиллана.
- Байнгын сайжруулалт: Тээврийн үйлчилгээний чанар болон аюулгүй байдлын түвшинг хэмжих тоон үзүүлэлтүүдээ удирдлагын түвшин бүрт тодорхойлсон байх, тэдгээр үзүүлэлтийг сар, улирал, жил тутам сайжруулахын төлөө төлөвлөлтөө хийдэг байх, бүх шатанд байгууллагын эдийн засгийн үр ашгийг байнга нэмэгдүүлэхийн төлөө ажиллах, эрсдэл болон гадна орчны өөрчлөлтөд шуурхай хандаж сайжруулалт хийх гэсэн зарчмуудыг баримтлан ажиллана.
- Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт: Үл тохирол буюу ажлын алдаа, доголдол, осол, гологдол гарах бүрт шалтгаан-үр дагаврын шинжилгээ хийж асуудлын анхдагч шалтгааныг олж байж шийдвэр гаргах, мэдээлэл болон өгөгдлийн үнэн бодитой эсэхийг хэд хэдэн эх сурвалжаас шалгаж баталгаажуулсны дараа шийдвэр гаргадаг байх, эрсдлийн тоон болон чанарын шинжилгээ хийх чадамж эзэмшсэн байх, техникийн аудит нэвтрүүлэх, асуудалд хувийн байр сууринаас биш объектив хандаж хэвших гэсэн зарчмуудыг баримтлана.
- Хамтын ажиллагаа: Байгууллагын бүх процесст оролцогч, сонирхогч талуудаа зөв тодорхойлсон байх, сонирхогч болон оролцогч талуудын санал хүсэлтийг нээлттэй сонсох, нийлүүлэгч нартай харилцан ашигтай байх нөхцлийг хангах, удирдлагын бүх түвшинд шийдвэр гаргахдаа ажилтнуудын санал, хүсэлтийг тусгахыг эрмэлзэх, аюул эрсдлийг илрүүлсэн бол ил тод, шуурхай мэдээлдэг дадал соёл төлөвшүүлэх, тээврийн ажлын чанар, аюулгүй байдлыг хангахад ажилтны оруулсан хувь нэмрийг хэмждэг байх, ажилтнууд хоорондоо мэдлэг, туршлагаа солилцох, асуудлаа нээлттэй хэлэлцдэг байх, удирдлагадаа уламжилж шийдвэрлүүлдэг байх, мэдээллийн урсгалын тэнцвэрийг хангах гэсэн зарчмуудыг баримтлан ажиллана.
- Нийгмийн хариуцлага: Монгол Улсын эдийн засгийн, нийгмийн хөгжилд онцгой чухал үүрэгтэй, хамгийн том ажил олгогч байгууллагын хувьд улс орны өмнө болон хувь нийлүүлэгч нарын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж дараах зарчмуудыг баримтлан ажиллах болно. Үүнд: байгаль экологи, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж эрчим хүчийг хэмнэх, зардал багатай техник, технологийг нэвтрүүлэх, ногоон эдийн засгийг дэмжих, судалгаа-шинжилгээ-инновацийг хөгжүүлэх, байгууллагын хөгжлийн стратеги, боломжийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийн халамж шаардлагатай хэсэгт үзүүлэх тусламж, хандивыг нэмэгдүүлэх гэсэн зарчмуудыг баримтлан ажиллана.
Та бүхэн энэхүү төслийн загвартай танилцан өөрийн үнэтэй зөвлөгөө, саналыг бидэнд ирүүлбэл талархалтайгаар хүлээн авах болно. Мөн үүгээр дамжуулан Замын удирдлагадаа тавих нэг асуудал бол нийгэмлэгийн 75 жилийн ойн босгон дээр байгууллагын логогоо шинэчлэх асуудал юм. Байгууллагын лого буюу таних тэмдэг нь хөгжлийнхөө явцад хувьсан өөрчлөгдөж байдаг зүйл бөгөөд өнөөгийн цаг үеийн шаардлагад одоогийн лого тэмдэг нь нийцэхгүй байгаа билээ.
О.Дэмбэрэлсүрэн /PhD/