“Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны 75 жилийн ойн мэндийг тус нийгэмлэгийн бахархам түүхийг бүтээсэн ахмад үе, тэдний алдар гавьяаг нэр төртэй залгамжлан авч яваа нийт төмөр замчдадаа өргөн дэвшүүлье.
“Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсан түүхэн үйл явдал нь манай улсад төмөр замын тээврийн салбар эрчимтэй хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол хөшүүрэг болсон юм. Төмөр зам дагаж шинэ үйлдвэр уурхай, хот, тосгон сүндэрлэн босож, аж төрөх ёсны шинэ хэв маяг, соёл бүрэлдэн төлөвшиж, улс орон хурдацтай хөгжиж ирсэн нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй салшгүй холбоотой.
Улс орныхоо хөгжилд манай төмөр замчид үнэлж баршгүй их хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах үүргээ 75 жилийн туршид нэр төртэй гүйцэтгэж ирсэн билээ. Улс орныхоо хөгжлийн хүчирхэг зүтгүүр болсон “Улаанбаатар төмөр зам” ХНН нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 75 жилийн хугацаанд нийтдээ 821.6 сая тонн ачаа, 148.8 сая зорчигч тээвэрлэж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулжээ.
Өнөөдөр “УБТЗ” ХНН нь Монгол Улсын тээврийн тэргүүлэх салбар болтлоо хөгжиж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмрээ оруулсаар байна. Монгол Улс 2023 онд бүх төрлийн тээврээр нийт 102.3 сая тонн ачаа тээвэрлэсний 32.4 сая тонныг нь “УБТЗ” ХНН дангаараа тээвэрлэсэн нь нийт ачаа тээврийн 31.6 хувийг эзэлж байна. Мөн өнгөрсөн онд Монгол Улсын төмөр замаар тээвэрлэсэн нийт ачаа тээврийн 92.3 хувийг “УБТЗ” ХНН дангаараа тээвэрлэсэн нь төмөр замын тээврийн салбарт тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгааг харуулж байна. Тус нийгэмлэгийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ өндөр үнэлж, сүүлийн зургаан жил дараалан Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгаруулсан юм.
“УБТЗ” ХНН нь өөрийн орны тээврийн салбарт жинтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй олон улсын тээвэр логистикийн сүлжээнд идэвхтэй оролцогч төмөр замуудын нэг болтлоо хөгжөөд байна. Ази-Европыг холбосон тус нийгэмлэгийн гол замаар дамжин өнгөрөх галт тэрэгний тоо жил бүр эрчимтэй нэмэгдэж, олон улсын төмөр замын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Тус нийгэмлэг нь “Олон улсын төмөр замын холбоо” /UIC/, “Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага” /ОСЖД/-ын нэр хүндтэй гишүүн төдийгүй олон улсын тээврийн байгууллагын “Алтан сүйх тэрэг” цом, “Евразийн тээврийн шилдэг байгууллага” өргөмжлөл зэрэг шагналаар шагнагдсан явдал нь тус нийгэмлэгийн нэр хүндийн баталгаа юм. Улс орны хөгжилд төмөр замын тээврийн гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байгаа өнөө үед “УБТЗ” ХНН төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
УБТЗ-ын хамт олон 2023 онд 32.4 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосноос гадна нэг ээлжиндээ ачиж буулгасан ачааны хэмжээ, хилийн өртөөдөөр солилцсон галт тэрэгний тоо, манай улсаар дамжин өнгөрсөн галт тэрэгний тоо гээд олон үзүүлэлтээр 75 жилийн түүхэндээ байгаагүй бахархам дээд амжилтуудыг тогтоолоо. Мөн хөрш орнуудын хилийн боомтоор солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, тээврийн тарифыг алдагдалгүй ашигтай болгох, шийдлээ олохгүй олон жил болсон их өрийг шийдэх зэрэг нийгэмлэгийн хөгжилд саад болж байсан олон асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж чадлаа. Тэрчлэн цалин хөлсний системийн шинэчлэлийг эхлүүлж, шагнал урамшууллын журмыг өөрчилж төмөр замчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлж, нийгмийн баталгааг нь хангах талаар анхааран ажиллаж байна.
“УБТЗ” ХНН-ийн 2030 он хүртэлх техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийн дагуу өртөө, зөрлөгүүдийг өргөтгөх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, суурь бүтцээ шинэчлэн сайжруулах, дохиолол холбооны шинэ систем нэвтрүүлэх зэрэг томоохон ажлууд амжилттай хэрэгжиж байна. 2030 он хүртэл гурван үе шаттай хэрэгжих энэхүү хөгжлийн хөтөлбөрийн үр дүнд УБТЗ-ын хүчин чадал нэмэгдэж, улс орныхоо хөгжилд оруулах хувь нэмэр улам өсөн нэмэгдэнэ.
“УБТЗ” ХНН нь цаашдаа ч Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрээ өсгөж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэх болно.
Төмөр замчдын яруу алдар бадартугай.
Ган зам зурайж, галт тэрэг хурдалж байх болтугай.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.ХЭРЛЭН