Улиран одож буй 2023 он Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн 74 жилийн түүхийг олон ололт амжилт, түүхэн шийдвэрүүдээр зузаатгав. “Ган зам” сонины редакцаас 2023 оны УБТЗ ХНН-ийн онцлох есөн үйл явдлыг нэрлэж байна.
1.УБТЗ ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэв
Энэ оны зургадугаар сарын 18-22-ны өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “УБТЗ” ХНН-ийн дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцээрт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев нар гарын үсэг зурсан билээ.
Уг хэлэлцээрээр “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нийтдээ 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх буюу талууд ижил тэнцүү 83.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Энэ хүрээнд УБТЗ ХНН Сангийн яамаар дамжуулж 1993, 1995 онуудад Япон улсаас авсан МонП-1, МонП-2 зээлийн хугацаа хэтэрсэн 83.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийн асуудлыг Монгол Улсын Засгийн газраас тус нийгэмлэгийн дүрмийн санг өсгөх замаар хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Харин Оросын талаас “Улаанбаатар төмөр зам” ХНН-т дүрмийн санг нэмэгдүүлэх хүрээнд таван зүтгүүр нийлүүлэхээр болсон юм. Ийнхүү дүрмийн санг нэмэгдүүлснээр нийгэмлэгийн өр төлбөрийн асуудал эцэслэгдэж, парк шинэчлэлт, зам засварт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн чадамж тэр хэрээр өсөж буй юм.
2.Тээврийн тарифыг индексжүүлэв
“УБТЗ” ХНН-ийн тээврийн тарифыг индексжүүлэх замаар тарифын алдагдлыг бууруулж, нийгэмлэгийн санхүүгийн чадавхыг сайжруулах шат дараатай арга хэмжээг Замын удирдлага холбогдох төр засгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн. Энэ нь “УБТЗ”-ын үйлчилгээний үнэ тарифыг зах зээлийн зарчимд нь нийцүүлэхэд чиглэсэн томоохон шинэчлэлт өөрчлөлт болж чадлаа. Энэ чиглэлээр “УБТЗ”-ын зүгээс 2021-2025 оны дунд хугацааны тарифын бодлогыг боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр холбогдох яамд болон ШӨХТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр тарифын индексжүүлэлтийг нийтдээ таван удаа хийж, хэрэгжүүлсний үр дүнд нийгэмлэгийн тээврийн алдагдал багасаж, санхүүгийн чадавхид эерэг үзүүлэлтүүд гарч эхэллээ.
3.Суурь бүтцийн шинэчлэл, хонгилон гарц
Энэ жил манай замчид Дулаан-Ерөө хоорондын замд болон Агуйт-Мааньт хоорондын замд нийт 14.7 км замд зам шинэчлэлийн ажил хийсэн байна.
Түүнчлэн, Дархан-Шарын гол хоорондын замд дунд засвар хийж, галт тэрэгний хурдыг 50 км/цагаас 70 км/цагт хүргэв. Мөн Салхит-Эрдэнэтийн хоорондын замд дунд засвар хийж, галт тэрэгний хурдыг 50 км/цагаас 60 км/цагт хүргэлээ.
Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ус зүйн тооцоогоор эрсдэлтэй цэгүүдэд үерийн ус өнгөрүүлэх долоон байгууламж барив.
Сүхбаатар-Дулаан хоорондын замын 29 дүгээр км-ийн харалдаа байрлах Орхон голын байгалийн горим өөрчлөгдсөний улмаас голын баруун эрэг идэгдэж, ГТХАБ-д эрсдэл үүсгэх хэмжээнд хүрсэн тул голын баруун салааг хааж, зүүн салаа руу чиглүүлэх 250 м далан барилаа. Түүнээс гадна Шарын гол дээгүүр 69.2 метр, Ногоонтолгой зөрлөгт 33.2 метрийн урттай гүүрийг барьж ашиглалтад оруулав. Ингэснээр хүнд жинтэй болон урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг шууд өнгөрөөх нөхцөл бүрдсэн юм.
Орон нутгийн захиалгаар Сүхбаатар–Дулаан хоорондын замын 25 дугаар км-т дунд оврын автомашин гаргах, Дархан-2–Шарын гол хоорондын замын 42 дугаар км-т жижиг оврын автомашин гаргах, мөн Эмээлт зөрлөгт 379 дүгээр км-т явган хүний болон автомашины хонгилон гарц барьж, суурь бүтцийн тээх нэвтрүүлэх чадамжийг сайжруулах, ГТХАБ-ыг найдвартай хангах олон талт ажлыг хийж гүйцэтгэв.
4. 32.1 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоов
УБТЗ-ын хамт олон 2023 онд ачаа тээврийн түүхэн дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо. Тухайлбал, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 32.1 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөт зорилтоо 106.8 хувиар биелүүлж байна. Тодруулбал, энэ оны эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр орон нутгаар 12.5 сая тонн, импортын 3.6 сая тонн, экспортын 11.0 сая тонн, мөн 5.0 сая тонн транзит ачаа тээвэрлэснийг шилжүүлсэн тонн/км-ээр авч үзвэл 19.5 сая тонн/км-ийн ажил гүйцэтгэлээ. 2023 онд тээвэрлэж буй нийт ачааны хэмжээг 2021 онтой харьцуулбал 102.9, 2022 онтой харьцуулбал 116 хувийн гүйцэтгэл ажээ. Мөн энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2.1 сая зорчигч тээвэрлэлээ.
5. Галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, түүхэн амжилтууд тогтоов
2023 оны хоёрдугаар сард болсон хөрш төмөр замуудын хилийн зөвлөгөөнөөр Замын-Үүд-Эрээн боомтоор Хятадын талтай хоногт өргөн царигаар 15, нарийн царигаар найман хос галт тэрэг солилцохоор тохиролцсон нь 2015 оноос хойш гарсан том дэвшил байв. Мөн Наушки-Сүхбаатар боомтоор Оросын талтай хоногт 10 хос галт тэрэг солилцож байхаар тохиролцсон юм.
Дээрх хэлэлцээрийн дагуу хойд, урд хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхээр бүхий л боломжийг авч хэрэгжүүллээ.Тухайлбал, Замын-Үүд-Эрээн боомтоор зургадугаар сарын 6-нд өргөн царигаар 18 хос галт тэрэг, нарийн царигаар есөн галт тэрэг солилцож түүхэн амжилт тогтоов. Мөн төмөр замчдын мэргэжлийн баяраар тус боомтын өргөн царигаар дахин 18 хос галт тэрэг солилцож түүхэн амжилтаа бататгасан билээ. Арванхоёрдугаар сарын 21-ний байдлаар Замын-Үүд-Эрээн боомтын өргөн царигийн галт тэрэг солилцоо дунджаар 14.64, нарийн царигийнх 7.30 хос галт тэрэг байна. Өнгөрсөн онд тус боомтын өргөн царигийн галт тэрэг солилцооны дундаж үзүүлэлт 11.29, нарийн царигийнх 6.+29 хос галт тэрэг байжээ.
Наймдугаар сарын 3-нд Сүхбаатар-Наушки өртөө хооронд 11 хос галт тэрэг солилцож түүхэн амжилт тогтоов. Үүнээс гадна долоон удаа 10 хос галт тэрэг солилцжээ. Энэ оны хойд хилийн боомтын галт тэрэг солилцоо дунджаар 7.4 хос галт тэрэгт хүрчээ. Түүнээс өмнөх жилүүдэд хойд хилийн боомтын галт тэрэг солилцоо 4.5 хос галт тэрэг байсан билээ.
6. Хоёр дахь шилэн кабелийг татлаа
Энэ жил манай холбоочид хойд хилээс урд хил хүртэл гол төмөр замын дагуу 221 км хоёрдогч шилэн кабелийн угсралт суурилуулалтын ажил хийснээр Сумангийн зоо – Авгын гол хооронд 14 км шилэн кабель үлдэж, төмөр замын дагуу 98.7 хувийг хоёрдогч шилэн кабельтай болголоо. Ингэснээр гадны компаниас шилэн кабелийн шөрмөс түрээсэлж, УБТЗ-аас зардал гардаг байсныг өөрийн кабелийн шөрмөсийг түрээслүүлж орлого олох нөхцөл бүрдээд байна. Үүний зэрэгцээ УБТЗ өөрийн хоёрдогч шилэн кабелтай болсноор галт тэрэгний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах систем болон бүх төрлийн дохиолол холбооны байгууламжууд нь үндсэн шилэн кабельд гэмтэл гарахад хоёрдогч шилэн кабель руу автоматаар дохионы тасалдалгүй шилжих нөхцөл бүрдсэнээс гадна цаашид бүх төрлийн сүлжээг нэвтрүүлэх болон эдийн засгийн нэмэлт орлого олох боломж бүрдэв.
7.Цалингийн системийг шинэчлэв
Тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтийн биелэлт, өсөн нэмэгдэж буй ачаа тээврийн хэмжээ, тарифын индексжүүлэлтийн үр дүнд сүүлийн арваад жил хүлээгдэж байсан цалин хөлсний системийн шинэчлэлийг энэ онд хийлээ.
Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлж, сарын үр дүнгээр олгох шагналын 10 функтыг үндсэн цалин руу шилжүүлж, тасралтгүй ажилласны нэмэгдлийг хоёр дахь жилээс эхлэн 11 дэх жилийг дуусталх хугацаанд жил тутам нэг хувь, 12 дахь жилээс 26 дахь жилийг дуусталх хугацаанд жил тутам 0.5 хувиар тооцон нэмэгдүүлж, 27 дахь жилээс эхлэн дээрх нэмэгдлийг тогтмол 17.5 хувиар олгохоор шийдвэрлэв. Уг цалин хөлсний системийн шинэчлэлийг долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн бөгөөд төмөр замчдын цалин хөлс дунджаар 15 хувиар нэмэгджээ.
8.Шагнал урамшууллыг нэмж, удаан жилийн нэмэгдэл олгодог болов
“УБТЗ” ХНН-ээс олгодог бүх мөнгөн шагналыг гурав дахин нэмэгдүүлж, тэмдгүүдийн загварыг шинэчлэн баталлаа. Тухайлбал, Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичихэд 3.0 сая, “Төмөр замчны алдар” хүндэт тэмдгийг дагалдах мөнгөн шагналыг 1.5 сая, “Тэргүүний төмөр замчин” тэмдгийг нэг сая, “Онц хөдөлгөөнчин” тэмдгийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр мөнгөн шагнал дагалдах, “Хүндэт үнэмлэх”-ийг 500 мянган төгрөг тус тус дагалдахаар болсон байна. УБТЗ-д тогтвор суурьшилтай ажилласны шагналыг шинээр бий болгожээ. Уг шагналыг УБТЗ ХНН-т таваас дээш жил ажилласан ажилтнуудад таван жил тутамд олгох бөгөөд 500 мянган төгрөгөөс 3.5 сая төгрөгийг ажилласан жилд нь харгалзан олгож байхаар шийдвэрлэсэн байна.
9. Төмөр замчдаас “Гавьяат тамирчин”, Дэлхийн аварга, ОУ-ын шүүгч төрсөн жил
“УБТЗ”-ын шагайн харвааны шигшээ багийн тамирчин, Зорчигч тээврийн албаны вагон хүлээн авах инженер, Монголын Шагайн холбооны дэд ерөнхийлөгч, Даяар дуурсагдах Дархан мэргэн, спортын мастер Б.Шинэнбаяр Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ. Ийнхүү Монгол Улсын Үндэсний шагайн харвааны 20 мянга гаруй шагайчдаас төрсөн анхны гавьяат нь төмөр замчдаас төрж, түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ.
Пауэрлифтингийн мастер ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд М1 ангиллын -74 кг-ийн жинд гурван төрөлтөөр оролцсон УБТЗ-ын Замын-Үүд ТҮГ-ын вагон үзэгч, спортын мастер Б.Батсайхан хэвтээ шахалтын төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо. Мөн тэрбээр, таталт, суултын төрөлд тус бүр мөнгөн медаль хүртэж, гурван төрөлтийн нийлбэр дүнгээр мөнгөн медалийн эзэн болсон юм.
Түүнчлэн, Зорчигч тээврийн төвийн явуулын тасалбарын нярав, спортын мастер Ц.Цэрэнчимэг энэ жил Испани улсад зохион байгуулагдсан Бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр шүүгчийн шалгалт өгч ОУ-ын шүүгчийн эрхээ авсан юм. Ийнхүү “IFBB”-н олон улсын тэмцээнүүдийг төмөр замчин бүсгүй шүүх эрхтэй болсон байна. Үүнээс гадна төмөр замчдаас спортын салбарт цахиур хагалсан олон амжилтын эзэд байгааг дурдахад таатай байна.