УБТЗ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнгөрсөн Пүрэв гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркад зургаан ширхэг сандал бэлэглэж байршууллаа. УБТЗ-ын Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков санаачилж, Төв засварын үйлдвэрийн залуус Хүүхдийн паркад зориулан зургаан сандал үйлдвэрлэсэн байна. Эдгээр сандлыг Төв засварын үйлдвэрийнхэн өөрсдөө зураг, загвар дизайныг нь гарган нэг ширхэгийг 700 орчим мянган төгрөгөнд багтаан үйлдвэрлэжээ. Эдгээр сандлыг тус хүрээлэнгийн удирдлагуудад УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Төв засварын үйлдвэрийн дарга Д.Ариунбаатар нарын хүмүүс хүлээлгэн өглөө. Хүрээлэнгийн удирдлагууд “Манай хүрээлэнд маш хэрэгцээтэй зүйлийг олж харж, ийм сайхан санаачилга гаргасан төмөр замчдадаа баярлалаа. Цаашид УБТЗ-ын өнөр хамт олонтой хамтарч олон үйл ажиллагааг зохион байгуулах бүрэн боломж бидэнд бий” хэмээсэн билээ. Тэд урласан сандлууд бат бөх, өнгө үзэмжтэй болсныг сайшаасан юм. УБТЗ бол Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллага. Тэр чинээгээрээ нийгмийн хариуцлага өндөртэй хамт олон. Дээрх үйл явдал нь УБТЗ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй олон ажлын нэг жишээ юм.
Ташрамд түүх сөхөхөд, 1960-аад оны эхээр Хүүхдийн паркыг анх байгуулагдахад Улаанбаатар зүтгүүрийн депогийн Токарийн цехийн гагнуурчин, ХЗЭ-ийн гишүүн Д.Пүрэвжаваар ахлуулсан залуусын баг 4-5 км төмөр хашааг зунжин барьж, намар нь хүлээлгэн өгсөн түүхтэй билээ. Хоёр байгууллага эртний улбаатай хамтын ажиллагаагаа сэргээж, цаашид төмөр замчдын хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулах талаар ярилцсан юм.
