Арванхоёрдугаар сарын 5,6-нд "Менежмент ба стратеги төлөвлөлт" сэдэвт УБТЗ-ын Удирдах ажилтны зөвлөгөөнд замын удирдлага, бүх алба, хэлтэс, төв, нэгжийн дарга, хүний нөөцийн дарга, мэргэжилтнүүд оролцсон юм. Зөвлөгөөнөөр ХНН “УБТЗ” -ын 2024 оны зорилт, менежментийн тогтолцооны үр дүнг үнэлж дүгнэн хэлэлцлээ.
2020 онд УБТЗ-ын даргын тушаалаар нийгэмлэгийн ажил үйлчилгээнд олон улсын чанарын стандартууд буюу менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.
Уг тушаалын хүрээнд дөрвөн үе шат бүхий 37 заалттай төлөвлөгөөг 2021-2024 онуудад хэрэгжүүлэн ажиллаж, Менежментийн нэгдсэн тогтолцооны шаардлагыг хангах зорилгоор дотоодын болон гадаадын компаниудтай туршлага солилцон судалгаа, орчуулгын ажлуудыг хийж 13 төрлийн баримт бичгийг боловсруулан мөрдөж байна.
Дөрвөн жилийн хугацаанд менежментийн нэгдсэн тогтолцооны сургалт зөвлөгөөнийг УБТЗ-ын 86 нэгж байгууллагад зохион байгуулж 9875 ажилтнуудыг хамруулсан байна. Мөн 581 сургагч мэргэжилтэн, 257 дотоод аудитор бэлтгэсэн.
Өнгөрсөн хугацаанд стандартын мэдлэг, ойлголт, хэрэглээ, шаардлагыг хангаж буй түвшин нэмэгдэн сайжирч байгаа нь олон улсын тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх зорилгоор хийж буй ажлуудын үр дүн юм.
Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлж буй дөрвөн жилийн хугацаанд бусад салбар нэгжүүдээ тэргүүлсэн УБТЗ-ын 18 байгууллагад Стандарт хэмжил зүйн газраас аудит хийж үйл ажиллагаа нь стандартын шаардлагад нийцэж буйг дүгнэн олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллагын гэрчилгээг гардуулаад байгаа юм.
Өнөөдрийн байдлаар стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа 61, баталгаажуулалтад бэлтгэж байгаа 18 байгууллага аж ахуйн нэгж байна.
