Энэ онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдсэн дүнтэй байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар 28.2 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь хамгийн их ачаа тээж түүхэн амжилт тогтоосон 2021 оны мөн үетэй харьцуулахад 1.8 сая тонноор давсан үзүүлэлт юм.
Энэ нь УБТЗ-ын зүгээс Замын-Үүд–Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн гэв.
Түүнчлэн, тус боомтоор энэ онд 15 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь “УБТЗ” ХНН-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх зорилт болох боомтын сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход анхааран ажиллаж байгаагийн илрэл билээ.