“Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А.Павлов УБТЗ-ын удирдлагуудтай уулзаж, Монгол Улсад зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын 25 дугаар хуралдаанаас тус нийгэмлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр талууд тохирсон талаар болон “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны бодлого, шийдвэрийг УБТЗ-ын удирдлага хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай ярилаа. УБТЗ-ын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгааг тэрээр өндөр үнэлж, олсон ололт амжилтаа улам бататгахыг хүсэв. Мөн тэрээр тээврийн тарифыг индексжүүлж, санхүүгийн алдагдлыг арилгах талаар УБТЗ-ын удирдлагын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлыг өндрөөр үнэлэв. “Оросын төмөр замууд“ НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд “Транс-Евразийн тээврийн олон улсын зохицуулах зөвлөл”-ийн дарга О.В.Белозёров “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тус зөвлөлийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, хамтын ажиллагаа, түншлэлийг өндрөөр үнэлэн “Евразийн тээврийн шилдэг байгууллага” өргөмжлөл олгосныг тэрээр “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнд гардуулж баяр хүргэлээ.
Дараа нь тэрээр УБТЗ-ын “Найрамдал” цэцэрлэг болон Политехник коллежийн сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А.Павловыг УБТЗ-ын удирдлагатай уулзаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэр УБТЗ-ын Ерөнхий хорооны орлогч дарга, Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат хамт байлцлаа.