Он дуусахад хэдхэн хоног үлджээ. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар 32.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс нэг сая гаруй тонноор илүү байна. Оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 33.4 сая тонн ачаа тээвэрлэж тээврийн шинэ дээд амжилт тогтоох боломжтой боллоо. Мөн өдрийн байдлаар 23.6 сая тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үеэс 700 гаруй мянган тонноор илүү, хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 24.2 сая тонн ачилт хийж, шинэ дээд амжилт тогтоох нь тодорхой болжээ. Буулгалт ч ялгаагүй 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 317900 вагон буулгаж, 2023 онд тогтоосон дээд амжилтаа шинэчлэн тогтоох боломжтой болоод байна.
Түүнчлэн, Ази-Европын хооронд УБТЗ-ын гол замаар 2023 онд чингэлгийн 3033 галт тэрэг дамжин өнгөрсөн дээд амжилтыг энэ сарын 18-ны өдөр хүргэл чингэлгийн 3037 галт тэрэг аялуулж өмнөх оныхоо амжилтыг ахиулав. 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр чингэлгийн 3150 галт тэрэг аялуулах тооцоотой байна.