Тулегенов Алиби: Хятадын нутгаар дамжуулаад Монгол Казахстан хооронд төмөр замын коридор хөгжүүлэх асуудлыг ярилцсан
Казахстаны төмөр зам үндэсний компани ХК-ийн харьяа Нэгдсэн төлөвлөлтийн газрын дэд захирал Тулегенов Алибитэй ярилцлаа. Тэрбээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөнд оролцсон Казахстаны төмөр замын төлөөлөгчдийг ахалж ирсэн юм.
-Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотноо болж буй Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөний талаар та өөрийн сэтгэгдлээ хуваалцана уу?
-Энэ зөвлөгөөн оролцож байгаадаа баяртай байна. УБТЗ-аас энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байгаад талархалтай байна. Зөвлөгөөний талаарх сэтгэгдэл маш таатай байна. Зохион байгуулалт маш өндөр түвшинд байгааг зориуд дурдмаар байна. Олон улсын ачааны хэмжээ тохиролцох хуралд оролцохоор Монгол Улсад анх удаа ирж байна.
-Монгол Улсад анх хөл тавьсан үеийн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаж болох уу?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Анх удаа Монгол Улсад, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод анх удаа ирсэн сэтгэгдэл маш таатай байна.
-Манай уншигчдын дийлэнх нь төмөр замчид байдаг. Тиймээс Казахстаны төмөр замын талаарх мэдээлэл сонин байх болов уу. Та өөрийн төмөр замын талаар мэдээлэл өгнө үү?
-Дуртай яа, Казахстаны төмөр замын 120 жилийн ой 2024 онд тохиосон. Манай төмөр замын ашиглалтын урт 16000 км. Хуурай газрын хилээрээ ОХУ, БНХАУ, Киргизстан, Узбекстан, Туркменистан гэх таван улстай хиллэдэг. Мөн Каспийн тэнгист Актав, Курил гэсэн хоёр боомттой. Мөн хил холболтын 19 цэгтэй.
Казахстаны төмөр замд ойролцоогоор 100 мянга орчим хүн ажилладаг.
-Казахстаны төмөр замын салбарт төрийн болон хувийн хэвшлийн оролцоо ямар байдаг вэ?
-Төмөр замын суурь бүтэц улсдаа харьяалагддаг. Ачаа тээврийн чиглэлээр бол Үндэсний тээвэрлэгчээс гадна хувийн хэвшлийн хоёр компани бий. Хувийн хэвшлийн компаниуд зааж өгсөн хэсэглэл дээр өөрийн ачааг тээвэрлэдэг.
-Танай улсын төмөр замын салбарын хөгжил ачаа тээвэр, зорчигч тээврийнхээ аль чиглэлд түлхүү хөгжиж байгаа вэ?
-Манай төмөр замын хувьд хурдны төмөр зам биш учраас ачаа, зорчигч тээврийн салбарынхаа хөгжлийг адил авч үздэг. 2024 онд манай төмөр зам 300 сая тонн ачаа тээвэрлэсэн. Ачааны эргэлт цэвэр тонн жингээрээ 272 тэрбум тонн/км-ийн ажил гүйцэтгэж дээд амжилт тогтоосон.
Өнгөрсөн онд зорчигч тээврийн хувьд 16.7 тэрбум зорчигч/км-ийн ажил гүйцэтгэсэн байна.
-Казахстаны төмөр замын хөгжлийн бодлого, ойрын болон хэтийн зорилтын талаар товч мэдээлэл өгч болох уу?
-Одоогийн байдлаар, Казахстаны төмөр зам суурь бүтцийн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Достик-Моёнт гэдэг хэсэглэл дээр хоёр дахь гол замын төсөл хэрэгжиж дуусаж байгаа. Энэ бол БНХАУ-тай хиллэдэг хилийн бүс. Моёнтигаас Клизжар хүртэл ийм зангилаадыг хөгжүүлсэн тойрог маягийн төмөр замын төсөл хэрэгжиж байгаа. Энэ бол тэр хэсэглэлийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ нь Транс Казахстаны төмөр замын коридорын хэсэгт орж байгаа. Уг коридор нь Хятадтай хиллэдэг хилийн бүсээс Каспийн тэнгис хүртэлх цар хүрээг хамарч байгаа. Энд хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд авто хориглол болон нэвтрүүлэх чадвар сул хэсгүүдийг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч байна.
-Танай төмөр зам УБТЗ ХНН-тэй хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Энэ зөвлөгөөний хүрээнд УБТЗ ХНН, БНХАУ-ын төмөр зам, Казахстаны төмөр замын хамтарсан гурван талт уулзалт хийсэн. Энэ салбар хуралдаанаар Хятадын нутгаар дамжуулаад Монгол Казахстан хооронд төмөр замын коридор хөгжүүлэх асуудлын талаар ярилцсан.
Өнгөрсөн жилийн хувьд Казахстанаас Монгол руу чиглэсэн экспортын ачаа нэлээд явсан. Үүнд химийн болон хүнсний ачаа голлож байсан. Мөн нефтийн ачаа байсан.
Манай талаас ямар сонирхолтой байгаа вэ гэхээр хоёр улс хоорондын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Хэрэв Монголоос Казахстан руу ямар нэгэн экспортын ачааг илгээвэл бид хүлээж авахад бэлэн байгаа.
-Аль ч улс орны төмөр замын тээврийн салбарын хүчтэй өрсөлдөгч нь авто тээврийн салбар байдаг. Танай улсын хувьд төмөр зам, авто тээврийн салбарын өрсөлдөөн ямархуу байдаг вэ?
-Казахстаны газар нутаг өргөн уудам болохоор тээврийн салбарт төмөр замын тээвэр илүү жин дардаг. Манай төмөр замаар түүхий эдийн тээвэр нэлээд их хэмжээгээр явдаг. Гэхдээ сүүлийн үед ачааны авто тээвэр нэлээд эрчимтэй хөгжиж байгаа. Авто тээврийн ачаа эргэлтийн хэмжээ байнга өсөлттэй байдаг.
Ер нь, Хятад Европийг хоорондын ачаа тээврийн урсгал өсөлттэй байдаг.
-Бидний саналыг хүлээн авч манай уншигчдад цаг зав гаргасан танд маш их баярлалаа. Танд болон танай төмөр замын хамт олонд ажлын амжилт хүсье.
Б.Гүнжээ
