Зам засварын машинт станцын орлогч дарга Т.Пунцагаас зам засварын талаар цөөн асуултад хариулт авлаа. 

-Танай байгууллага он гарсаар ямар ажлуудыг хийгээд байна вэ?

-Дөрөвдүгээр сарын 18-наас замын дунд засварын ажлууд эхэллээ. Тодруулбал, эхний ээлжид Замын IV ангийн Сайншанд-Түшлэг хоорондын 10 км, мөн Замын III ангийн Алтганы гол-39 дүгээр зөрлөг хооронд 11 км замд дунд засвар хийж дууслаа. Тэгээд 16-наас буюу өнөөдөр Замын II ангийн хэсэглэл рүү орж 7.7 км замд дунд засварын ажил хийнэ. Харин зургадугаар сараас Замын I ангийн хэсэглэлд хийхээр төлөвлөсөн. Салхитын үе угсрах баазад Замын ангиудын урсгал засварт шаардлагатай төмөр бетон дэрэнд боолт суулгах, бэхжүүлэх ажил хийж байна. Өнөөгийн байдлаар 15 мянган дэрэнд боолт цутгасан. Одоо 6000 дэрэнд цутгачихвал урсгал засваруудад шаардлагатай бетон дэрүүд гүйцнэ. Их засварын цех маань Замын-Үүд-2-Шаргын-Овоо хооронд барьсан 14.2 км замд нарийн засварын ажлыг хийж байгаа. Энэ сардаа багтаан дуусгаад зургадугаар сараас Замын их засварын ажилдаа орохоор төлөвлөсөн.

Харин гүүр хоолойн бригад маань өртөө зөрлөгийн өргөтгөлийн төлөвлөгөөний дагуу Цайдам зөрлөгт гурван хоолой уртасгасан. Өнгөрсөн долоо хоногоос Олон-Овоо өртөөний тав, зургадугаар замын хооронд ус зайлуулах лотки барих ажилд шилжсэн. Энэ ажил тавдугаар сар дуустал үргэлжилнэ. Зургадугаар сараас Хангай зөрлөгт хоёр хоолой шинээр барина. Хоолойн хийцүүд нь ирчихсэн ажил эхлүүлэхэд бэлэн байгаа.

-Энэ жил хэдэн км замд их засвар хийхээр төлөвлөв?

-Агуйт-Мааньт хооронд 18.6 км, Дулаан-Ерөө хооронд 14 км замд их засвар хийхээр төлөвлөсөн. Үндсэндээ 34 орчим км замд их засвар хийнэ. Инженер техникийн ажилчид их засвар хийх замуудад хэмжилт судалгааны ажлуудаа хийсэн. Ажлын зураг технологийн процессоо боловсруулаад явж байна.

-Зүүнбаян-Хагни чиглэлийн төмөр замд танай оролцох ажил дууссан уу?

-Зүүнбаян-Хангийн замд манай ВПР, хопер вагонууд ажиллаж байгаа. Энэ ажил долдугаар сарын 20 хүртэл үргэлжлэхээр төлөвтэй байна.

-Өөр гаднын захиалгат ажил хийж байна уу?

-Энэ жил зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн өргөтгөлд 2.5 км төмөр зам барих шаардлагатай байгаа. 2.5 км замын үе хадаж өгөхөөс өнөөгийн байдлаар 2.2 км-ийг нь хадаад бэлэн болгосон. Захиалагч байгууллагаас нийлүүлэх модон дэр хангалтгүйгээс шалтгаалан энэ ажил хойшлоод байна. Модон дэр нь ирээд 300 метр замын үе хадчихвал өргөтгөлийн зам бэлэн болчихно.

-Техникүүдийн хувьд бэлэн байдлыг бүрэн хангасан уу. Мөн хүн хүчний хувьд ямар байгаа вэ?

-Техникүүдийн бэлтгэлийг зуун хувь хангасан. Замын ангиудын урсгал засварт ажиллаж байгаа. Хүн хүч одоогоор хангалттай. Харин замын их засвар эхэлсэн үед 102 замчин, механизатор нэмэгдлээр авах саналаа өгсөн.

 

М.Наранболд