Нүүр Цаг үе Төвийн хэсэглэл өвлийн тээвэрт бэлэн /II хэсэг/
Цаг үе

Төвийн хэсэглэл өвлийн тээвэрт бэлэн /II хэсэг/

G.Press 2 жилийн өмнө 58 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболдоор ахлуулсан үзлэгийн II комисс энэ сарын 23-25-нд Улаанбаатар зангилааны нийгмийн чиглэлийн салбар нэгжүүдийн өвлийн бэлтгэл ажилтай танилцаж, өмнөх үзлэгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа.

Энэ намрын үзлэгээр Замын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд үзлэгээр очсон салбар нэгжүүдийн удирдлага бүрт “Ажилтан нэг бүрийнхээ сайн зан чанарын судалгааг гаргаж, ажилчдаа дэмжиж ажиллаарай. Хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх нь чухал. Хамт олон ямар байх нь байгууллагын удирдлагаас шууд хамааралтай шүү” гэдгийг сануулж явлаа.

 

Хайр, талархал дүүрэн хүүхдийн ертөнц

 

Намрын үзлэгийн салхийг “хагалсан” Хүүхдийн секторын харьяа цэцэрлэгүүд болон сурагчдын дотуур байр өвөлжилтийн бэлтгэлийг чамбай базаажээ. Ер нь, төмөр замын аль ч цэцэрлэгээр хэдийд ч орсон хүүхдүүдийн инээд хөөр цалгиж, дуу хуур эгшиглэж, гэрэл гэгээ цацарч байдаг л даа. Үзлэг бүрийг багш, ажилчид өөрсдийн гараар урласан бүтээлтэй, анги танхимаа засаж, юмхнаар юм хийж, хийсэн бүтээлтэй, хэлэх үгтэй угтдаг. Тэдний хичээл зүтгэл, чин сэтгэлийн хариуд үзлэгийн комиссынхон чадах хэрээрээ хариу барьж, зайлшгүй шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг нь шийдвэрлэж, ажилд нь дэм болохыг хичээдэг. Үзлэг яг энэ зарчмаараа өрнөлөө.

Сүүлийн хэдэн жил яригдсан ч байрнаасаа хөдлөөгүй байсан “Ган зам” цэцэрлэгийн шинэ барилгын ажил эхэлжээ. Үзлэг очих үеэр гүйцэтгэгч барилгын компанийн ерөнхий инженер суурийн цутгалт эхлэхэд бэлтгэж буйгаа танилцуулав. Төлөвлөгөөгөөр ирэх оны намар шинэ хичээлийн жилээс өмнө “тууз хайчлах” юм байна. Гэхдээ манай талаас нийгэмлэгийн түүхт 75 жилийн ойгоор шинэ цэцэрлэгээ ашиглалтад хүлээж авах хүсэлт тавьсан бөгөөд барилгын компанийнхан ч боломжтой гэсэн хариуг өгчээ. Ийнхүү УБТЗ-ын хувьд хүүхдийн төлөө том бүтээн байгуулалт эхлүүлсэн сайхан мэдээг дуулгахад таатай байна.

Үүнээс гадна Амгалан дахь “Бамбарууш” цэцэрлэгийг халуун усны шугамд холбожээ. Олон жил хүлээлттэй байсан уг асуудал шийдэгдсэнд тус цэцэрлэгийн хамт олон туйлын баяртай байна. Байнгын халуун устай болсноор хүүхдийн эрүүл мэнд, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад ихээхэн дэмжлэг боллоо гэцгээн бүгд л талархлаа илэрхийлцгээв.

Хүүхдийн секторын дарга Л.Янжмаагийн танилцуулснаар секторын хэмжээнд 30 объект байдгаас 60 жилээс дээш насжилттай зургаа, 40-60 жилийн насжилттай мөн зургаа, 20-40 жилийн насжилттай 13, 0-20 жилийн насжилттай дөрвөн барилга байдаг аж. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгүүдийн барилга байшин элэгдэл хорогдол ихтэй. Гэхдээ цэцэрлэгүүдийн багш ажилчид урсгал засвар үйлчилгээг өөрсдийн нөөц бололцоогоор өдийг хүртэл хийж ирснийг секторын дарга дурдсан юм. Үзлэгийн комиссын дарга ч цэцэрлэгүүдийн багш ажилчид чин сэтгэлээсээ хичээн зүтгэж ажилладгийг сайшаагаад тэдний зүтгэлийг Замын захиргаа дэмжлэгээр хариулдаг болохыг дурдаж, ажлын амжилт хүслээ.

 

Сурагчдын дотуур байранд 15 айл амьдарсаар байх уу?

 

Сурагчдын дотуур байрны спорт заал, хувцас солих өрөө, хоолны заалыг засварлан ая тухтай, дулаан орчныг бүрдүүлжээ. Үзлэгийн комиссоос дотуур байрны хүүхдийн аюулгүй байдал, сурч хүмүүжих орчныг ая тухтай байдлыг хангахын төлөө багш ажилчдын хийж буй ажлуудтай танилцаад цаашид хүүхдүүдийг амьдарч байгаа орчныхоо цэвэрлэгээ үйлчилгээнд зохих хувиар хамруулж, аливаад өөриймсөг сэтгэлээр хандах зөв хандлага, дадал хэвшлийг суулгах нь хүмүүжлийн нэг арга хэлбэр болно гэдгийг зөвлөлөө.

Харин Сурагчдын дотуур байрны баруун хойд жигүүрт амьдарч буй Замын II ангийн ажилчид болон ахмадууд гэх 15 айлын асуудал энэ удаад үзлэгийн комиссын хараанд өртлөө. Дотуур байрны барилга 2004 оны дөрөвдүгээр сард Замын II ангийн балансаас Хүүхдийн секторт бүрэн шилжиж ирсэн хэрнэ тус байгууллагын ажилтан, ахмад настан гэх айлууд он удаан жилээр амьдарсаар байгаа аж. Ингэхдээ дотуур байрны галын гарцыг хаасан, хортон шавьж үүрлэсэн, мөөгөнцөр үүссэн, орц болон орчны цэвэрлэгээ үйлчилгээ хийдэггүй бохир заваан байгаа зөрчлүүд ЭМХХ-ийн эрүүл ахуйн улсын байцаагчийн хяналт шалгалтаар илэрсэн байна.

Түүнчлэн, дотуур байрны хашаанд айлууд автомашинаа олноор тавьдаг зэрэг нь хүүхдэд ээлтэй эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж ажиллахад хүндрэл учруулсаар байгаа аж.

Үзлэгийн комиссын гишүүн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Н.Мөнгөнхөлөг “Энэ айлуудын цахилгааны монтаж маш муудсан. Өмнө нь хоёр ч удаа галын эх үүсвэр гарсан. Гал гарах өндөр эрсдэлтэй байна” гэсэн дүгнэлт гарч байсныг энэ үеэр дурдав.

Үүгээр зогсохгүй хажуугийн орон сууцныхан ч “Эдгээр айл хогоо ил задгай хаяж, орчныг бохирдуулда”г хэмээн хэл ам байнга таталдгийг Хүүхдийн секторын удирдлага, дотуур байрны багш ажилчид хэлж байлаа.

Эцсийн эцэст энд айл амьдрах нь Хүүхэд хамгааллын бодлого, Хүүхдийн эрхийн конвенци, Сурагчдын дотуур байрны стандарт зэрэг олон хууль, дүрэм, журмыг зөрчиж байгаа аж.

Тиймээс үзлэгийн комиссоос ирэх хавар эдгээр айлд секторын баланстай байшинг суллаж өгөх мэдэгдлийг өгөх, энэ талаар Замын II ангид албан ёсоор мэдэгдэхийг үүрэг болголоо.

 

Өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө...

 

Замын даргын үзлэгийн комиссынхон Төв эмнэлэг дээр нэлээд цаг зарж ажилласан. Тус эмнэлгийн амбулаторийн дөрөвдүгээр давхарт их засвар хийснээр ая тухтай сайхан орчин бүрджээ. Гэвч энэ давхрын А хэсэгт засварын төсөв хүрээгүйн улмаас ажил зогссон байна. Тиймээс үзлэгийн комиссын дарга шаардлагатай 150 сая төгрөгийн санхүүжилтийг хийж засварыг бүрэн дуусгах үүрэг өглөө. Тус эмнэлгийн хувьд шинэ корпус барих төсөл яригдаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа. Үзлэгийн үеэр төслийнхөө талаар эмнэлгийн дарга С.Еркегүл танилцууллаа. Гэхдээ шинэ эмнэлгийн барилга баригдаж ашиглалтад ортол 3-4 жилийн зай бий. Тэр хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд эмнэлгийн тасгуудад засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлага тулгарсан байна. Ирэх онд Төв эмнэлэг магадлан итгэмжлэлээ сунгуулах тул Дотрын болон Хүүхдийн, Мэдрэлийн тасгуудад урсгал засварыг хийхээс аргагүй гэнэ. Төв эмнэлэг болон барилгын салбарынхан гэмтлийн актыг тогтоон засварын төсөв төлөвлөгөөг гарган хийх үүрэг өглөө.

Эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа, эмчилгээ оношилгооны хувьд ажил хэвийн явж байгаа ч цаашид төмөр замчдын өвчлөлд нөлөөлж буй хүчин зүйлсийн тандалт судалгааг хийж, түүндээ суурилж төмөр замчдыг өвдөхөөс нь урьдчилан сэргийлэх ажлыг хийж байх хүсэлтийг Замын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга А.Батболд эмч, мэргэжилтнүүдээс хүслээ. Тухайлбал, эрүүл амьдралын дадал хэвшил, зохистой хооллолт, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх дасгал зэрэг сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч байхыг хүслээ.

Мөн өнгөрсөн долдугаар сард тус эмнэлгийн харьяанд “Булагтай” сувилал шилжиж ирсэн. Уг сувиллын хувьд эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах, халаалт болон агааржуулалтын системийг шинэчлэн стандартад нийцүүлэх, эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг олон ажил хийх шаардлагатай байгаа талаар яригдлаа.

 

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлье

 

Үзлэгийн комиссын дарга “Замчин” спорт хорооныхонд “Төмөр замчдын дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаараач. Спортын уралдаан тэмцээн цөөн тооны идэвхтэй хүмүүсийн дунд өрнөөд өнгөрч байна. Гэтэл төмөр замчдын дунд хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдлээс үүдэлтэй өвчлөл их байна. Тиймээс эрүүл идэвхтэй амьдралын дадал хэвшилд төмөр замчдыг уриалаач. Мөн замчдын дунд нурууны өвчлөл их байна. Тэдэнд нуруугаа хамгаалах арга техникийг зааж сургах, архи тамхины хэрэглээний хор уршгийн талаар сургалт явуулах зэрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хийгээрэй” гэдэг хүсэлт тавьсан билээ.

Түүнчлэн тус хорооны дарга С.Ерөөлт үзлэгийн үеэр 16 мянган төмөр замчдад 1000 хүний багтаамжтай спорт комплекс зайлшгүй шаардагдаж байгааг дурдав. Замын орлогч дарга А.Батболд түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд спорт комплекс барих газрын судалгааг хийж танилцуулах үүрэг өгөв. 

Мөн “Замчин” спорт хорооныхон ирэх онд нийгэмлэгийн 75 жилийн ойн хүрээнд “Төмөр замчдын спорт, урлагийн VI их наадам”-ыг зохион байгуулах ажлаа эртнээс төлөвлөж байгаа аж.

 

Захиалгат үйлчилгээ нээж, зээлээр бараа борлуулахыг зохицуулах журам гаргахыг санал болгов

 

Үзлэгийн комиссоос “Сайн ажиллаж байгаа. Улам хичээгээрэй” гэх урмын үгээр шагнуулсан хамт олон бол Худалдааны албаныхан байлаа. Тус албаны удирдлагууд өнгөрсөн хугацаанд Замын хэмжээнд “Ган зам” сүлжээ дэлгүүрийн брендийг үүсгэх талаар хичээн ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгааг комиссын ахлагч зүй ёсоор үнэлсэн. Тус албаны хэмжээнд нийт 44 дэлгүүр байгаагаас 20 нь технологийн буюу ашгийн бус, 24 нь ашигтай ажилладаг дэлгүүр аж.

Цаашид алслагдсан, дэлгүүргүй зөрлөг, замын хэсгийн төмөр замчдад хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг нь захиалгаар хүргэх шинэ үйлчилгээг нэвтрүүлэх талаар судалгаа хийхийг санал болгов. Түүнчлэн, төмөр замчдын дэлгүүрээс зээлээр үйлчлүүлдэг байдлыг тодорхой журмаар зохицуулж, эргэн төлөлтийн хугацаа, зээлийн дээд хэмжээ зэргийг тогтоож өгөх нь зүйтэй гэж комиссынхон үзлээ.

Тус албаны харьяа салбаруудаас Сайншанд худалдааны төв алдагдалтай ажиллаж байгаа бол бусад нь ашигтай ажиллаж байна. Албаны хувьд 300 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаа ажээ.

 

ТЗДС-д хугацаатай үүрэг өглөө

 

Үзлэгийн комиссоос 70 жилийн ойтойгоо золгож буй ТЗДС-ийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа нуусангүй.

Учир нь, БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, ОУ-ын мэргэжлийн байгууллагатай хамтарч хийсэн үнэлгээгээр 61 сургуулиас ТЗДС 53-т жагссан нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэж үзжээ. Сургуулийн захиргааны зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй дахин үнэлгээ хийлгэнэ хэмээн тайлбарласан ч комиссын ахлагч тайлбарыг хүлээн авсангүй.

Сургуулийн захиргаанд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хий, багш нараа дэмжиж ажилла. Ер нь, ТЗДС-д удирдлага зохион байгуулалтын хомсдол бий болжээ хэмээн дүгнэсэн юм. Цаашлаад тус сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгад шинэчлэл хийх цаг нь болсон. Мөн дутуу багш нарыг яаралтай олж ажиллуулах шаардлагатай. Уг сургууль нь төмөр замын салбарын ирээдүйг тодорхойлох, цаашлаад суралцагчдын хувь заяаг шийддэг хариуцлагатай байгууллага шүү гэдгийг сануулсан юм.     

Тус сургуулийн хувьд багш нар дутагдалтайн улмаас зарим багш гурван хичээл орох зэргээр өндөр ачаалалтай ажилладаг байна. Ачаалал ихтэй багш нарт өөрсдийгөө хөгжүүлэх цаг зав ч хомс байдаг аж. Үзлэгийн комиссоос багш нарыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч, тэдний санал санаачилгыг дэмжиж ажиллахыг үүрэг болгосон юм. Дээр дурдсан шалтгааны улмаас хугацаатай үүрэг өгч энэ удаад үзлэгийн комиссоос гэрчилгээ олгохыг түр хойшлуулсан юм.

Политехник коллежийн хувьд 34 орон тоотойн 19 нь багш аж. Гэтэл 1060 оюутантай мөн л багш нарын ачаалал хэт их байгаа тухай яригдлаа. Жишээ нь, зүтгүүрийн 10 гаруй ангитай атал мэргэжлийн гурван багштай. Нэг багш гурван анги удирддаг гээд багш нарын орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа аж. Тус коллежийн хувьд шинэ төмөр замуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, багш нараа шинэ төмөр замын бүтээн байгуулалттай биечлэн танилцуулсан байна. Юутай ч төмөр замын боловсролын байгууллагуудын хувьд сургалтын хөтөлбөрийн агуулга, чанарт ахиц дэвшил гаргах нь хамгийн чухал гэсэн юм.

 

Барилгачид өвлийн бэлтгэлийг сайн хангажээ

 

БЗАҮ-ний ангийнхан энэ удаад боломжийн үнэлэлт авлаа. Тус ангийн Вакум цонхны цехийн хувьд түүхий эдээ Худалдан авалт борлуулалтын албаар дамжуулан тендерээр авдаг аж. Энэ нь зах зээлийн бусад өрсөлдөгчдөөс үнэтэй түүхий эдээр хангагддаг гэсэн үг. Тиймээс бүтээгдэхүүний үнийн хувьд гадагшаа өрсөлдөх боломж хомс, дотоодын захиалгат ажлыг хийдэг байна. Харин Төмөр бетон эдэлхүүний цехийн хувьд материалын хомсдолоос үүдэн хүчин чадлынхаа 85 хувийг ашигладаг аж. Хэрэв материалын хүлээгдэл гардаггүй бол тус цехийн бүтээгдэхүүн зах зээлд эрэлттэй, гаднаас олох орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой байдаг гэлээ.

Тус ангийн ЦТП-нүүд өвлийн бэлтгэлээ бүрэн хангасан, цэвэр цэмцгэр “жимбийж” байна билээ. Ангийн удирдлагын зүгээс ажилчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр аж ахуйгаа засаж тордох ажлыг чамгүй хийсэн нь нүднээ ил. Үзлэгийн комиссынхон сэтгэгдэл өндөр байлаа. Түүнчлэн, Амгалан дахь Худалдан авалт борлуулалтын албаны харьяа агуулахын хашаан дахь уурын зуухыг тэд өнгөрсөн хавар хүлээн авч, засаж тохижуулан үйл ажиллагааг нь жигдрүүлжээ. Комиссын гишүүд өмнөх үзлэгээс хойш өнгө зүс засаж, шал өөр орчин угтлаа хэмээн сайшаалаа.

Үзлэгийн үеэр төмөр замчид маань технологийн орон сууцанд амьдрахдаа хэт хүнийрхүү, бэлэнчлэх сэтгэлгээгээр хандах болсон нь барилгачдын ачааллыг хэд дахин хүндрүүлэх болжээ. Тиймээс Замын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга барилгынхныг салбар нэгжүүд,  төмөр замчидтай гурвалсан гэрээ хийж, технологийн орон сууцыг ашиглах журам гарга гэж зөвлөлөө.  

 

Туршлагаас нь суралцмаар газрууд байна шүү, цаана чинь

 

Тэмдэглэлийн эхэнд дурдсанчилан ажилчдынхаа сайн зан чанарын судалгаанд хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлсэн тэр хэрээрээ ажилдаа амжилт ахицтай яваа хэд хэдэн байгууллага байсныг зориуд дурдая. Ажлын байраа өөрсдийн нөөц боломжоор үлгэр жишээ тохижуулсан, эерэг уур амьсгал бүрдүүлсэн  Эрүүл мэндийн хяналтын хэлтсээр ороод гарахад гэмгүй санагдсан. Мөн Кейтеринг-Зочлох үйлчилгээний төвийнхний хувьд Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх чиглэлээр үлгэр дуурайлал болохуйц ажил хийсэн байна билээ. Түүнчлэн, тус төвийнхний шинэ бүтээгдэхүүнүүд үйлчлүүлэгчдийн эрэлтийг мэдэрсэн, амт чанартай, сонголт арвинтай байгааг үзлэгийн комиссынхон сайшаасан. Эдгээр байгууллагуудаас туршлага судалбал ч... гэж бодогдож байсан шүү.

 

 

Б.Гүнжинлхам

 

   

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.