Энэ сарын эхээр УБТЗ-ын төвийн хэсэглэлд явагдсан Замын даргын үзлэгийн дүнгийн хурал боллоо. Дүнгийн хуралд Замын дарга Х.Хэрлэн тэргүүтэй удирдлагууд болон Улаанбаатар,Толгойт зангилааны аж ахуйн нэгжүүдийн удирдлага төмөр замчид оролцлоо. Хаврын үзлэгт Улаанбаатар болон Толгойт зангилааны аж ахуйн нэгжүүд, төмөр замчид сайтар бэлтгэж, зуны тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний зорилтыг биелүүлэхэд бэлэн байна хэмээн үзлэгийн комисс дүгнэв.
Замын дарга Х.Хэрлэн, "Төвийн хэсэглэлд манай томоохон аж ахуйн нэгжүүд багтдаг тул нийгэмлэгийн дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхэд чухал үүрэгтэй ажилладаг. Тийм ч учраас төвийн хэсэглэл замын даргын хаврын үзлэгт сайн бэлдсэн явдалд Улаанбаатар, Толгойт зангилааны удирдлага, төмөр замчдад талархаж байгаагаа хэлье. УБТЗ-ын хамт олон энэ оны ажлын гараагаа амжилттай эхлүүлж, 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар нийгэмлэг нийт 11.9 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 739.9 мянган тонноор илүү байна. Мөн манай нийт тээврийн орлогын 40 шахам хувийг бүрдүүлдэг дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.1 хувиар өссөн байна. Эндээс харвал бид энэ зуны тээвэрлэлтийг амжилттай сайн зохион байгуулж, энэ оны эхний 4 сард олсон амжилтаа бататгаж чадвал 2025 оныхоо түүхэн дээд амжилтыг ахиулах бүрэн боломж байна гэж онцлон тэмдэглээд бүх шатны удирдах ажилтан, төмөр замчдад сахилга хариуцлагаа өндөржүүлж, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар сахиж ажиллах хэрэгтэй" хэмээн үүрэг болгосон юм. Мөн “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх” жилийн хүрээнд зохион байгуулах ажлаа эрчимжүүлэхийг даалгалаа.
Үзлэгийн дүнгийн хурлын дараа зарим төмөр замчдад шагнал гардуулж баяр хүргэв.
